Монголд  телевиз үүсэн байгуулагдсан өдрийг албан ёсоор 1967 оны есдүгээр сарын 27 гэж үзэж тэмдэглэдэг. Гэхдээ үүнээс өмнө хэдэн жил мэргэжилтэн бэлтгэх тоног төхөөрөмж гээд үе шаттай бэлтгэл ажлууд өрнөсөн түүхтэй.

Үндэсний их баяр наадмыг зурагтаар анх дамжуулсан нь 1967 оны долдугаар сарын 11 бөгөөд “Зууны нэг өдөр” булан энэ өдрийн талаарх түүхэн баримтыг толилуулж байна.  Тодруулбал, “Үнэн” сонины 1967 оны долдугаар сарын 9-ны дугаарт Зурагт радиогийн төвийн ерөнхий инженер А.Д.Алырщиков бичсэн өгүүлэлдээ “Монгол Ардын хувьсгалын 46 жилийн ойн баярын өдөр-долдугаар сарын 11-нд туршлагын нэвтрүүлэг хийж, энэ оны есдүгээр сард ашиглалтад өгөх нэмэгдэл үүрэг авч ажиллаж байна.  Зурагт радиогийн төвөөс Ардын хувьсгалын 46 жилийн ойн баяраар ажиллах цагийн хуваарийг дор сийрүүлье:

Долдугаар сарын 10-нд Дуурь бүжгийн театраас баярын хуралдааны ажиллагаа 18.00-19.00  завсарлага 19.00-19.15, концерт 19.15-20.45

Долдугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайгаас нэвтрүүлэг эхлэн явуулах 8.30-12.00

Төв цэнгэлдэх хүрээлэнгээс 15.00-20.00

Долдугаар сарын 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс 10.00-13.00, завсарлага 13.00-14.30.

Төв цэнгэлдэх хүрээлэнгээс 14.30-20.00 хүртэл тус тус нэвтрүүлэг явуулна.

Одоо төхөөрөмжийн угсралт амжилттай дуусаад тохируулга хийж байна. Зургадугаар сарын 15-нд Монголд анх удаа цацаргасан зурагт радиогийн цахилгаан соронзон долгионоор мөнхүү радио хүлээн авагчийн дэлгэц дээр шалгалтын хүснэгтийн зургийг гаргасан билээ. Хоёр өдрийн дараа мөн сарын 17-нд явуулын станцын тусламжтайгаар нэвтрүүлэг дамжуулахад нийслэл хотын оршин суугчдаар дүүрсэн хөл хөгжөөнтэй гудамж талбайнуудыг үзэгчид харцгаасан” гэж бичсэн нь 2017 онд хэвлэгдэн гарсан Зурагт радио Монголд буюу Монгол телевиз-1967 он: Түүхэн баримт, мэдээлэл номд тэмдэглэгдэн үлдсэн байна.

Эх сурвалж:zms.mn