Р.Оюун
Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөл Оросын олимпын хорооны эрхийг албан ёсоор сэргээх шийдвэрээ энэ сарын 7-нд гаргалаа. Мөн 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдөр гаргасан Оросын тамирчдыг төвийг сахисан статустай оролцуулах, багийн спортын төрлүүдэд уралдаан тэмцээнд оролцохыг нь хориглох тухай зөвлөмж, шийдвэр, Оросын тамирчдаас авдаг байсан төвийг сахисан байдлын бүх шалгалтыг зогсоож, ОХУ-ын нутаг дэвсгэрт олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрээ цуцалсан байна. Олон улсын тавцанд эргэн ирж буй тамирчдыг Оросын Допингийн эсрэг агентлаг бүрэн сэргэх хүртэл Олон улсын сорилын агентлаг түр хугацаанд допингийн шинжилгээнд хамруулах ажиллагаа эрчимтэй үргэлжилж байгаа аж.
Энэ шийдвэр нь ОХУ-ын Спортын яам, Олимпын хорооноос тууштай хэрэгжүүлсэн хууль эрх зүй, дипломат ажиллагааны үр дүнд боломжтой болжээ. Спортын бүрэн бүтэн байдлыг сэргээх энэ үйл явцыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины даалгавраар хэрэгжүүлж байгааг эх сурвалж тэмдэглэв. Өнөөдрийн байдлаар олон улсын спортын 20 гаруй холбоо Оросын өсвөрийн тамирчдыг улсынхаа туг, төрийн дуулалтайгаар тэмцээнд оролцохыг зөвшөөрчээ. Үүнээс 10 холбоо нь насанд хүрэгчдийн тамирчдыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр оролцуулж байна. Оросын шигшээ баг энэ оны намар Сенегалд болох өсвөрийн олимпын наадамд өөрийн улсын туган дор оролцоно. Мөн 2028 онд АНУ-д зохион байгуулах зуны олимпын наадмын эрх авах тэмцээнүүд хүлээж байна.
Эх сурвалж www.zms.mn