Д.Дарамбазар

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод дэлхийн чансааг тэргүүлэгч Аргентин болон Испани шалгарлаа. Аргентин Английг 2:1-ээр, Испани Францыг 2:0-ээр тус бүр буулган авснаар долдугаар сарын 19-нд Нью Жерси мужийн МетЛайф цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөхөөр болов. Дэлхийн аваргын шөвгийн дөрвийн сүүлийн тоглолт эхнээсээ л ширүүхэн уур амьсгалтай эхэлсэн бөгөөд олон алдаа гарч шүүгч шүглээ үлээсээр байв. Улмаар 37 дахь минутад тоглолтын эхний шар хуудсаар Английн тамирчин Эллиот Андерсон торгуулсан бол удалгүй Аргентинаас Лисандро Мартинез мөн шар хуудас авсан юм. Тоглолтын эхний үе аль аль талаас гоолгүй, хаалга чиглэсэн довтолгоо цөөтэйгөөр өндөрлөсөн юм. Харин тоглолтын хоёрдугаар үед цомоо хамгаалан оролцож буй Аргентин 55 дахь минутад Энтони Гордонд гоол алдан хожигдож эхэлсэн. Гэвч тоглолтын 85 дахь минутад Энцо Фернандес Лионель Мессигийн дамжуулалтыг гоол болгон тоог тэнцүүлж, улмаар нэмэлт цагт талбайд гарч ирсэн Лаутаро Мартинес ялалтын бөмбөгийг оруулснаар Аргентиныг дараалан хоёр дахь удаагаа дэлхийн аваргын финалд харахаар боллоо. Энэ тоглолтод 39 настай Лионель Месси шийдвэрлэх хоёр гоолын аль алинд нь оролцож, багаа дахин нэг удаа финалд хөтөлсөн амжилттай аваргын шатанд шалгарав. Харин Испани Францыг 2:0-ээр буулган авч, 2010 оноос хойш анх удаа дэлхийн аваргын шигшээ тоглолтод шалгарсан юм.

Reuters агентлаг Испанийн хагас хамгаалагч Родригийн тоглолтыг онцолж, туршлагатай хагас хамгаалагч тоглолтын хэмнэлийг бүрэн атгаж, залуу бүрэлдэхүүнээ удирдан финалд хүргэсэн гэж дүгнээд байна. Ийнхүү дэлхийн хөлбөмбөгийн хүчирхэг хоёр шигшээ багийн тулаан бодит болов. Нэг талд нь Лионель Месси тэргүүтэй дэлхийн аваргын цомоо хамгаалах Аргентин, нөгөө талд нь залуу од Ламин Ямалын манлайлал дор шинэ үеийн хүчирхэг бүрэлдэхүүнээ бүрдүүлсэн Испани аваргын төлөө өрсөлдөнө. Associated Press агентлагийн онцолсноор Аргентин энэ ДАШТ-д хамгийн олон буюу 19 гоол оруулсан бол Испани тэмцээний турш ердөө нэг л гоол алдсан нь шилдэг довтолгоо, шилдэг хамгаалалтын тулаан болох хүлээлтийг өндөрсгөж байна гэж онцолоод байна. 

Мөн энэ тоглолт нь хоёр үеийн бэлгэ тэмдгийн өрсөлдөөн гэдгээрээ онцлог. Домогт Лионель Мессигийн дэлхийн аваргын сүүлийн тэмцээн байж мэдэх энэ мөчид Испанийн 18 настай од Ламин Ямал дэлхийн хөлбөмбөгийн шинэ өнгийг тодорхойлж буй тоглогчдын нэг болоод байна. Тиймээс зөвхөн аваргын цомын төлөө бус, хөлбөмбөгийн нэгэн үеэс нөгөөд шилжих бэлгэдлийн тулаан болохыг олон улсын хэвлэлүүд ч онцолж байна.

Тоглолтын онцлох агшинууд: