1937 оны долдугаар сарын 13-нд Монголын шинэ үеийн утга зохиолыг үүсгэн байгуулагчдын нэг Дашдоржийн Нацагдорж цэл залуугаараа таалал төгсжээ. Тэрээр 1906 оны арваннэгдүгээр сарын 6-нд төрсөн бөгөөд хийж бүтээх ид насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Зохиолчийн амьдралын сүүлийн жилүүд хавчлаг мөрдлөг дунд хүнд хэцүү байсан тухай найз нөхөд, хамтран зүтгэгчдийн нь олон дурсамж байдаг.
Д.Нацагдорж судлалын анхдагчдын нэг эрдэмтэн Б.Содном “Монголын ард түмний дур хүслийг булаасан Д.Нацагдорж хэдийгээр наснаас нөгчсөн боловч харин түүний бүтээсэн уран зохиол нь үеийн үед дурсагдан хадгалагдана” гэж бичсэн байдаг. Үнэхээр Д.Нацагдоржийн бүтээлүүд цаг хугацааны уртыг даван туулж, их зохиолч маань уран бүтээлээрээ бидний дунд амьдарсаар байгаа нь эрдэмтэн Б.Содномын бичсэн “...түүний бүтээсэн уран зохиол нь үеийн үед дурсагдан хадгалагдана” гэсэн дүгнэлтийг батлан харуулсаар байна.
Эх сурвалж: zms.mn