Р.Оюун

Буриадын үндэсний өв соёл, хэл, зан заншлыг хадгалан хөгжүүлэх зорилготой олон улсын 16 дахь удаагийн “Алтаргана-2026” наадам энэ сарын 1-5-нд ОХУ-ын Буриад улсад болж Орос, Монгол, Хятад улсын 5000 орчим төлөөлөгч нэгэн дор чуулж наадамлалаа. Улаан-Үд хотноо болсон наадамд гурван улсын буриад түмэн төдийгүй эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, үндэсний спортын тамирчид, соёл урлагийн төлөөлөгчид оролцож, угсаатны өв соёлоо сурталчлан таниуллаа. Хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг “Алтаргана” наадам буриад ард түмний эх хэл, соёл, ёс заншлыг хадгалан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг хамгийн нэр хүндтэй олон улсын арга хэмжээний нэг болон хүрээгээ тэлсээр байна.

Энэ удаагийн наадам ОХУ-д зарласан “Ард түмний эв нэгдлийн жил”-ийн хүрээнд болж өнгөрснөөрөө онцлог боллоо. Наадмын нээлтэд Монгол Улсаас 1000 гаруй төлөөлөгч оролцсоны 200 орчим нь Дорнод аймгийг төлөөлжээ. Өнөөдөр Монгол Улсад 40 мянга гаруй буриад Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Өмнөговь аймагт аж төрж байна. 

ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Мишустин цахимаар мэндчилгээ дэвшүүлж “Алтаргана” наадам нь үндэс угсаа, шашин шүтлэгээс үл хамааран хүмүүсийг эв нэгдэл, харилцан ойлголцол, бүтээлч хамтын ажиллагаанд уриалан нэгтгэдэг онцгой арга хэмжээ болохыг онцолсон байна. Мөн ”Алтаргана” нь олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх чухал индэр юм. Энэ наадам залуу үед эх оронч үзэл, түүх, соёлоо эрхэмлэх ухамсрыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Урлаг, спортын энэ томоохон баяр Орос, Монгол, Хятадын ард түмнийг улам ойртуулж, хамтын хөгжил цэцэглэлтийн төлөөх нөхөрлөлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

"Алтаргана-2026" наадмыг нээж Бүгд Найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов “Ямар ч төрөлд хэн түрүүлэхээс үл хамааран эцсийн дүндээ буриад түмэн ялж байдаг. Манай олон үндэстэнтэй улс иргэдийнхээ хүчээр бат бөх оршдог. Харин “Алтаргана” бидний амьдралд өнгө нэмдэг баяр” хэмээн хэлжээ.

Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж наадмын үеэр "“Алтаргана” наадам нь найрсаг ард түмнүүдийн соёлын мөнхийн хэлхээ холбоог хадгалан хамгаалах хамгийн үр нөлөөтэй арга хэмжээний нэг. ”Алтаргана” бол зөвхөн урлаг, соёл, спортын баяр биш. Энэ бол буриад, монгол угсаатны болон найрсаг ард түмнүүдийн оюуны үнэт өв, ёс заншил, эх хэл, уламжлалыг хадгалан хамгаалах бодит үйл хэрэг юм. Эх хэл, соёл, түүхэн өвөө ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нь өнөө цагийн хамгийн чухал үүргийн нэг болохыг тэмдэглээд “Өв соёлоо хамгаална гэдэг асар их хариуцлага төдийгүй үе үеийг холбох хамгийн бат бөх хүч юм” гэсэн юм.

1996-2016 онд Агын Буриадын автономит тойргийн соёлын асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан Рыгзын Цырендоржиев 2000-аад оны эхээр буриад гэр урлах уламжлал бараг мартагдах шахсан байжээ. 2002 оны анхны олон улсын “Алтаргана”-г зохион байгуулахдаа бид буриад гэрийн үзлэг, уралдааныг хөтөлбөрт оруулсан. Үүний үр дүнд буриадууд уламжлалт гэрээ дахин барьж эхэлсэн. Өнөөдөр Буриад болон Агын тойрогт буриад ёс уламжлалын дагуу гэр урладаг чадварлаг урчууд бий болсон” хэмээн дурссан байна.

Эх сурвалж www.zms.mn