Ч.БЯМБАХАЖИД
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 136 жилийн ойн Үндэсний их баяр наадам хаяанд иржээ. Баяр наадмын зохион байгуулалтын талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос мэдээлэл өглөө.
Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд Н.Номтойбаяр энэ жилийн наадмын зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад хэд хэдэн онцлог бий. Өнгөрсөн жилүүдэд бөхчүүдийн допингтой холбоотой асуудлууд гарч, наадамчин олны сэтгэлийг гонсойлгож байсан.
Энэ удаад урьдчилсан байдлаар допингийн явцын шинжилгээг авсан. Одоогоор допингийн шинж тэмдэг илэрсэн нэг ч бөх байхгүй байна. Дараа жилээс 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барууны итгэмжлэгдсэн лабораторийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг худалдан авч, бүх бөхөөс допингийн шинжилгээ авдаг болно.
Хурдан морьдын сэрвээний өндөр намтай холбоотой хэл дагуулсан асуудал гардаг. Энэ удаад дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид морио хөтөлж орж шалгуулах байдлаар зохион байгуулагдаж байгаа. Хоёр хоногийн өмнө Хүй долоон худагт газар дээр суурилагдаж, туршилтууд хийгдсэн. Цаашдаа Монгол морины удмын санг бүрдүүлнэ.
Бүх тасалбар болон урилгыг комиссоос тогтоосон үнийн дагуу зарж байгаа. Ямар нэгэн байдлаар чөлөөлөгдөх хүн байхгүй. Монголчууд бидний соёл уламжлалын дагуу гадаадын зочиддоо үнэ төлбөргүй урилга тарааж байгаа.
Нийт 208 орчим аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний эрхийг олгоно. Энэ хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг дипломат төлөөлөгчийн газартай холбогдох компаниуд нь хамтраад олон улсын хоолны өдөрлөг арга хэмжээ явагдана. Үндэсний үйлдвэрлэгч компаниудаа урьж, тусгайлан зассан талбай дээр өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлах, зарж борлуулах үйл ажиллагаа болно.
Маргаашийн Засгийн газрын хуралдаан дээр Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс танилцуулга хийж, ирэх долоо хоногт Засгийн газрын тогтоолын төсөл гарна. Монголыг зорьж ирдэг жуулчдад зориулсан бодлогын шинж чанартай бүтээн байгуулалтын ажлыг танилцуулна. Ер нь бид Үндэсний их баяр наадмыг арай өөр байдлаар зохион байгуулна.
Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр нэг, хоёрын даваа зохион байгуулагдана. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүд хаалга нээлттэй байна. Энэ нь иргэдэд үнэ төлбөргүй үзүүлнэ гэсэн үг. Долоодугаар сарын 13-нд дэлхийн адууны өдрийн баяр Хүй долоон худагт болно" гэсэн юм.
“Долоодугаар сарын 13-ны өглөө олон улсын морьдын уралдаан болно”

Хурдан морины салбар хорооны дарга, хошууч генерал Д.Ганхуяг “Дэлхийн адууны өдрийг тэмдэглэхтэй холбоотойгоор хурдан морины уралдааны хуваарьт өөрчлөлт орсон. Ингэхдээ долоодугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн, эрлийз, сонгомол, дунд насны морьд уралдана. Харин долоодугаар сарын 11-нд азарга, их нас, сонгомол бага нас уралдана. Өмнө нь долоодугаар сарын 13-нд уралддаг байсан гурван насны хоёрыг нь өмнөх өдрүүд рүү нь шилжүүлсэн. Харин долоодугаар сарын 13-ны өглөө олон улсын уралдаан болно. Одоогоор 50 гаруй улсад тус уралдаанд оролцох урилгыг хүргүүлсэн байгаа. Тэдгээр улсууд Мал эмнэлгийн газраас авсан зааварчилгааны дагуу найман төрлийн вакцин, хорио цээрийн дэглэм барьж ирэх ёстой. Одоогоор албан ёсны хариугаа хүлэээж байна. Ингээд долоодугаар сарын 13-ны өдөр морин парад явна. Шүлхий өвчинтэй холбоотой зарим аймгуудыг энэ үйл ажиллагаанаас хассан байгаа. Мөн морьны стандарт батлагдсан. Тухайлбал, даага, шүдлэнг нэг см-ээр өндрийг нь авч үзэж байгаа. Энэ жил хурдан морьны сэрвээний өндрийг гэрлийн хурдаар хэмждэг төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Тус төхөөрөмжийг бид жилийн хугацаанд судалж, туршсан. Ингээд албан ёсоор уг төхөөрөмж Стандарт хэмжил зүйн газраар батлагдсан. Уг төхөөрөмжөөр хурдан морьны сэрвээг хэмжүүлэхдээ эзэн нь морио хөтөлж орно. Ингэхдээ морины сэрвээний дэлийг зассан байх, эмээлтэй ирсэн бол эмээлийг нь авна” гэв.
Мөн морь уралдах замыг долоодугаар сарын 6, 7-ноос эхэлж засна. Өмнө нь засчихаар бороо орсноос болж зам эвдэрдэг. Түүнчлэн унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж, хуулийн дагуу найман нас хүрсэн, эцэг эхийн зөвшөөрөлтэй, осол гэмтлийн даатгал хийлгэсэн хүүхдүүдийг бүртгэж уралдуулна.
“Бөхийн барилдааны нэг хоёрын даваа долоодугаар сарын 10-ны өдөр болно”

Үндэсний бөхийн салбар хорооны дарга н.Батбямба “Допингийн асуудлын тухайд холбогдох дүрэм журмын дагуу шөвгөрсөн 64 бөхөөс допингийн шинжилгээ авна. Харин долоодугаар сарын 13-нд сорьц авна. Эхний ээлжийн сорьц шинжлэх арга хэмжээ 7-14 хоногийн дотор эцэслэгдэж ирсний дараагаар олон нийтэд мэдээлэл хүргэнэ. Энэ жил Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд өөрчлөлт орохгүй. Бид холбогдох шаардлагуудыг хангаж, мэргэжлийн байгууллагуудын удирдлага дор өнгөрсөн жил суурилуулсан. Мөн энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдах учраас наадамчин олныг чилээхгүй байх, наадмын хөтөлбөрт огцом өөрчлөлт гаргахгүй байх үүднээс долоодугаар сарын 10-ны өдөр нэг хоёрын даваагаа явуулах шийдэлд хүрсэн” гэлээ.
Энэ үеэр Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Үндэсний бөхийн ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс хоёр бөхөд хариуцлага тооцсон.
Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн алхах, судлаач н.Төмөрбаатар “Зургаадугаар сарын 26-ны өдөр Улсын арслан Б.Пүрэвдагва, аймгийн арслан Бумбаяр нартай уулзалт хийсэн. Долоодугаар сарын 6, 7-ны өдөр Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлд судлаач н.Төмөрбаатар тайлан дүгнэлтээ танилцуулна. Тэгэхээр Долоодугаар сарын 6 эсвэл 7-ны өдөр Үндэсний бөхийн ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн есөн гишүүний саналаар энэ асуудал шийдэгдэнэ” гэлээ.
Наадмын нээлт, хаалтын тасалбарыг 150 мянган төгрөгөөр худалдаална
Энэ жил Үндэсний их баяр наадмын тасалбар 100 хувь худалдаанд гарна. Үүн дээр Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо болон холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах юм байна. Энэ хүрээнд гадаадын дипломат байгууллагын төлөөллүүд болон төрийн тэргүүний урилгаар ирсэн гаднын зочид төлөөлөгчид урилгаар оролцох юм. Мөн улсынхаа нэр хүндийг өөрсдийн эрхэлж буй салбартаа өндөр өргөсөн тодорхой тооны иргэдэд баяр наадмын урилга өгнө хэмээн мэдээлээ.
Наадмын тасалбар болон автомашины зогсоолын эрхийг долоодугаар сарын 1-ний 07:00 цагаас enaadam.mn сайтаар цахимаар худалдаалахаар болсон талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос мэдээллээ. Үндэсний их баяр наадмын нээлтийг долоодугаар сарын 11-нд дахин толилуулдаг. Энэ хүрээнд долоодугаар сарын 11-ний оройн 21:00 цагт болох баяр наадмын нээлтийн тоглолтыг enaadam.mn болон ticket.mn сайтаар худалдаална. Долоодугаар сарын 11, 12-ны нээлт, хаалтын тасалбарыг 150 мянган төгрөгөөр худалдах юм. Долоодугаар сарын 11-ний оройн давтан тоглолтын тасалбар 50-80 мянган төгрөгөөр худалдана. Автомашины долоон төрлийн зогсоолыг 20-200 мянган төгрөгөөр enaadam.mn сайтаар худалдахаар болжээ.
Үндэсний их баяр наадмын нээлт хаалтын ёслолын талаар Баяр наадмын ерөнхий найруулагч, СГЗ Д.Баярбаатар “Мөнхөд орших монгол наадам” нэртэй Үндэсний их баяр наадмын нээлт хаалтын тоглолтын бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ жилийн баяр наадмыг монголчуудын үнэт өв соёл, өвөг дээдсээс уламжилж ирсэн түүхийг илүү тод харуулна. Мөн Засгийн газрын бодлого бүсчилсэн хэлбэртэй уялдуулж нээлт хаалтын тоглолтоо хийнэ” гэв.
Төв цэнгэлдэхэд 1580, Хүй долоо худагт 18.000 автомашины зогсоол гаргасан байна

Баяр наадмын үеэр замын хөдөлгөөний зохицуулалтын талаар ТЦА-наас мэдээлэл өгөв. Төв цэнгэлдэх орчмын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор Гандигийн гудамжнаас Home Plaza хүртэл, Тэмээтэй хөшөөний уулзвараас Их Монголын уулзвар хүртэл зам хүр хаагдах юм байна.
Төв цэнгэлдэх орчимд дараах есөн цэгт нийт 1580 авто машины зогсоол гаргаад байгаа юм байна. Нэмэлтээр Дүнжингаравын зогсоол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Мишээл экспо дээрх нийт 4500 автомашины зогсоол дээрээс нийтийн тээврээр Төв цэнгэлдэх рүү зорчиж болох юм байна.
Хүй долоо худаг орчимд нэмэлт зогсоолтойгоо нийлээд нийт 18.000 тээврийн хэрэгсэл зогсоох зохицуулалтыг хийх юм байна.
ТЦА-аас Хүй долоо худагт орох хэсгүүдийн тэмдгийг тавьсан байгаа. Иргэд маршрутын бус уул, овоо, замгүй хэсгээр орох гэдэг нь эрдэл бий болгодгийг анхааруулав. Баяр наадмын комиссоос олгосон зөвшөөрөл нь байхгүйгээс болоод зохиомол түгжрэл үүсгэхгүй байх. Урсгал сөрөхгүй байх.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 124 (7866)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn