Д.Дарамбазар

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат Аймгийн начин Б.Сундуйжав Улсын арслан Э.Оюунболдоор долоо давж заан цолны болзол хангалаа. 21 настай аймгийн начин Б.Сундуйжав энэ жилийн наадамд өндөр амжилттай барилдаж, дөрвийн даваанд улсын аварга О.Хангайг, тавын даваанд улсын заан Б.Серикийг, зургаагийн даваанд аймгийн арслан Н.Амгаланбаатарыг, долоогийн даваанд улсын арслан Э.Оюунболдыг тус тус давав. Аймгийн начин цолноос шууд улсын заан цолны болзол хангасан ховор амжилтын эзэн болж, энэ жилийн Үндэсний их баяр наадмын онцлох барилдаанчдын нэгээр тодроод байна.