Өнөөдөр Эрдэнэтийг мэдэхгүй хүн байхгүй. Харин Эрдэнэт яаж үүсэн хөгжиж хөлжсөн тухай нарийн зүйлийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байж магад. Тэгвэл одоогоос 50 жилийн өмнө юу ч байгаагүй ногоон хөндийд өнөөдөр шөнийн тэнгэрийн одод газарт буусан мэт гэрэл чийдэн гялалзаж, үйлдвэр, үйлчилгээ, соёл боловсролын хаш цагаан барилгууд нь торгон дээр өрсөн сувд тана мэт ярайн харагдаж байна.
Эрдэнэтийн овооны ар хормойд уулын үйлдвэрийн оюу номин өнгөтэй сүрлэг барилгууд ярайн, цех тасгууд нь хүдэр боловсруулж зэс, молибдений баяжмалыг үйлдвэрлэн савлаж гадаадад гаргаж байна. Энэ бүхэн гэнэт нэг өдөр бий болчихоогүй. Хотын анхны хоёр даргыг Эрдэнэтэд ирэхэд ирээдүйн шинэ хот баригдах талбайд байрлуулсан том самбарт “Энд социалист Эрдэнэт хот сүндэрлэнэ” гэсэн үгийг орос хэл дээр бичсэн байжээ.
Энд түүхийн зарим хүрдийг сөхье. Манай улсын геологчид ЗХУ, Чехословакийн геологчидтой хамтран Эрдэнэтийн овоо, түүний орчин тойронд геологи хайгуулын ажил явуулж, зэс-молибдений асар их баялагтай болохыг илрүүлсэн нь 1972 он юм. Ах дүү орнуудын судалгаа шинжилгээний энэхүү материалд тулгуурлан 1973 оны хоёрдугаар сарын 20-нд Эрдэнэтийн овооны зэс-молибдений орд газрыг эзэмшихэд эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах тухай гэрээнд Монгол-Зөвлөлтийн засгийн газрууд гарын үсэг зуржээ. Мөн оны арваннэгдүгээр сарын 22-нд энэхүү ордыг хамтран эзэмших, уулын баяжуулах хамтарсан үйлдвэр байгуулах хэлэлцээрт хоёр улсын Засгийн газар гарын үсэг зурснаар хот байгуулах асуудалд хоёр тал санал нэгдсэн байна. Ийнхүү БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн “Эрдэнэт хот байгуулах тухай” 266 дугаар зарлиг 1975 онд арванхоёрдугаар сарын 11-нд гарч биеллээ олсон юм.
МАХН-ын Төв Хороо 1976 онд “Эрдэнэт үйлдвэрт боловсон хүчин бэлтгэх тухай”, 1977 онд “Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын үеийн бэлтгэлийг хангах тухай”, мөн онд “Эрдэнэт үйлдвэр болон хотын үйлдвэр аж, ахуйн газруудыг боловсон хүчнээр хангах тухай” зэрэг олон тогтоол гаргасан бол хивс, хүнсний комбинат, мод бэлтгэлийн аж ахуй, сүү ногооны сангийн аж ахуй зэрэг олон том объектыг барьж байгуулах асуудалд Зөвлөлтийн тал шийдвэртэй арга хэмжээ авчээ.
Алслагдсан онгон зэлүүд нутагт аж үйлдвэрийн төв, цахилгаан эрчим хүч, усны нөөц, төмөр зам, барилгын материал, уулын үйлдвэр, шинэ хотыг барьж байгуулахад асар их хөрөнгө, хүч, техник, материал шаардагдсан юм. Энэхүү том цогцолборын ерөнхий зураг төслийг ЗХУ-ын “Гипроцветмет” зураг төслийн институт хийсэн бөгөөд Эрдэнэтийн цогцолборыг барих ажлыг зангидан удирдсан хүн нь Зөвлөлтийн барилгын “Медьмолибденстрой” удирдах газрын дарга ОХУ-ын гавьяат барилгачин Анатолий Васильевич Чекашов юм.

Эрдэнэтийн бүтээн байгуулалт ид өрнөж байх үед Зөвлөлтийн 12 мянган ажилтан, 500 инженер, Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн иргэд анд нөхдийн хамт мөр зэрэгцэн хөдөлмөрлөж “Интернационал бригад”, “Найрамдал-дружба” экипаж зэрэг хамтын хөдөлмөрийн шинэ хэлбэр үүссэн түүхтэй. Эндээс улбаалан үйлдвэр, хотыг барьж байгуулах их ажлын талбараас шинэ хүн өсөн бойжиж, хөдөлмөрийн цоо шинэ хамт олон бүрэлдэн төлөвшиж, үндэсний боловсон хүчний бүхэл бүтэн арми бэлтгэгдсэн билээ.
ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Игнат Тропимович Новиков хэлэхдээ, “Зэс-молибдений аварга том комплексийг Эрдэнэтэд барих нэг жилийн хөрөнгө оруулалт нь Дархан хотыг бүрэн хэмжээгээр барьж дуусгах зардалтай тэнцэж байна” гэжээ.
Ю.Цэдэнбал Эрдэнэтийн засаг захиргаа, нийгэм улс төрийн ач холбогдлыг бүр эхнээс нь онцгой анхаарч, шаардлагатай бүхнээр тусалж ажиллахыг шаардаж, биелэлтийг хянаж эрчимжүүлдэг байлаа. Ю.Цэдэнбал 1975, 1978, 1979, 1983 онуудад Эрдэнэтэд ирж, барилгын явц, барилгачдын амьдрал ахуйтай танилцаж, уулын үйлдвэрийн ээлжүүдийг ашиглалтад өгөх ёслолын ажиллагаанд оролцож, Монгол-Зөвлөлтийн хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, сайн сайхныг ерөөж байсан нь хотын хөдөлмөрчдийн талархлыг хүлээж, сэтгэлийг сэргээж, шинэ амжилтад уриалан дуудаж байв. Барилга байгууламжийн үед сард хоёр удаа Ю.Цэдэнбал даргатай уулзаж ажил төрлөө шийдвэрлүүлж байсан талаар Зөвлөлтийн барилгын “Медьмолибденстрой” удирдах газрын дарга А.В Чекашов ярьсан байдаг.

БНМАУ, ЗХУ-ын нам, засгийн байнгын анхаарал халамж, Монгол-Зөвлөлтийн барилгачдын гар нийлсэн шаргуу хөдөлмөрийн үр дүнд 10 хүрэхгүй жилийн дотор зэс молибдений үйлдвэрүүдийн дотор Азид нэгд, дэлхийд эхний аравт орох том үйлдвэр, орчин үеийн том хот, хивс, хүнсний комбинат, дулааны цахилгаан станц, мод бэлтгэх аж ахуй, мод боловсруулах комбинат, сангийн аж ахуй зэрэг олон том газруудыг байгуулсан билээ.
Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд Эрдэнэтийн бүтээн байгуулалтаас төрж гарсан хөдөлмөрийн баатар 15, ардын болон гавьяат зүтгэлтэн 182, төрийн шагналтан долоо, эрдэмтэн доктор 118 хүн ажиллаж амьдарч хот орон, хамт олныхоо итгэл хүндэтгэлийг хүлээж үлгэр дуурайлал болж байсан сайхан баримт байна. Энэ гайхамшгийг бүтээхэд Монгол-Зөвлөлтийн 13 мянган барилгачин гурван ээлжээр өдөр шөнөгүй ажиллаж, эх орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан юм.
Өнөөдөр Эрдэнэт хот барилга байгууламжийн хэмжээ, далайц, байр сууриараа “Зууны манлай бүтээн байгуулалт”-аар тодорч, олон үндэстэн ястны төлөөллөөс бүрдсэн 130 шахам мянган хүн амтай, хүнд, хөнгөн үйлдвэр хосолсон, улсаас татац авдаггүй, “Сүхбаатарын одонт” аймаг болж хөгжин тэлсэн байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлсний 1.1 наяд нь АМНАТ-ын төлбөр юм. Мөн оны улсын хэмжээний ДНБ-ний долоон хувь, экспортын 8.7 хувь нь Эрдэнэт үйлдвэрт ноогдож байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2020 онд Монгол улсын баатар үйлдвэр болсон бөгөөд Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг үнэлж Ю.Цэдэнбалын 100 насны ойгоор нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түүний нэрэмжит болгосон юм.
“Оюутын орд” болон бусад
дагуул ордуудыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мэдэлд баталгаажуулснаар 50-60 жил ашиглах боломж Монголын ард түмэнд олдлоо. Эрдэнэт үйлдвэр төрөлх хотынхоо 50 жилийн ойд 10 тэрбум төгрөгийн хандив өргөн бусдыгаа хошуучилж байгааг дуулгахад таатай байна.
Өнөөдөр хагас зууны босгыг алхаж орсон Гандирсын хот-Эрдэнэт маань зуун зуунаар өргөжин тэлж хөгжих ирээдүй өмнө нь байна.
Аймгийн ИТХ-ын
анхны дарга,
Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан,
түүхийн ухааны доктор “PhD”, профессор
Баатарын МЯНГАНБАЯР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 135 (7877)