П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Төрийн хишигтэн” буландаа шинэхэн Гавьяат жүжигчин, уртын дуучин Э.Болормааг урьж, ярилцлаа. 

 

-Энэ сайхан яриагаа төрж өссөн нутаг, төрүүлж өсгөсөн ижий ааваар нь эхлэх нь зүйтэй болов уу. Авьяас нь тодорсон адтай хүүхэд байсан болов уу?

-Ижий аавын минь уугуул нутаг Архангай аймгийн Хангай суманд төрж өсөн,  долоодугаар анги төгстлөө Тэрхийн голынхоо хөвөөнд хүмүүжлээ.

Цэцэрлэг, сургуулийнхаа урлагийн үзлэгт дуулна. Хөдөө гэртээ бол хадны цуурайгаар ая дан хийж, заводын том савнуудыг цуурайтуулна.

Аавынхаа өвөг дээдсийн найранд дуулдаг тэр сайхан хоолойноос нь өвлөсөн юм болов уу даа. Сонсож өссөн уртын дуугаа мэргэжлийн урлагийн сургуульд сурч, дуулах урлагийг эзэмшсэн.

Наймдугаар ангиасаа нийслэлийн 57 дугаар сургуульд сурч, тэмцээн уралдаанд оролцох боломж илүү нээгдсэн. Тухайлбал, “Архи тамхины эсрэг ассоциаци” тэмцээнд өөрөө дуугаа зохиож, дуулж оролцож байлаа. Одмандах захирал, Маамхүү багш гээд олон хүн их сайхан дэмжиж, бэлдэж оруулна. Энэ мэт олон тэмцээн уралдаанд орсны эцэст Хөгжим бүжгийн сургуулийн дуурийн дуулаачийн ангид урилгаар элсэж, Бүтэд багшийнхаа шавь болж байлаа.

Тэр үед тэнхимийн эрхлэгч Х.Уртнасан багш маань дуудаж уулзаад “Яасан хөөрхөн жижигхэн охин бэ. Дуучин хүн чинь бас гоё өндөр байх ёстой. Дасгал хийгээрэй. Тэмцээнд нь түрүүлээд урилга авсан болохоор дуулахын хувьд хөөрхөн дуулчихдаг юм байна” гэж байлаа.

-Дуурийн дуулаачийн ангид урилгаар элссэн мэргэжлийн урлагийн замнал хэрхэн уртын дуучин болж өөрчлөгдөв?

-Манай дуурийн дуулаачийн ангид 40 гаруй хүүхэд элсжээ. Гэтэл уртын дууны ангид долоон хүүхэд байна. 2005 онд анх сургуульд орохдоо Ш.Чимэдцэеэ багшийн “Тэнгэр ээж минь өршөө”, С.Жавхлан, Т.Баясгалан нарын дууг дуулах дуртай байсан болохоор өөрийгөө зохиолын дуучин болно гэж бодож байлаа. Гэвч мэргэжлийн урлагийн сургуульд дуурь эсвэл уртын дуугаар бэлтгэнэ. Тиймдээ ч хэрсүү ухаанаар хандсан.

Ингээд гурван сар дуурийн дуулаачийн ангид суралцсан дараагаа Х.Уртнасан багш дээр ороод уртын дууны ангид ормоор байгаагаа хэлсэн. Багш “Яагаад” гэж байна. Тэгэхээр нь “Өвөө минь нутаг усандаа алдартай уртын дуучин хүн байсан. Тиймээс би ардын язгуур урлагаа дуулах нь зөв юм байна” гээд Д.Түвшинжаргал, Н.Чимэдцэеэ багш нарынхаа шавь болж, Увертюра хамтлагийнхан бид нэг анги болж байлаа. Миний хань бас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, Д.Жаргалсайхан багшийн шавь. Бид 2010 онд хамтдаа төгсөж, Дорнод аймгийн Хөгжимт драмын театраас ажлын гараагаа эхэлсэн.

-Та Дорнод аймгийн Хөгжимт драмын театр, “Амитаба” хамтлаг, ШШГЕГ-ын харьяа Соёмбо чуулгын дуучин гээд уран бүтээлийн урт замыг туулахдаа дэлхийн олон орны тайзнаа ардын язгуур урлагаа сурталчлан таниулах үйлс хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулжээ?

-Хангай газрын хүн тал нутагт очиход нөмөрлөх уул байхгүй, халуун. Хүсэл мөрөөдөл дүүрэн их сургуулиа төгссөн боловч уран бүтээл хийх орчин нөхцөл хязгаарлагдмал, уйтгартай санагдаж эхэлсэн. Нэг жил ажиллаад ээлжийн амралтаараа “Морьтон ардын түмэн эх” уртын дуу дуулаачдын уралдаанд орж, гуравдугаар байр, “Уран дуулаач”-ийн шагнал хүртсэн. Үүнээсээ их зориг авч, Улаанбаатар хотод үлдэх ёстойгоо ойлгосон.

Тухайн үед уртын дуучин Э.Баасанжав найз маань хамтлаг байгуулах санал тавьж, эмч дуучин О.Оюун-Эрдэнэ эгчтэйгээ “Амитаба” хамтлагийг байгуулж, “Бор борын бялзуухай”, “Мандах нар” тэргүүтэй сайхан уран бүтээлүүдээ хийсэн. Ийнхүү 2012 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Соёмбо чуулгадаа ажиллаад 15 жил болж байна.

Байгууллагын ажил үүргийн онцлогоос хамаараад олон үйл ажиллагаанд оролцдог. Үүний сацуу 2013 онд Болгар улсад болсон “Дэлхийн ардын язгуур урлагийн наадам”-ыг Д.Сосорбарам ах, Домог хамтлагтай баг бүрэлдэхүүн болж зорьсон. Энэхүү наадамд “Уяхан замбуу тивийн наран” дууг Г.Энхбаатар гавьяаттайгаа дуулсан. Энэ тайз их том алхам болсон. Ер нь ардын язгуур урлаг, өв соёлыг тээж, түгээн дэлгэрүүлж байгаа гэдэг утгаараа илүү хариуцлагатай хандаж, өөртөө цензур тавьдаг. Төрийн цэргийн байгууллагын алба хаагч гэдэг утгаараа хэм хэмжээ, ёс зүйг баримтлах ёстой.

Давтагдсан тоогоороо дэлхийн 50 гаруй оронд “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” хамтлагуудтайгаа уртын дуу, ардын урлагаа сурталчлан таниулах үйлсэд оролцсон байна.

 

Төрийн цэргийн байгууллагын алба хаагч, өв тээсэн уртын дуучин гэх алдар минь бахархалтай сайхан

 

-Бид дэргэдээ байгаа эрдэнийг мэддэггүй хүмүүс шиг ээ. Дэлхийн олон орны тайзан дээр дуу уран бүтээлээ хүргэхэд үзэгч, сонсогчид хэрхэн хүлээж авдаг вэ?

-Монголчуудын дэлхий нийтээс ялгарах, ондооших дахин давтагдашгүй дархлаа нь үндэсний өв соёл юм. Эх орондоо, эрх чөлөөтэй байгаа хүмүүс үүний цэнийг харьцангуй мэддэггүй юм шиг санагддаг. Уртын дууг хөгшин хүмүүс дуулж, сонсдог гэх буруу хандлага ч ажиглагддаг байлаа. Харин гадаадын улс орны тайзан дээр дуулахад “Ямар сайхан юм бэ, ямар гоё юм бэ” гэж чин сэтгэлээсээ бахдан сонсдог.

Швейцар улсад зохион байгуулагддаг олон улсын хөгжмийн фестивальд 2016, 2018 онуудад оролцоход тэдний продюсер Мартин “Би олон орны хөгжмийн ертөнцтэй танилцсан. Монгол Улсын уртын дуу, хөөмий үнэхээр увдистай юм байна. Би нас барахдаа таныг дуулуулж болох уу” гэж асуусан. Би гайхаад “Яагаад заавал нас барахдаа юм бол” гэж гайхтал Зоригоо ах “Энэ бол их хүндэтгэл юм. Хүний орчлонд  ирж, буцахдаа хамгийн сайхан эгшиг аялгуунд бүүвэйлэгдэж явахыг хүсдэг. Энэ хүний ертөнцийг үзэх үзэл нь энэ юм. Хүслийг нь хүлээж аваарай” гэж байсан юм. Бид одоо  фэйсбүүк хаягаар найзууд.

Мөн 2024 оны Парисын олимпоор “Хөсөгтөн” хамтлагтайгаа 18 хоног Францад ажиллаж, 70 гаруй жуулчдад тоглолтоо хүргэсэн. Дэлхийн олон улс орон Монголыг асар их сонирхохын сацуу гадаад байгаа монголчууд маань ардын язгуур урлаг, уртын дуугаа бясалгаж, уйлж, дурлаж дотроосоо сүнс нь сэргэж сонсдог.

 -ШШГЕГ-ын Соёмбо чуулгын уран бүтээлчдээрээ ажил үүргийн нэг онцлог нь хорих ангид хүмүүжигчдэд дуу уран бүтээлээрээ гэрэл гэгээ, итгэл найдвар хүргэх байдаг. Энэ тухайд?

-Ижий ааваасаа хол, эрхээ хасуулсан хүмүүст дуу уран бүтээлээр дамжуулж хүмүүжлийн нэг хэлбэрийг бүтээдэг. Буянтай сайхан ажил гэж би боддог. Дуу сонсож байгаа хүн, дуулж буй хүмүүс бие биедээ муухай авир гаргадаггүй.

Цаг хугацааны эрхээр хоригдох хугацаа нь дууссан хүмүүс хүмүүжээд эрх чөлөөттэй болсон хойноо миний цахим хаяг руу “Би ээжийгээ үнэхээр их санасан байсан. Таны дууг сонсоод үнэхээр ир баярласан. Тэр үед л уртын дууг суръя гэж бодсон” гэсэн мессеж их ирдэг.

Би хүнд “үгүй” гэж хэлж чаддаггүй зантай. “За” гэх бүрдээ хичээж, аливаад үнэнч ханддаг. Байгууллагынхаа алба хаагч болсноос өдийг хүртэлх бүхий л үед бахархал тээж ажиллаж байна. Мөн уртын дуу, өв соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа гэдэг утгаараа үе үеийн удирдлагууд маань дэмжиж, урам хайрлаж ирсэн. Гэр бүл, хамт олны минь намайг хайрлаж, мэргэжлийг минь ойлгож хүндэтгэсэн сэтгэл өнөөдрийн Э.Болормааг бүтээсэн.

-Хэдий таны ажил үүрэг ч гэлээ хорих анги руу анх орохдоо айж байв уу?

-Хамгийн анх хорих анги руу ороход эвгүй шүү дээ. Хүүхдийн хорих, эмэгтэйчүүдийн хорих руу ороод уйлаад л гараад ирнэ. Харин эрэгтэйчүүдийн анги гэж бодохоор жихүүдэс төрнө. Гэхдээ энэ нь хүний дотоод  сэтгэхүйд үүссэн төсөөлөл, хувиргасан бодол байдаг юм билээ.

Манай хамт олон уран бүтээлээрээ дамжуулж энэ хүмүүсийн зүрх сэтгэлд оч гэрэл асааж, итгэл найдвар төрүүлж, нэг цагийг ч болов гэрэл гэгээтэй өнгөрүүлээсэй гэж зорьдог. Хүн байгаа газар соёл гэгээрэл үргэлж байх ёстой. Дуу сонссон хүмүүс амандаа дуу аялна, дуу аялсан хүмүүс хоорондоо муудалцахгүй. Бид бас “Бие биеэ тэврээрэй” гэж уриална. Сайн сайхан мэдрэмжийг түгээх нь сайхан юм даа.

-Уран бүтээлчийн энэ урт замналын хугацаанд хамгийн зөв сонголтыг хийжээ гэх бодол хэзээ төрж байв?

-Тайзан дээрх байх бүхий л мөчид, дуу уран бүтээлийг минь чин сэтгэлээсээ шимтэн сонсож буй хүн бүрийг хараад зөв замыг сонгожээ гэж боддог. Би бас хувьтай хүн юм даа. Шагнал авч байхдаа ч энэ тухай бодлоо. Монгол Улсын Гавьяат жүжигчин гэх эрхэм цолыг хүн болгон хүртэхгүй шүү дээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин гэж цоллуулсан анхны тайз маань Дархан-Уул аймгийн Хонгор сумын Соёлын төвийн тайз байлаа. Гавьяат жүжигчин гэж зарлуулах мэдрэмж, хүлээж авч байгаа хүмүүсийн хандлага шинэхэн байлаа. Одоо би юу хийх вэ гэх хариуцлага, илүү хийх ёстой гэсэн цэнэг, урам зориг өгсөн шагнал байлаа.

Шагнал авах тэр мөчид аав ээж, ачит багш, байгууллага хамт олноо сэтгэлдээ тээж, энэ замаар явсан минь зөв байж дээ гэх бодол төрж байлаа.

-Ард түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн шагнал сайхан юм. Таны Гавьяат жүжигчин цолыг мөр зэрэгцэн зүтгэх мэргэжлийн уран бүтээлчид, ард түмэн их хүлээж байсан санагдсан. Баярт мэдээгээ хэрхэн хүлээж авав?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс төрийн цэргийн байгууллагын алба хаагчидтайгаа энэхүү эрхэм шагналыг хүртсэн. “Залуу хүн байна. Улам хичээж ажиллаарай” гэж захисан. Улам их хариуцлага мэдэрч, илүү сайхан уран бүтээл хийх урам зориг авсан. Төлөвлөсөн ажил бас байна.

Уртын дуучин гэдэг нэр алдрыг тээж яваа хүний хувьд түмэнд хүрсэн хэдхэн дуун дээр эргэлдэх бус мартагдсан олон сайхан аялгууг сэргээх ёстой. Мөн залуучуудад хүргэх, ардын урлагийн хамтлагуудтай үргэлжлүүлэн өв соёлоо түгээн дэлгэрүүлнэ.

Би шагнал авах болсон мэдээгээ “Тайхар” нэгдлийнхэндээ хэлтэл сошиалд тавиад хүмүүс мэдээд баяр хүргээд эхэлсэн. Аав, ээж минь Ноён, хатан, хангай рашааныхаа тэнд нутагладаг. Сүлжээ муутай болохоор уулан дээрээс ярьж байна гээд залгасан. “Хүмүүс ирж хэллээ. Охиндоо баяр хүргэе. Мал харах хүн олдвол явмаар байна. Маргааш очих болов уу” гэнэ. Манай сумаас тогтмол унаа явдаггүй болохоор шагналаа авчхаад би очихоор болсон. Удалгүй сумын төв ороод ирлээ гээд ярьж байна. “Бид хоёр шагнал авсан юм шиг баяр хүргээд байна. Чи найраа хэзээ хийх вэ. Аав нь сайхан бэлдчихье. Сумандаа ирээд хийчих” гээд их баярласан.

Нөхрийн маань аав Дорнод аймгаас ирж, гэр бүл, ажлын хамт олон, найз нөхөд маань гээд олон хүн баярласанд баяртай байгаа.

Ажил хамт олон маань Улаанбаатар хотод байгаа болохоор найраа эндээ хийчхээд нутагтаа очиж аав ээжийнхээ сэтгэлийг тайтгаруулж, нутагтаа ёсолж ах дүү хамаатан саднаа бас хүлээж авна гэж бодож байна.

Өнгөрсөн жил сумынхаа 100 жилийн босгон дээр “Хойморт Хангай нутаг” дуу бүтээл хийж, энэ сайхан нутагтаа өргөж байна гэж дотроо бясалгаж, сүсэглэсэн.

-Г.Энхбаатар гавьяатыг таны алтан хамтрагч гэж хэлж болох уу. Монголчуудын хэлдгээр уран бүтээлийн хаяа сайхан нийлжээ? 

-Тийм ээ. Тэгэлгүй яах вэ. Манай Г.Энхбаатар гавьяат хааж нуух, муухай санаагүй сайхан монгол эр хүн. “Чи энэ дээр нь нэг ингээд дуугарчих” гээд надад зөвлөнө. Уран бүтээл хийхэд санаа нийлнэ.

Бид гэр бүлийн сайхан найзууд. Мөн Архангай аймгийн Тайхар нэгдлийн уран бүтээлчид. Уртын дууны өв уламжлалаа үргэлж суралцаж, зөвөөр түгээн дэлгэрүүлж, судалгаа ханддаг нь их тулгатай санагддаг.

Эмэгтэй, эрэгтэй хүмүүс арга билиг, эх дэлхий гэдэг нэгэн цогц тул “Уяхан замбуу тивийн наран” дууг эмэгтэй, эрэгтэйгээр ээлжилж өгч дуулах хэрэгтэй байна гэх санааг найруулагч Д.Сосорбарам ах маань өгсөн. Түүний дараа “Учиртай гурван толгой” найрын дуу, “Малчдын дуу” гээд уран бүтээлүүд ар араасаа гарсан.

Өдгөө тайзан дээр бие биеэ мэдрээд, түшиг тулга болж, хүндлэлтэй явдаг алтан партнёр Г.Энхбаатар ахдаа үргэлж баярлаж, талархаж явдаг даа.

-Өнөөдрийн Гавьяат жүжигчин Э.Болормааг бүтээхэд итгэл сэтгэлээ зориулсан тэдгээр хүмүүст хандаж ярилцлагынхаа төгсгөлд үг хэлбэл?

-Би айлын том. Гурван эрэгтэй дүүтэй, айлын ганц охин. Аав ээждээ хайртай шүү гэж хэлэх боломж олдож байгаад баяртай байна. Аав ээж, нутаг усныхаа нэрийг үргэлж өндөрт өргөж, хариуцлагатай, хөдөлмөрч байхыг хичээдэг.

Бүх багш нартаа, байгууллагынхаа удирдлага, уран бүтээлчдэдээ баярлаа. Бас хоёр хүүхдэдээ ээж нь хайртай шүү гэж хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 119 (7861)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn