Б.Нандин
АНУ-ын нийслэл Вашингтон хотын Nationals Park төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон мянган бейсболь сонирхогчид Монгол наадмын уур амьсгалаар нэгэн өдрийн тоглолтоо эхлүүллээ. Лхагва гарагт болсон Washington Nationals болон Houston Astros багуудын тоглолтын өмнөх хүндэтгэлийн нээлтийн бөмбөгийг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр шидэж, Монголын Үндэсний баярыг Америкийн спортын томоохон тайзнаа сурталчилсан онцлох үйл явдал болов.
Тоглолтын үеэр Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Nationals Park цэнгэлдэх хүрээлэнгийн төв дэлгэцээр "Happy Naadam, Сайхан наадаарай" гэсэн мэндчилгээ хүрч, эрийн гурван наадам, Монгол өв соёлыг олон мянган үзэгчдэд таниулсан юм. Мөн энэхүү үйл ажиллагаанд Вашингтон хот орчимд ажиллаж амьдарч буй монголчууд идэвхтэй оролцож, монгол төрийн далбаагаа барин олноор ирсэн байлаа.
Бэйсбол бол монгол наадамтай адил АНУ-ын үндэсний спортын бэлгэ тэмдэг бөгөөд жил бүр сая сая хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татдаг Major League Baseball (MLB) нь дэлхийн хамгийн нэр хүндтэй мэргэжлийн бейсболын лигийн нэг юм. Тиймээс хамгийн олон үзэгч үзэж сонирхдог спортын тоглолтын үеэр Монголын Үндэсний их баяр наадмыг АНУ-ын олон нийтэд сурталчлахын зэрэгцээ хоёр улсын иргэд хоорондын найрсаг харилцаа, соёлын солилцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан онцлох үйл явдал боллоо. Мөн жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр Вашингтон хотын төвд орших Конгрессийн ордон Монголын далбааны өнгөөр гэрэлтэн асч, Монголын үндэсний баяр наадамд мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай.