Б.Золбоо
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буландаа “Буянт ээж” эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, профессор, Б.Наранцэцэгтэй зүрхний хэм алдагдал өвчний талаар ярилцлаа.
-Сүүлийн үед хүмүүс зүрхний хэм алдагдсан гэж их ярих боллоо. Зүрхний хэм алдагдал гэж яг юуг хэлдэг юм бэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Юуны өмнө “Зууны мэдээ” сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Зүрхний хэм алдагдал гэдэг нь зүрх ердийн хэмнэлээс удаан эсвэл хурдан, жигд бус цохилох шинж юм. Хэм алдагдал нь даралт ихсэх, зүрхний архаг дутагдал, зүрхний ишеми болон чихрийн шижин, тархины даралт ихсэх, бамбайн хордлогот өвчин, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны асуудлаас бас үүсдэг. Мөн хоол тэжээл, амин дэм,витамины дутагдал, стресс, хорт зуршил зүрхний хэм алдагдлын суурь шалтгаан болдог.
-Зүрх хэм алдахад ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Зүрхний хэм алдагдлын үед зүрх дэлсэх,хэм алдагдах мэдрэмж айдас төрөх,амьсгаадах,цээжээр хүчтэй өвдөж давчдах,хүйтэн хөлс гарах, ухаан балартах, толгой эргэх, хүзүү хөших, нүд харанхуйлах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хэрэв энэ шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй. Харин эдгээр шинж тэмдэг илрээгүй тохиолдолд төлөвлөгөөт үзлэгт хамрагдахыг зөвлөж байна.
-Зүрхний хэм алдагдлыг аюултай болон аюултай бус гэж ангилдаг гэсэн. Үүнийг та тайлбарлаж өгөөч?
-За тэгье. Зүрхний хэм алдагдлыг амь насанд аюултай болон аюултай бус гэж ангилдаг. Аюултай бус гэдэг нь амь насанд халгүй, эмийн эмчилгээгээр эмчлэгдэх боломжтой тохиолдлыг хэлдэг. Аюултай тохиолдол нь амь насанд халтай байдаг тул тусгай эмчилгээ хийлгэх шаардлагатай . Тухайлбал, түргэн хэм алдагдлаар илэрсэн тохиолдолд зүрх дэлсэх, нүүр чинэрч улайх, толгой эргэх, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Харин удаан хэм алдагдлын шинж тэмдэг өвчтөнд төдийлөн анзаарагддаггүй. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хэм алдагдал нь эрсдэл ихтэй байдаг. Учир нь зүрхний цохилт удааширсан тохиолдолд зүрхний цусан хангамж багасах, цусны хүчилтөрөгч буурах,хамгийн гол нь цус өтгөрч зүрх тархинд бүлэн үүсэх эрсдэлтэй. Улмаар зүрхний шигдээс,харвалтаар өвчлөх хүндрэлтэй.
-Зүрхний хэм алдагдлыг хэрхэн эмчилдэг вэ. Эмчилгээ нь хэдий хугацаанд үр дүнгээ өгдөг вэ?
-Зүрхний хэм алдагдлыг үр дүнтэй эмчлэхийн тулд гар утас, дэлгэцийн хэрэглээг хязгаарлах, сайн унтаж амрах, стресс болон ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зэргээр амьдралын хэв маягаа нэн түрүүнд өөрчлөх хэрэгтэй. Зүрхний хэм алдагдалд хэд хэдэн микро, макро элемент маш чухал нөлөөтэй.Ялангуяа эдгээрийн дутагдал болон илүүдэл нь аритми өөрчлөлт өгдөг./ хэм алдагдал /
-Амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй гэж байна шүү дээ. Өдөр тутмын амьдралдаа юуг анхаарах ёстой вэ?
-Ер нь агаар, ус, байгаль, ажлын орчин нөхцөл сайн байх нь чухал. Хүмүүс ажлын найман цагтаа ажилладаг байх, оройн цагаар бага ажиллах, илүү цагаа өөрийнхөө эрүүл мэндэд зориулах хэрэгтэй. Хоёрдугаарт, зөв зохистой хооллох хэрэгтэй. Хэтэрхий их кали ихтэй хүнс хэрэглээд байж болохгүй. Энэ нь хэм алдалтад нөлөөлж, бөөр ачааллаа даахаа больдог.Жишээ нь: Дандаа лимон уудаг хүний зүрх эмчлэгддэггүй. Хүний бие хэт хүчиллэг болохоор хүчил, шүлтийн тэнцвэр алдагдаж, зүрхний хэм алдагдал давамгайлаад эмчлэхэд маш хэцүү болдог. Зүрхний хэм алдагдлыг эмчилдэг таван бүлэг эм байдаг ч тэдгээр дотор хүчил, шүлтийг тэнцвэржүүлэх эм байдаггүй. Уг нь хэм алдагдлын эмчилгээ хамгийн түрүүнд хүний биеийн хүчил, шүлтийг тэнцвэржүүлэвэл эдгэрэлт нь болон засагдах нь хурдан байдаг. Хэрэв бие организм хүчиллэг байвал хүчлийг нь бууруулж, шүлтлэг байвал хэвийн болгох ёстой. Зүрхний хэм алдагдал гэдэг бол зүрхэнд байгаа “кали, натри, хлор,магни,натри сод,төмөр,селен,цайр ” зэрэг эрдэс бодисын тэнцвэрээс хамаарч зүрх агшиж, сунаж байгаа үйл явц юм. Зүрхний булчин зүв зүгээр байж байгаад агшиж сунахгүй. Эдгээр эрдэс бодис хэвийн байж л зүрх эрүүл байна.
-Тэгэхээр хэм алдагдалтай бол амьдралын буруу хэв маягаа өөрчилж, хувийн сахилга бат сайтай байх хэрэгтэй юм байна шүү дээ. Хувийн сахилга бат муутайгаас болж эмчилгээгээ үр дүнгүй болгосон тохиолдол байдаг уу?
-Манай эмнэлэгт зүрхний цохилт нь 33 хүртэл буурсан ахимаг насны эмэгтэй ирж, хэм баригч аппарат Шастын нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт суулгуулсан. Гэвч тухайн өвчтөний биеийн байдал хоёр сарын турш дээрдээгүй. Тиймээс аппаратыг шалгуулахад аппаратын цахилгаан дамжуулагч утасны нэг электрод сул байсан гээд дахиж хагалгаанд орсон.Энэ бол эмч бидний алдаа байсан байх.Муу шалгаж,муу хянасан асуудал. Зүрхний хэм алдагдлын эм тогтмол ууж байсан тулдаа өвчтөний биеийн байдал хүндрээгүй. Гэсэн хэдий ч хавантай, амьсгаа өндөр, стресстэй хэвээр байсан. Тиймээс хэм баригч аппарат суулгасны дараагаар эмчийн хяналтад тогтмол орж байх хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа юм Мөн зүрхний хэм алдагдлын улмаас цусны бүлэгнэл үүсэх эрсдэлтэй тул эмчийн заавраар цусаа шингэлж, хорт зуршил болон өөх тосноос татгалзах нь чухал. Мөн муу холестерины шинжилгээ тогтмол өгч, өөрт тохирсон эмчилгээг хийлгэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 126 (7868)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn