Базарбямбын Нямсүрэн

...АНУ-ын Филадельфи хот. Агаарын хэм аль хэдий нь фаренгейтийн 103 буюу цельсийн 39 хэмийг зааж байв. Гадаа голдуу гэр бүлээрээ хүмүүс 230 орчим жилийн өмнө энэ улсын Конгресс хуралдаж байсан танхимд орох цагаа хүлээн эргэн тойрныг ажин дугаарлацгаана. 
Америкт ойрын өдрүүдэд халалт ихэсч, Европыг бужигнуулсан их халуун ойртож байгаа тухай анхааруулга үе үе newsfeed дээр гарч ирнэ. Гэсэн ч нэгэн цагт Америкийн түр нийслэл байсан Филадельфи хотын түүхэн барилгад орох гэж дугаарласан 100 гаруй хүн лав түүртэж ядарсан шинжгүй, харин музейн тайлбарлагчийг ам хуурай байлгах завдалгүй асуулт асуун сониучирхана. Гэр бүлээрээ, хүүхдүүдээ дагуулсан хүмүүс ээлжээ хүлээн зогсонгоо хүүхдүүддээ "Америк яг эндээс эхэлсэн" хэмээн тайлбарлах нь сонсогдох аж.
Хүүхдүүдтэйгээ ижил цэнхэр, америкийн далбааны өнгөтэй лого бүхий цамц өмссөн хосууд Конгрессийн танхимд орох цагаа хүлээх зууртаа шинэхэн баригдаад удаагүй дижитал музейг сонирхохоор таван хүүхдээ командлан зэргэлдээх байшин руу орлоо. Түүхийг тэд ингэж хүүхдүүддээ үзүүлж, үндэсний бахархлыг өвлүүлдэг байх нь. 
АНУ 250 жилийн тусгаар тогтнолын баяраа “Freedom250” хэмээн нэрлэсэн. Нэрнээсээ л энэ улс эрх чөлөөний өлгий нутаг гэдгээ илүү тодруулах гэснийг илэрхийлэх мэт. Freedom250 бол өнгөрсөн 250 жилийн тухай биш, дараагийн 250 жилийн эхлэл гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп баярын арга хэмжээний нээлтийн үеэр ч хэд хэдэн удаа онцолж байсныг санаж байна. 
Миний бие сэтгүүлчийн хувиар америкууд энэ баяраа хэрхэн тэмдэглэж байгааг сурвалжлахаар ирж, эхний сурвалжилгаа нийслэл Вашингтон хотоос эхлүүлж байсан бол энэ удаад Филадельфи хотыг зорив. 
Танин мэдэхүйн мэдээллийг секундын дотор авч болдог болсон өнөө цагт АНУ-ын 250 жилийн түүхийг өөрийн нүдээр харж, гараар тэмтэрч, бас хөшөө дурсгал бүрийг нь сонирхон шохоорхож сайтар “онгичмоор” санагдсан учраас ид халууныг, 200 бээр замыг ч ажралгүй хүрч ирлээ. 


10 жил шахам амьдарсан хэрнээ цоо шинээр нээсэн мэт санагдах Америк орон, тэр дундаа энэ удаагийн томилолтын хамгийн гол зорьсон газар болох Филадельфи хотод үдийн алдад ирэхэд ийм дүр зураг угтав. Бид ирсэн даруйдаа АНУ-ын түүхийг эхлүүлсэн, Тусгаар тогтнолын тунхаглалыг баталсан хоёр давхар улаан байшинг заавал үзэхээр ирсэн юм. 
Яагаад гэвэл дээр өгүүлсэн энэ хоёр давхар улаан тоосгон байшингаас бидний өнөөдөр зорин ирсэн 250 жилийн түүх эхэлжээ. 
Америкийн нэгдсэн улс түүхэн 250 жилийн ойгоо жилийн турш тэмдэглэж муж болгон, өнцөг булан бүрт түүхээрээ, ардчиллаар, эх орноороо, үндэслэгчдээрээ бахархсан өдрүүд тохиож байна. 
Хаа сайгүй Америкийн туг мандаж, яг тийм өнгөтэй гоёмсог дугуй чимэглэл байшин бүрийн тагтан дээр эсвэл хашаа болгонд өлгөөтэй. 
Жил болгон л яг ийм дүр төрхтэй байдаг ч энэ жилийн хувьд энгийн нэг баяр бус, түүхэн мөчлөг гэж нэрлэж байгаа нь ч учиртай болохыг америкийн өнцөг булан бүрээс түүхэн газруудад зочилж яваа америкчуудыг харахад эрхгүй тэгж санагдана. 
Тусгаар тогтнолын талбайн гадаа бид Чикаго хотоос ирсэн хосуудтай ярилцсан юм. "Бид манай улсын түүх эхэлсэн газруудаар аялмаар санагдсан учраас хамгийн түрүүнд Филадельфид ирсэн. Independence Hall, Liberty Bell-ийг үзчихээд дараа нь Вашингтонд очиж долдугаар сарын 4-ний баярт оролцоно. Бид эх орноороо үнэхээр бахархдаг" хэмээн түүний эхнэр ярив. Харин нөхрийн хувьд 250 жилийн ойг илүү өргөн агуулгаар хардагаа илэрхийлэв. "Манай улс төгс биш. Гэхдээ 250 жилийн турш олон сорилтыг даван туулж ирснээрээ бид бахархдаг. Ардчилал ч төгс биш. Гэхдээ хүмүүс өөрсдийгөө удирдах боломжийг олгосон хамгийн сайн тогтолцооны нэг гэж би боддог. Мэдээж энэ түүхэн бөгөөд зоримог шийдвэрийг анх гаргасан учраас бид түүхээрээ бахархдаг" гэсэн юм.

1752 онд урласан “Syng Inkstand” бэхний сав. Америкийн Тусгаар тогтнолын тунхаглал болон Үндсэн хуульд гарын үсэг зурахад ашигласан түүхэн дурсгалын нэг гэж үздэг.

 


Энд ирсэн америкчуудтай ярилцахад тэд өөрсдийн улсын хамгийн том үнэт зүйлээ "эрх чөлөө" гэж тодорхойлж байлаа. Тэдний олонх нь Америкийг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн хамтын бүтээл гэж үздэг бөгөөд 250 жилийн ойг зөвхөн нэг улсын баяр биш, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлээ эргэн санах боломж хэмээн тайлбарласан юм.
Өнөөдөр энгийн музей мэт харагдах энэ хоёр давхар улаан тоосгон байшинд 1776 оны долоодугаар сарын 4-нд Конгресс Тусгаар тогтнолын тунхаглалыг баталжээ. Ингэснээр Их Британиас салан тусгаарлаж буйгаа дэлхий нийтэд зарлаж, Америкийн Нэгдсэн Улсын эхлэл тавигдсан юм.
Тухайн үеийн 13 колонийг төлөөлсөн 56 төлөөлөгч энэхүү баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд Томас Жефферсоны боловсруулсан "Бүх хүн эрх тэгш төрдөг", "Амьд явах, эрх чөлөөтэй байх, аз жаргалыг эрэлхийлэх нь салшгүй эрх" гэх үзэл санаа зөвхөн шинэ улсын тунхаг биш, дэлхийн ардчиллын хөгжлийн хамгийн нөлөө бүхий баримт бичгийн нэг болсон гэж түүхчид үнэлдэг. Тийм учраас Америкийн 250 жил онцгой байхаас ч аргагүй юм. 250 жилийн тэртээд баталсан Тусгаар тогтнолын тунхаглалын эх хувь Вашингтон дахь Үндэсний Архивт хадгалагдаж байгаа ч түүний түүх эхэлсэн газар нь Филадельфи хэвээр.
Independence Hall-ийн хажууханд байрлах Конгрессийн байшинд холбооны Конгресс хуралдаж, Жорж Вашингтон хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөж, Жон Адамс төрийн тэргүүний албан тушаалаа хүлээн авч байсан түүхтэй. 

Тусгаар тогтнолын тунхаглалын хуулбар. Эх хувь нь өнөөдөр Вашингтон хот дахь Үндэсний архивт тусгай хамгаалалт дор хадгалагддаг бөгөөд уг баримт бичгийг анх баталсан түүхэн газар нь Филадельфи дахь Independence Hall юм.


Гаднаас нь харахад тийм том санагдаагүй Конгрессийн байшин дотроо багагүй зайтай юм. 80 гаруй сандал ширээг тойруулан тавьжээ. Олон жилийн өмнө буюу 1790-1800 онд Филадельфи муж түр нийслэл байсан учир энд Конгрессийн хуралдаанууд болж, шинэхэн бүрдсэн улсын бүхий л асуудлыг шийддэг байж. 250 жилийн өмнөх хэд хэдэн ширээ сандал, байшингийн доторх ногоон өнгө нь хэвээрээ байгааг тайлбарлагч бүсгүй бидэнд сонирхуулсан. Музейн тайлбарлагчийн хэлснээр Сенат дээд танхимд, Төлөөлөгчдийн танхим доод давхарт хуралддаг байжээ. Мөн тухайн үед улс төрийн нам гэж байгаагүй ч баруун зүүн жигүүрийн өрөө хэмээн хоёр тусдаа өрөөг тохижуулжээ. 
Конгрессийн танхимаас гадаа гарахад шинээр байгуулагдсан жижигхэн дижитал музейд Тусгаар тогтнолын тунхагийн хуулбар, тухайн үед гарын үсэг зурж байсан бэхний сав, бусад холбоотой чухал баримт бичгүүдийг ч дэлгэн тавьжээ. Ялангуяа хамгийн жижиг атлаа хамгийн үнэ цэнтэй үзмэрүүдийн нэг нь мөнгөн бэхний сав байлаа. 1752 онд бүтээсэн “Syng Inkstand” хэмээх энэхүү бэхний савыг Тусгаар тогтнолын тунхаглал болон хожим Үндсэн хуульд гарын үсэг зурахад ашигласан болохыг музейн тайлбарт бичсэн байв.


Тусгаар тогтнолын ойг АНУ даяар жилийн турш тэмдэглэж буй. Харин хамгийн гол баяр ёслол долдугаар сарын 4-нд болно. Мэдээж АНУ-ын түүхийг тэр дундаа баярын үйл ажиллагааг ганцхан сурвалжилгад багтаах боломжгүй. АНУ даяар үндэсний хувцас, туг далбаа, ёслолын буудлага гээд тэр чигээрээ улаан, хөх, цагаан өнгөөр илэрхийлэгддэг энэ баярын утга учрыг жирийн америкчууд  үр хүүхэддээ, тэдний дараагийн үедээ түүхэн байгууламжаараа, үндэсний бахархлын илэрхийллээрээ, өнгөрснийг өгүүлэх музейнүүдээрээ гээд олон талаар үлдээсээр байна. Товчхондоо, Америкчууд түүхээ зөвхөн музейд хадгалдаггүй. Харин хүүхдүүддээ ярьж, хамтдаа үзүүлж, өдөр тутмын бахархал болгож амьдруулдаг юм байна. Магадгүй, "Freedom 250" гэдэг нь өнгөрсөн 250 жилийн ой биш, дараагийн 250 жилийг эхлүүлэх тухай гэсэн Трампын хэлсэн үгс ч үндэслэгчдээрээ бахархдаг энэ улсын түүхийн хуудас анх эхэлсэн Филадельфи хотод ирэхэд илүү тод мэдрэгдэж байв. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш байдаггүйг түүхэн бөгөөд үзэсгэлэнтэй Филадельфи хот сануулах аж. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 126 (7868)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn