Н.Даян

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК  70  жилийн ойгоо тэмдэглэж, баярын хурлаа хийлээ. Баярын хурлын нээлтэд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, авиа компаниудын төлөөлөл оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн ажлын амжилт гаргасан ажилтан, албан хаагчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнаж урамшууллаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "1956 оны долдугаар сарын 7-нд орон нутагт анхны нислэгээ үйлдэж эхэлсэн МИАТ өнөөдөр Монгол Улсын үндэсний агаарын тээврийн салбарыг манлайлагч компани болон хөгжиж,10 агаарын хөлгөөр олон улсын 14, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна. 70 жилийн хугацаанд нийт 25.7 сая зорчигчийг аюулгүй, найдвартай тээвэрлэж, дэлхийг 14.7 мянга гаруй удаа тойрохтой дүйцэх замыг туулсан нь Монголын иргэний нисэхийн салбарын хөгжил, хамт олны ур чадвар, хичээл зүтгэлийн тод илэрхийлэл юм" хэмээн онцлоод салбарын хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "МИАТ ТӨХК нь байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсыг дэлхийтэй холбох эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, улс орны эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн. Монгол Улсын төрийн далбааг тээвэрлэгч, эх орноо  дэлхийд сурталчилж байгаа үндэсний авиа компани. Сүүлийн жилүүдэд  засаглал, менежмент, үйлчилгээний чанар, нислэгийн аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, дэлхийн жишигт нийцсэн хөгжлийг тууштай бүтээж байгаа тус компанийн хамт олонд баярын мэнд хүргэе" гэсэн юм.

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн "Манай хамт олон өнгөрсөн хугацаанд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/ -ноос тавьж байгаа аюулгүй ажиллагааны болон газрын үйлчилгээний ISAGO шалгалтад 98-100 хувийн амжилт үзүүлж, олон улсын өндөр стандартыг хангаснаа албан ёсоор баталгаажуулсан. Төрийн өмчит компанийн хувьд улс орны нэн  хариуцлагатай, чухал үеүдэд тусгай үүргийн нислэг үйлдэж. 2020-2021 онд цар тахлын голомтоос, 2026 онд Ойрх Дорнодын дайны бүсээс өөрийн орны иргэдийг авчирсан амжилтаар 70 жилийн ойгоо угтаж байна. Цаашид бид агаарын тээврийн зах зээлд нээлттэй, өрсөлдөх чадвартай, хариуцлагатай, найдвартай, чанартай үйлчилгээг үзүүлдэг олон улсын  агаарын тээвэрлэгч болох зорилт тавихын зэрэгцээ газрын үйл ажиллагаа, агаарын хөлгийн засвар үйлчилгээнээс орлого олж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд  хувь нэмрээ оруулахад анхааран ажиллаж байна. Энэ бүхэн манай хамт олны, нийт ажилтан албан хаагчдын бүтээсэн түүх, ажлын амжилт юм гэв.

Улсынхаа хөгжилд бодит  хувь нэмрээ оруулж, 70 жилийн түүхийг хамтдаа бүтээж, баяраа тэмдэглэж буй  МИАТ ТӨХК-ийн хамт олонд баярын мэнд дэвшүүлье.

Эх сурвалж www.zms.mn