Х.МОНГОЛХАТАН

“Болор цом” яруу найргийн наадмын гурван удаагийн эзэн, яруу найрагч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнг баасан гаригийн зочноор урилаа.
-Сайхан өвөлжиж байна уу. Уран бүтээлийн олз омог өндөр үү?
-Сайхан өвөл байна. Би ном, бүжгэн жүжиг, жүжиг бичиж байгаа. Ямагт завгүй байдаг хүн дээ. Яагаад гэвэл надад хугацаа бага үлдсэн. Цаг хугацаатай өрсч бүтээн туурвих хүсэлдээ хөтлөгдөн хичээж байна. Удахгүй гадагшаа явна. Тэнд нэлээд удах байх. Хүүхдүүд дээрээ очиж санасан сэтгэлээ амраая даа.
МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ ОЛУУЛАА БАЙХ ЁСТОЙ
-Залуу зохиолчидтой уулзаад таны дурсамж эргэн сэдрэв үү. Залуу насаараа гоёж, омогшиж, бахархаж байсан үеэ санаад?
-Он цаг маш хурдан өнгөрдөг. Сургамж хэлэхээсээ илүү дурсамж л үлдсэн байна. Би 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн “Утга зохиол” сонины зураач, сурвалжлагчаар ажиллаж эхлээд зохиолчдоос салаагүй хүн. Ахмад буурал зохиолчдынхоо хэзээ уйлж, дуулж, шараа тайлдгийг мэднэ. Удахгүй зохиолчдынхоо тухай сайхан дурсамж ном бичнэ.
Миний яруу найргийн залуу нас дардан байгаагүй. 1962 онд анхны шүлгээ хэвлүүлсэн ч 1982 онд буюу 20 жилийн дараа анхны номоо гаргаж байсан бүдэчсэн яруу найрагч даа. Амьдралдаа алдаж онож бус өөрийн хэнэггүй, алмай зангаасаа үүдсэн хэрэг. Тиймээс залуу насаараа бахархаж гайхуулаад байх юм алга. 1980-аад оны дунд үед Зохиолчдын эвлэлд элсч, 1990 онд “Уянгын тойрог”, “Цагаан тэнхлэг” яруу найргийн номуудаараа төрийн шагнал хүртсэн. Гэхдээ миний ном хожигдож гарсан хэдий ч уран зохиолд ширүүн төвөргөөнтэй орж ирсэн гэж тухайн үеийн зохиолчид үнэлж байсан.
-Та залуу зохиолчдод ямар сургааль хэлэв. Захих үг болон байв уу?
-Хүндлэлээс уран зохиол эхэлдэг. Миний сурсан мэдсэн бүхэн багш нарыгаа дууриахаас эхэлсэн гэж ярих дуртай. Сураад сүйд болоогүй ч багшийгаа дууриаж хүн болсон. Уран зохиолын өндөр оргилуудтай хамт байж, тэдний хэлсэн ярьсныг сонсч, тэр нь надад тод шингэсэн болохоор би ховорхон азтай хүн. Монголын уран зохиол олуулаа байх ёстой. Энэ цэцэрлэгт ямар ч өнгийн цэцэгс ургасан тордож, ургуулах ёстой. Залуу зохиолч гэдэг давтамж биш, шинэ юм. Шинэ гэдэг үгнийхээ утгыг сайн бодож явах хэрэгтэй. Залуу зохиолчид уламжлалаа хадгалж нандигнах хэрэгтэй. Ахмадууд ч залуустаа хүндлэл үзүүлэх ёстой гэдэг утгаараа залуу зохиолчдын номыг чадлаараа уншдаг. Хүний яруу найргийн нэг мөр, нэг тодотгол миний шүлгэнд явж байх вий гэхээс би насаараа айж яваа хүн. Үхэн үхтэлээ сайн чанартай юм хийж, холын үлгэр болж дуусахсан гэж боддог.
-Яруу найрагч, зохиолчдыг нийгмийг соён гэгээрүүлэгч гэдэг. Сүүлийн үеийнхэн энэ үүргээ биелүүлж чадаж байна уу?
-Зовлонгоо тоочигчдыг яруу найрагч гэдэггүй. Өөрөөсөө гарсан тархины гэрлээ бусдын тархинд тусгахыг соён гэгээрүүлэх гэнэ. Яруу найраг өөрөө тансаг учир хийж л чадвал бусдад гэгээ өгч таарна. Тиймээс чанарт анхаарах ёстой. Өрнийн урсгалууд одоо хэдийнэ буурал болсон. Тэр буурал урсгалыг өнөөдөр шинэ юм шиг авчирч хашгичаад, түрий барих нь сайн зүйл биш. Яруу найргийн мөн чанар, зарчим нь уламжлалтайгаа хадгалагдсаар байгаа. Харин залуу зохиолчид янз бүрээр задарч тэсэрч, сэтгэж бичих хэрэгтэй. Ганцхан тэр нь өөрийн чинь бодлын эцсийн туйл, хүмүүсийн хүсэн хүлээсэн уулзвар байх ёстой. Хүн өөрийгөө ойлголгүй үхдэг гэдэг. Харин би яруу найрагчдыг өөрийгөө битгий эрт ойлгоосой гэж боддог. Бид бичиж байхдаа би байна уу гэхээс бичсэний дараа чи болдог юм. Миний амьдралд өөрийнхөө шүлгийг уншихаас илүү бусдыг сонсож явсан нь их байсан маань тэнэглэж явсан он цагийн зөв нь байжээ.
БИ ТАРХИНЫ, СЭТГЭЛИЙН ШАВЬТАЙ БАЙХСАН ГЭЖ БОДДОГ
-Ахмад залуу зохиолчдын харилцаа холбоо 1990 он гарснаас хойш саармагжсан гэдэгтэй та санал нийлэх үү?
-Үгүй. Олон уулзахгүй байгаагаараа л ялгаатай. Залуус ахмадуудаасаа холдсон гэж хэлэх зүрхтэй хүн би биш. Яагаад гэвэл би залуу зохиолчдыг, тэд ахмад үеэ уншиж байгаа учраас хол байгаагүй. Ойр байлаа гээд янаглаад, хамт архи уугаад, хуйлраад сүүлт од шиг явах уу. Би ийм зүйлд дургүй. Залуу зохиолчдыг цуглуулаад яриад л, чи миний шавь, та нар ингэ, тэг гэдэг цаг биш шүү дээ. Оюун ухааны том эрин хөгжиж байна. Бид ойрхон, амьд холбоотой байсан. Нэг л зорилготой хүмүүс нэг сэтгэлтэй байж таарна. Гэхдээ би залуу зохиолчдоо ил далд нэг үгтэй, эрүүл согтуудаа нэг зантай яваасай гэж хатуу захимаар байна. Дүгнэлт өгөхөөсөө өмнө биширч уншаад хэрэгтэйг нь аваад, хэрэггүй нь хаячихаад, ярьж явах хэрэггүй.
-Зохиолчид гарын шавь олонтой байдаг. Танд харин хэд байна?
-Хөлийн шавь гэдэг нь архинд явуулдаг, гарын шавь гэдэг нь согтохоороо хөтөлдөг шавь нь юм болов уу гэж ойлгодог юм. Би бол тархины, сэтгэлийн шавьтай байхсан гэж боддог. Би Монголын зохиолчдын эвлэлийн даргын ажил хашиж байхдаа 13 хүүхдийг Багшийн дээд сургуульд оруулж, Монголын уран зохиолын өнгийг илтгэсэн уран бүтээлчдийг төрүүлсний хувьд шавь нараараа бахархана. Өмнө нь намайг “Номгүй байж шавьтай, цалингүй байж БT татдаг” гэж шоолдог байсан.
-Зохиолчид янз бүрийн бүлэг урсгалд хуваагддаг. Энэ нь тэдний харилцаа болон уран бүтээлд нөлөөлдөг үү?
-Бидний үед ч байсан. Би Д.Гармаа зохиолчийн толгойлдог “Дөмөн” гэдэг залуу зохиолчдын бүлгэмд явдаг байлаа. Уран зохиолд сэтгэлээрээ, хувиараа, гэр бүлээрээ хамгийн их үерхсэн хүмүүс бол Д.Батбаяр, Д.Урианхай, Л.Дашням, талийгч Ж.Лхагваа бид тав байлаа. Биднийг уран зохиолын гарын таван хуруу гэдэг байсан. Одоо ч үерхсээр байна.
Ер нь хэдэн ч бүлэг, урсгалд хуваагдаж болно. Энэ бол хүний эрх. Гагцхүү өөрийн барьсан чиглэлээр бусдыг ноёлох ёстой гэсэн дарангуйлал явуулж болохгүй. Гол мөрөн өөрсдийн голдирол, урсгалаар урсдагтай адил. Тухайлбал миний хүү хэзээ ч надтай адил шүлэг бичдэггүйд нь маш их баярладаг. Миний давтамж байж болохгүй шүү дээ.
ЭНЭ НАСАНДАА ХҮҮХДҮҮДЭЭ ЗАГНАЖ, ЗАНДАРЧ, ЗОДОЖ ҮЗЭЭГҮЙ
-Нөхөдтэйгөө хэр уулзах юм. Танд сайн найз байж чадаж байна уу?
-Би нөхдийнхөө өмнө хэзээ ч буруутай явж үзээгүй. Найз нөхдийнхөө өмне хэзээ ч нүүр бардам байж чадна. Цөөхөн ч гэсэн чансаатай найзтай хүн. Хар багын хэдхэн найз бий дээ. Би өөрөө их сонин хүн. Зожиг, нэг их нийтэч биш. Өглөө юм иддэггүй, өдөр бас сүйдтэй юм идэхгүй. Орой хариад л муу хөгшнийхөө гарын хоолыг иддэг хүн. Хүний ганц хүү болоод жаахан зожиг өсчээ.
-Та айлын ганц гээд эрх өссөн байх. Харин олон сайхан уран бүтээлээрээ аав, ээжийнхээ ачийг хариулж байна уу?
-Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад даарахаараа юм уу, гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж унагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.
-Та аав шигээ сайн аав байж чадаж байна уу?
-Найман хүүхэдтэй, 15 ач зээтэй болжээ. Би их зөөлөн хүн. Энэ насандаа хүүхдүүдээ загнаж, зандарч, зодож үзээгүй дээ. Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа. Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь “Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид хоёр чинь энд байна” гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа.
Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй, гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан. Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй, энэ хэдэн хүүхэддээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсны дараа нь тэгэх минь яалаа ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан. Заримдаа би эр хүн нэг их үнэгүй хүмүүс юм уу даа гэж боддог.
МОНГОЛЧУУД ГЭРЭЛ ГЭГЭЭГЭЭ ИДЭЖ ИРСЭН БОЛ ӨНӨӨДӨР СҮҮДРЭЭ ИДЭЖ АМЬДАРДАГ БОЛЖ
-Сүүлийн үеийн яруу найрагчдыг бодит амьдралаас тасархай, уянгалаг эсвэл ойлгомжгүй бичиж байна гэж шүүмжилдэг. Та ямар бодолтой байна?
-Би шүлэг болгоныг сэтгэл дотроос гардаг гэж боддог. Харин ард түмэн сэтгэлгээний гүнзгийрэл нэхэж байж болох юм. Тэнэг байж ухаантай царайлах шиг гутамшиг байхгүй шүү дээ.
-Яруу найрагч, зохиолчдын дүр төрхийг урт үсээр тодорхойлдог. Танд үсээ богиносгох бодол төрж байв уу?
-Би хэзээнээсээ л үсээ ургуулсан хүн. Энэ чинь миний эрх чөлөө юм. Монголчуудын “Тархиан ширгэтэл үс ургаж, чөмгөөн ширгэтэл хумс ургана” гэж үг бий. Бурхан болооч болсон хүнийх ургадаг л юм байна билээ. Тэгэхээр энэ бол миний эрх чөлөө юм. Үсээ бол чамайг төрөөгүй байхаас эхэлж ургуулсан. Тэр социализмын хатуу бэрх цагт би үр хүүхэд хань ижлээ өлсгөж зовоогоогүй, өөрөө ч бас өлөн гундуу явж үзсэнгүй.
Унших номтой, дандаа дээд зэргийн үзэг барьсаар өнөөдрийг хүрлээ шүү. Харин надтай хамт нэг цаг дор явсан зарим хүнийг одоо өрөвддөг юм. Ерөөсөө аль нэг тал руу туйлширдаг хүмүүс гэдэг эмгэнэлтэй, бас хортой байдаг. Эргэцүүлэн бодохгүйгээр хүн дагаж дарвих шиг ёс бус, гажиг юм байхгүй.
-”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хүмүүсийн сонирхлыг татаж байгаа. Ямар хүмүүс оруулах талаар санал авдаг уу?
-Хэдэн хүн санаа нэгдээд, хийж эхэлсэн нэвтрүүлэг. Монголчууд бүгдээрээ эрхэм гэдэг нь үнэн. Гэхдээ эрхмийн дээд эрхэм хүмүүсээ амьд ахуйд нь, архивын зураг хөрөг, хадгалагдаж байгаа дурсгалт зүйлтэй түүхийг нь үлдээчих юмсан гэсэн санаатай. Одоогоор 30 гаруй нэвтрүүлэг хийчихсэн, 20 гаруй нь эфирт гарчихлаа. Ямар ч яриа, хөгийн зүйл сонссон би заавал энэ нэвтрүүлгээ хийж дуусгана. Хуцах нь хуцаж, гаслах нь гасалж, улих нь улиж байг.
Сүүдэргүй чулуу гэж хорвоод байх биш. Яг нэвтрүүлэгт оруулах болохоор тэр хүний сүүдрийг нь олж хараад муулаад байдаг. Монголчууд гэрэл гэгээгээ идэж ирсэн бол өнөөдөр сүүдрээ идэж амьдардаг болж гэж гутаж явна. Хорвоо надад нас өгдөг юм бол би энэ нэвтрүүлгээ хийх л болно. Манай хөтлөгч П.Анужинг интернэтээр маш их муулж, доромжилж байна. Хүнд муулагдахаар охин биш. Өөрөө сэтгүүлзүйн сорвигүй хэр нь суурь боловсрол, амьдралын ухаантай сайн охин учраас өдий зэрэгтэй сайн ажиллаж байгааг нь үнэлдэг.
-Та “Болор цом”-ын үеэр харагдаагүй. Одоо “Алтан-Өд”-д оролцох уу?
-Бие тааруу байгаад “Болор цом”-д очиж чадаагүй. Харин номоо гаргаж амжсан бол “Алтан-Өд” наадамд сойх байлаа. Бид чинь зарим хүний хардагаар “унасан өд” байлгүй дээ. Гэхдээ Зохиолчдын хороо эдгээр наадмуудыг хийх гэж нэлээд зүтгэж байх шиг харагддаг юм. Уран зохиолд болон оюуны бүтээлд хандах үнэлгээ, хандлага даанч дорой байна даа.
-Интернэт хэрэглээний талаар ямар бодолтой явдаг вэ. Цаг зав хэмнэж, холыг ойртуулж, хоёрыг учруулдаг шүү дээ?
-Хүн төрөлхтөн өөрийн хөгжил дэвшилдээ хоёр юманд залгиулж үхэх байх гэж сэтгэл зовдог. Нэгд, хүн чанар, хоёрт оюун ухаанаа булаалгаж сөнөх байх. Хөгжил дэвшил хүн чанарыг хөөдөг туулга л даа. Тархиа дэндүү хөгжил дэвшилд булаалгаж байна. Компьютерт бичсэнээс гараараа таталгах нь бодол сарнихгүй хамаагүй дээр байдаг. Эгэл жирийн энгийн үйлдэл нь үлдээсэй гэж боддог юм. Гар бичмэл хязгааргүй үнэд хүрэх цаг ирнэ гэж боддог. Үүслийг үгүйсгэнэ гэдэг сэтгэлгээний хувьд хамгийн доройтсон хүний хийх зүйл.