1991 онд Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 70 жилийн ойг тэмдэглэсэн. 1972 он буюу арван есөн жилийн өмнөх таван дархан аваргатай наадмын барууны магнайд босч асан дархан аварга Д.Дамдин 1991 онд зүүний магнайг тэргүүлжээ. Харин баруун жигүүрийг дархан аварга Ж.Мөнхбат магнайлж, дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга Д.Цэрэнтогтох, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга С.Цэрэн, улсын аварга Д.Хадбаатар нар дагаж босч байсныг бөх сонирхогчид бахархан дурсдаг.
Энэ талаар спортын сэтгүүлч Ц.Галбадрах бичихдээ “Начны даваанд Данигай аварга аймгийн заан Ширмэнгийн Батхуягт, Мөөеө аварга аймгийн заан Хэнмэдэхийн Амраад, Цээеэ аварга улсын заан Д.Эрдэнэбатад тахим өгч наадмаа өндөрлөжээ. Харин дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар их шөвөгт шалгараад заан О.Балжинням, П.Сүхбат нарыг бараагүй. Сүүлийн гурван жилийн улсын наадам болоод “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн даншиг наадмын түрүүг “хамаад” байсан отгон дархан аварга Б.Бат-Эрдэнийг түүхт ойгоор баараггүй түрүүлнэ гэцгээж байсан түмэн олны таавар талаар болсон.
Энэ жил төрсөн долоон начны дунд Архангай аймгийн Булган сумын уугуул цэргийн арслан Д.Мөнх-Эрдэнэ багтсан байв. Хожмоо Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ нар улсын наадмын түрүүг тавантаа булаалдаж “Хоёр Эрдэнэ” гэгдэтлээ алдаршиж өндрөө авсан билээ. Үе тэнгийн луу жилтэн “Хоёр Эрдэнэ”-ийг зургаа, наймын даваанд цувуулан хаяснаар Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Пунцагийн Сүхбат далан жилийн ойн их баяр наадмын гол дуулианы эзэн болж түүхэнд үлджээ.
Мөнхүү, энэ жилийн наадмын нэгэн чимэг бол монгол түмний хайртай аварга Хадаа байсан. “Нарсанд” олон жилийг үдсэн үлэмжийн их хүчтэн зүлэг ногоон дэвжээн дээрээ эргэн гарч ирсэн нь хуарлан цэнгэлдэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлж, нүд, сормуусыг чийгтүүлж орхисон бөлгөө. Тавын даваанд цолоо дуудуулан дэвж буй дүр төрх нь олон сэтгэлийн хойморт барлагдан үлдсэн биз ээ.
Ардын хувьсгалын түүхэнд тодорсон аваргуудаас, тэр дундаа тавын таван дархан аварга тавын даваанд цолоо дуудуулсан хоёр наадмын нэгнийх нь түүх энэ” хэмээн бичжээ.
Эх сурвалж:zms.mn