М.Намунбайгал
“Famous men” цомгоороо хөгжмийн ертөнцөд хөл тавьж, арван жилийн турш намуухан аялгуу, сэтгэлд ойр үгсээрээ дэлхий дахинаа Монголын хөгжмийн урлагийг төлөөлж буй уран бүтээлч Magnolian буюу Б.Дөлгөөн нь 1991 оны дөрөвдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотноо төрсөн билээ. Тэгвэл энэ онд дэлхийн нөгөө өнцөгт алдарт The Neighbourhood хамтлагийн дуучин Жесси Разерфорд мөн төржээ. Тэгвэл “Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Чацуутан” буландаа амьд хөгжмийн урлаг дахь хотын анир чимээгүйн дурдатгал болсон нас чацуу алдартнууд болох Мagnolian болон Жесси Разерфорд нарыг онцолж байна.
Magnolian буюу монгол инди фолк хөгжимчин
The Neighbourhood-ийн дуу Калифорниагийн далайн эрэг дээрх бүрхэг тэнгэр, сэрүүн уур амьсгалыг санагдуулдаг бол Magnolian-ы дууны үг тэдгээр бүрхэг, жихүүдэс хүрэм өдрүүдэд хоргодох нөмөр, дулаан тэврэлт болох билээ. Тэрээр англи болон монгол хэл дээр уран бүтээлээ туурвидаг. “Famous Men”, “Slow Burn” гэсэн хоёр цомогтой бөгөөд энэ оны зургаадугаар сарын 26-нд “Supermarket Daydreams” нэрт шинэхэн цомгоо өлгийдөн аваад байна.
Уран бүтээлийн гараагаа эхэлсэн цагаас хойш Монголын хөгжмийн урлагийн салбарт шинэ салхийг оруулж буй түүний зөөлөн хоолой, энгийн боловч сэтгэл татам уран үгсээс бүтэх дуу нь толгой эргэм халуун өдрүүдийн араас агаар чийглэх шиврээ бороо мэт олны хөлд дарагдсан их хотын шуугианыг намжаах аж.
Тэрээр анх долоон настайгаасаа хөгжимд дурлаж, 12 настайдаа анхны гитараа авчээ. Анх гитар авхуулж байсан тухайгаа “Анх басс гитар авч өгөхийг гуйхад эхлээд гитар тоглож сур гээд банзан гитар авч өгч байсан. Ээжийн ажлын хүн надад гитар зааж өгөх болж нэг амралтын өдөр манайд ирж, үндсэн барилтын талыг зааж өгчхөөд "дараа ирэхэд сурчихсан байгаарай" гэж байсан. Түүнийг сурсны дараа дахиад хэдэн зүйл зааж өгөөд л дахин ирээгүй. Тэгээд л өөрөө оролдсоор байгаад сурчихсан. Анх мэргэжлийн хөгжимчин болж, энэ замаар явна гэж бодоогүй” гэжээ.
Magnolian бол Монголын хөгжмийн урлагийг дэлхийд таниулж яваа уран бүтээлчдийн дунд зүй ёсоор тооцогдох нэгэн юм. Түүний “The Bride and the Bachelor” дуу нь нэтфликсийн “Outer Banks” цувралын дуу болсон бол “Indigo”, “The Bride & the Bachelor”, “Geese”, “Rome”, “Famous Men”, and “Woods” зэрэг дуунууд нь Японы нэрт видео тоглоомын зохиолч, бүтээгч Хидео Кожимагийн "Death Stranding 2: On the Beach" тоглоомын албан ёсны дууны жагсаалтад багтсан билээ. Magnolian-ы хэд хэдэн дуу Осакагийн кино наадмаас “Шилдэг эмэгтэй дүр” шагналыг хүртсэн “Худалдагч охин” кинонд багтаж, үүнийг нь олж харсан Хидео Кожима Magnolian-тай хамтрах санал тавьжээ.
Түүнчлэн монгол кино урлагийг төлөөлөн Каннын олон улсын кино наадамд оролцсон найруулагч П.Золжаргалын “Баавгай болох сон” кинонд ч түүний дуу багтсан. Өнөөгийн монгол ахуйн дүр төрхийг харуулахдаа болж буй зүйлсийг тэр хэвээр нь, олон улсын үзэгчдийн сонирхлыг татахуйц харуулсан уг кино Magnolian-ы сэтгэл дулаацуулам, намуухан өнгө аястай дуунуудын уур амьсгалтай сайхан зохицдог.
Magnolian хөгжмийн урлагийн адил кино урлагийн ч мөн хорхойтон билээ. 2019 онд “Од ба гэгээ” кинонд гол дүр бүтээсэн нь Бусаны олон улсын кино наадмын дэлгэцнээ толилуулагдсан билээ. Түүнчлэн урлагийн түүхийн чиглэлээр бакалаврын зэргээ дүүргэсэн тэрээр Лос Анжелос хотноо кино зохиолч мэргэжлээр магистрын зэргээ дүүргэжээ.
Famous Men цомог дахь “Өвөлжөө” дуу бол уг цомог дахь ганц монгол хэл дээр бичигдсэн дуу. Хахир хүйтэн өвөл шиг сэтгэл дэх шаналал зовуурийн тухай эл дуу түүний бичсэн хамгийн анхны монгол дуу бөгөөд англи хэл дээрх дуунуудаа төдий л утга учир оноож, төгс байлгахыг хичээдэггүй ч, анхны монгол дуугаа хичээж бичиж байсан тухайгаа ярилцлагадаа хуваалцсан байдаг. Энэ тэргүүтэй түүний уран бүтээлүүд та бидний сонорыг мялааж, сэтгэлийг баясгасаар байна.
Бүрхэг тэнгэр доорх Калифорниа мужийн Жесси Разерфорд
Уйтгар ганцаардал, дурлал хайр, хүний сэтгэлийн зөрчлийг уянгын халил, уран яруу үгсээр чимэглэж, чамирхалгүй тэр хэвээр нь илэн далангүй, цөхрөл шаналалтай нь дүрсэлсэн The Neighbourhood хамтлагийн дуунуудыг хуучны хар цагаан кинотой зүйрлэж болох юм. Чухам энэ ганцаардал, цөхрөлийн меланхолик үгсийг The Neighbourhood хамтлагийн дуучин Жесси Разерфорд бичдэг. Тэрээр 1991 оны наймдугаар сарын 21-нд АНУ-ын Калифорниа мужид төрсөн бөгөөд багаасаа урлагт сонирхолтой байсан учир телевизийн нэвтрүүлэгт оролцох, сурталчилгаа, кинонд тоглох зэргээр олны анхаарлыг багагүй татаж байв. Тухайлбал, 1999 онд Холлмарк энтертайнментын зар сурталчилгаанд тоглож, 2002 онд олны хүртээл болсон “Life or Something Like It”, “Ted Bundy” зэрэг кинонд туслах дүрийг бүтээжээ.
12 настайдаа бөмбөр тоглож эхэлсэн Жесси Разерфорд өсвөр насандаа хэд хэдэн нутгийн хамтлагуудад бөмбөрчин, вокалист хийж, 2011 оны тавдугаар сарын 7-нд “Truth Hurts, Truth Heals” нэртэй анхны бие даасан микстейпээ гаргасан бөгөөд хожим нэгэн ярилцлагадаа “Миний өөрийгөө үнэлэх үнэлэмж бусдыг баясгах, хөгжөөхтэй шууд хамааралтай. Анх бөмбөр тоглож эхлээд л жүжиглэнэ гэдэг миний хийх зүйл биш байжээ гэдгийг ойлгосон”-оо хэлж байсан юм.
2011 онд Жесси Калифорниа нутгийн залуус болох Жереми Фридман, Зак Абелс, Майки Маргот, Брайан Саммис нартай хамтран альтернатив рок, инди поп төрлийн хөгжмийн нэрт төлөөлөл болсон The Neighbourhood хамтлагаа байгуулсан аж. Карьерынхаа эхний жилүүдэд тэд клип, зураг авалт, тайзны засал, цомгийн ковер зургуудаа зөвхөн хар, цагаан өнгөтэйгөөр шийдэж байсан нь өдгөө тэдний нэрийн хуудас болсон билээ.
Тус хамтлагийн сонсогчдын сонирхлыг татсан анхны дуу бол 2012 онд олны хүртээл болсон “Sweater Weather”. Намрын сэрүүн дэх далайн эрэг, дулаан тухтай цамц зэргийн бэлгэдэл болсон энэ дуу бүтсэн түүх нь дуунаасаа дутахааргүй сонирхолтой. 2011 онд хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээ олоогүй байх үед хамтлагийн гитарчин Зак Абелс гэртээ уйдаж суухдаа тоглосон ая нь “Sweater Weather” дууны эхний хэсэг байсан бөгөөд Жесси бөмбөрийн хэмнэл нэмж, үгийг бичжээ. Анх уг дууны эхлэл хэсгийн үг илүү үглэхэд тохиромжтой, хурдан хэмнэлтэй байсан ч өөрчлөн одоогийн хэлбэртэй болгосон ба үүнээс болоод хамтлаг дунд ширүүн маргаан гарсан тухай Жесси нэгэн ярилцлагадаа инээмсэглэн дурдсан нь бий.
Жесси Разерфордын дууны үгийг сонссон хэн бүхэнд амьдралын хүнд хэцүү тал, сэтгэл зүйн эмзэг байдал, ганцаардал, түгшүүр эрхгүй мэдрэгдэх нь бий. Тухайлбал, “Daddy Issues” бол The Neighbourhood хамтлагийн бас нэгэн томоохон амжилт гаргасан дуу юм. Сэтгэлтэй эмэгтэйнхээ гэр бүлийн асуудал, аавтайгаа харилцах харилцааг ойлгож байгаагаа илэрхийлэн эцэст нь өөрт нь ч ийм асуудал бий гэдгээ илчлэх уг дууны үг дуучны бага насны дурсамжаас урган гарсан гэхэд хилсдэхгүй. Жессигийн аав согтууруулах ундаанаас хамааралтай байсан учир түүнийг бага байхад ээж аав нь салж, дуучин эгч, ээжтэйгээ амьдардаг байжээ. Гэвч хожим аав нь өвдөж, удахгүй нас барах болсныг мэдэж, эргээд харилцаа тогтоосон бөгөөд The Neighbourhood хамтлаг дахь урлагийн гараагаа эхлүүлээд удаагүй түүний хувьд багахан ачаа болж байсан тухай тэрээр нэгэн ярилцлагадаа хуваалцсан билээ. Мөн тэрээр дуугаа бичихдээ эгчийнхээ тухай бодож байснаа дурдсан юм. Аав нь явахад түүний эгч том болж ухаан суусан байсан тул уг явдал түүнээс илүү эгчид нь нөлөөлсөн гэж боддог ажээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 135 (7877)