С.БАТТУЛГА

 

“Хөх торгон баадантай хөлийн хоёр асар

Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд

Еэвэн хээтэй зодгоо зууван болтол дугтралцах

Есөн давааны бөхчүүд наадмын цагаригт тэмцэлдлээ” гэх шүлгийн мөрүүд сэтгэлд бууж, нүдэнд харагдах үндэсний их баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Эрхий мэргэн харваачид, эрдэм төгс уяачид, эр бярт бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ. "Зууны мэдээ" сонины энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, аймгийн заан А.Баянмөнхийг урьж ярилцлаа.

 

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Балжинням аварга тэргүүтэй олон сайхан бөхчүүд танай нутгаас төрөн гарчээ. Өв соёл тээсэн энэ их айлд хөл тавьсан түүхээр тань яриагаа эхэлье.

-Би Наранбулаг сумандаа есдүгээр анги төгссөн. Сумандаа сурч байх үед Увс аймгийн Наранбулаг сумын харьяат аймгийн заан С.Банзрагч  гэж хүн манай сургуульд биеийн тамирын багшаар ажилдаг байсан юм. Багш маань  “Миний хүү барилд, чи бөх болж чадна” гэж урам өгч, бөхийн спортын анхны “А” үсгийг зааж өгсөн ачтан минь билээ. Есдүгээр ангиа төгсөөд Улаанбаатар хотод ирж Аварга дээд сургуульд элсэж бөхийн үндсэн бэлтгэлээ гүнзгийрүүлэн хийж, биеийн тамирын багш мэргэжлийг эзэмшсэн.

Мөн чөлөөт бөхөөр хичээллэдэг. 2017 онд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аваргад оролцсон удаатай. Удаагаар нь залуучуудын улсын аваргад 125 кг-ын жинд хоёр удаа хүрэл медаль хүртсэн.

-Таныг бөхийн удамтай гэж сонссон?

-Тийм ээ. Монгол Улсын аварга О.Балжинням аавтай минь ойрын төрөл.

-Энэ хугацаанд заалны барилдаанд тогтмол сайн барилдаж, сумын заан цолоо олон удаа баталлаа. Хамгийн урам зориг авсан сайхан барилдаанаасаа хуваалцаач?

-2017 онд Наранбулаг сумынхаа баяр наадамд аймгийн заан Б.Батбаян ахтай барилдаж, үзүүрлээд сумын харцага цол хүртэж байлаа. Тэр үед Аварга дээд сургуульд суралцаж байсан юм. Үеийнхнээсээ түрүүлж цол хүртсэн болохоор нэг алхам урагшилсан мэт сайхан мэдрэмж төрж байв. “Цол авах өдрийн чимэг, цолтой байх насны чимэг” гэдэг үг бий. Анхны цол хүний амьдралд мартагдашгүй дурсамж үлдээдэг юм билээ.

Цол авах сайхан авсан цолондоо дүүрэн барилдах бүр сайхан. Наранбулаг сумандаа хоёр, Улаангом суманд нэг түрүүлж, сумын наадмын гурван түрүүтэй манлай заан болсондоо баяртай байдаг.

Сар бүр зохион байгуулагддаг сумын заануудын барилдаанд одоогийн Хөвсгөл аймгийн арслан М.Баасанжавтай үлдэж нэг удаа үзүүрлэж, арав гаруй удаа шөвгөрч байсан. Мөн Алдарын цомд нэг түрүүлж, хоёр үзүүрлэж, нэг удаа гуравдугаар байранд орж байлаа. Алдарын цом өргөсөн бөхчүүдийг “Аймгийн цолтны эгнээнд орох дөхжээ” гэсэн бөхчүүдийн яриа байдаг. Тэр утгаараа 2023 онд түрүүлэхэд их урам зориг орж аймгийн наадамдаа сэтгэлзүй өндөр  барилдсан.

-Увс аймгийнхаа  99 жилийн ойн  баяр наадмаар урамтай сайхан барилдаж аймгийн заан цол хүртсэн. Тэр барилдааныхаа талаар хуваалцвал?

-Цол авахын өмнөх жилийн аймгийн наадмаар аймгийн арслан Д.Цэнд-Аюуш ахтай начны даваанд тунаж барилдаад өвдөг шороодож байсан юм. Тэр үед  аймгийн цол авч чадахгүй юм биш биз дээ гэж өөртөө эргэлзэж сэтгэлээр унасан. Гэхдээ ялж, ялагдах нь тамирчин хүн жам юм болохоор унах өдөр байхад давах нэг өдөр ирнэ хэмээн бэлтгэлээ сайн хийсэн.

Ийнхүү 2024 оны аймгийнхаа баяр наадамд улсын начин Ж.Алтансүх ахаар тав давж аймгийн начин боллоо. Зургаагийн даваанд аймгийн арслан Д.Цэнд-Аюуш ах  намайг амласан. “Өнгөрсөн жил өвдөг шороодсон энэ жил алдаагаа давтаж болохгүй” гэж өөрийгөө хурцалж  гараад аймгийн заан  цолны болзол хангасан. Санасандаа хүрсэн болоод ч тэр үү, тухайн үед сэтгэл их хөдөлсөн.

Долоогийн даваанд хоёр талын засуул дээрээсээ гараад тугныхаа өмнө дэвж байх үед “Энэ наадам хурдан дуусаасай л гэж бодож байлаа. Сайн арслангаар даваа ахиулж сайхан цолонд хүрсэн болохоор тэгсэн байх. Үзүүр түрүүнд Д.Урианхай ахтайгаа харгүй сайхан барилдаж өвддөг шороодсон доо.

-Барилдаж эхэлснээсээ хойш хэдэн зодог шуудаг элээв. Ихэнх бөхчүүд хадгалж байгаа харагддаг?

-Таван зодог шуудаг элээжээ. Би нэг эрэгтэй дүүтэй. Хэрэв барилдах сонирхолтой бол дүүдээ өгнө. Үгүй бол хадгалж байгаад үр хүүхдэдээ өвлүүлнэ гэж боддог.

-Монгол төрийн наадам эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Хэзээнээс бэлтгэлдээ гарах гэж байна. Бэлтгэл сургуулилтаа хаана, ямар багшийн удирдлага доор базааж байна?

-Долоо хоногийн зургаан өдөр бэлтгэлээ хийдэг. Хүчний бэлтгэлээ Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат хүндийн өргөлтийн ОУХМ М.Галсайхан багш дээрээ дөрөв дэх жилээ хийж байна. Харин Увс нуур дэвжээн дээрээ үндсэн бэлтгэлээ хийдэг. Нутгийн ах нарынхаа шаргуу, хичээнгүй, тууштай зан чанараар нь үлгэрлэж хүндэлж биширч, хамтдаа хөгжиж явдагтаа баярладаг. Манай Увс нуур бөхийн гал энэ жил зургаадугаар сарын 15-аас Ар гүнтэд байрладаг “Basu sport Complex” дээр бэлтгэлдээ гараад явж байна. Олон сарын бэлтгэлийнхээ үр дүнг мэдрэх өдөр ойртож байгаа тул догдлол дүүрэн байна. Бөх хүний бэлтгэл жигдхэн, сэтгэлзүй тайван байж л наадмын дэвжээнд төвлөрч чаддаг.

-Бөх хүний баримтлах хамгийн чухал зарчим юу вэ?

-Хүнээс үг сонсдог, алхам бүрдээ бодлоготой  байх хэрэгтэй. “Бөх хүн” гэх нэрийг сэвтээх үйлдлээс ямагт болгоомжилж явах ёстой. Тамирчин гэлтгүй хэн бүхэн  зөв хүн байх нь хамгийн чухал гэж боддог.

-Бэртэл гэмтэл болон бусад хүчин зүйлсээс шалтгаалж, тамирчин хүний зам үргэлж дардан байдаггүй шүү дээ. Таны хувьд шантарч байсан үе бий юу?

-Тамирчин хүний амьдрал их хэцүү. Байнга амжилттай явна гэж байхгүй. Бэртэж гэмтэхээс эхлээд, тогтсон ажил төрөл хийхгүй болохоор санхүүгийн хүндрэлтэй нүүр тулна гээд цөөнгүй бэрхшээл тулгардаг. 2023 онд аймгийн наадмын тавын даваанд өвдөг шороодсоноос хойш өөртөө их эргэлзэж эхэлсэн. Тэр жилийнхээ өвөл бааранд хамгаалагчаар ажиллаж байгаад, том машины жолооч болох шийдвэр гаргасан юм.

Тэгээд ээждээ “Би барилдахаа болилоо. Уул уурхайн компанид том тэрэгний жолооч болж мөнгөтэй больё” гэж хэлэхэд, “Заа миний хүү олон жил хөдөлмөрлөлөө. Одоо дахиад жаахан хичээгээд энэ жилийнхээ наадамд барилдчих. Тэр цагт  энэ асуудлыг дахиад ярилцъя” гэж хэлсэн юм. Ээжийнхээ тэр үгэнд их урам орж, бэлтгэлээ үргэлжлүүлж хийж эхэлсэн. Ээж маань намайг энэ цолонд хүргэсэн гэж бодож явдаг даа.

Мөн аав, ээж, гэр бүл, найз нөхөд, нутгийн ахан дүүс, “Эй Эл Жи Ти” ХХК, Увс нуур дэвжээний хамт олон болон намайг дэмждэг бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж, улсын цолтон болохын төлөө хичээх болно.

-Энэ жил бодсон төлөвлөсөн зүйл  их байгаа байх?

-Энэ жил бэлтгэл сайн байгаа. Аймагтаа очиж, аймгийн арслан цолонд хүрэх зорилготой. Мөн улсын баяр наадамд 1024 бөх барилдвал зодоглоно гэсэн бодолтой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 118 (7860)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn