Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Монгол Улсын авто замын салбарын хөгжил нь эх орныхоо өнцөг булан бүрийг холбож, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон үеийн замчдын хөдөлмөр, мэдлэг, зүтгэлийн үр дүн билээ. Тэдний дундаас Монголын анхны автозамын инженер Цэдэн-Иш онцгой байр суурийг эзэлдэг. Тиймээс бид энэ удаагийн “Удмын бахархал” буландаа Монголын анхны автозамын инженер Ц.Цэдэн-Ишийн тухай түүний охин автозамын инженер Ц.Энхтуяа хэрхэн дурсан бахархаж байгааг онцлон хүргэж байна.

 

Монголын анхны автозамын инженерээр ОХУ-д төгсөж байжээ

Ц.Цэдэн-Иш нь 1934 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд Цэнджавын хоёр дахь  хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн хамт өнгөрөөж, мал ахуйд туслан, дүү нараа өсгөж хүмүүжүүлэн, ажил хөдөлмөр, эрдэм номд шамдан өсжээ. Хүүхдүүдээ өсөж том болох үед ээж нь төв суурин бараадуулж, эрдэм номтой хүн болгоё хэмээж Улаанбаатар хот руу шилжин ирснээр Ц.Цэдэн-Ишийн инженер болох зам мөр нээгдэж байжээ. Энэ тухай Цэдэн-Ишийн бага охин Ц.Энхтуяа хэлэхдээ “Аав маань ээж болон эгч дүүсийн хамт Улаанбаатар хотод шилжин ирж хоёрдугаар арван жилийн сургуульд элсэж орсон гэдэг. Ингээд 1953 онд Монгол Улсаас Москвагийн Автозамын дээд сургуульд гурван хүүхэд элссэний нэг нь миний аав байлаа. Аав минь сургуулиа амжилттай төгсөж, Монгол Улсын анхны автозамын инженерээр төгсөж ирсэн байдаг.  Яагаад анхны хүн гэсэн бэ гэхээр хамт явсан хоёр хүн нь хэлний бэрхшээл зэргээс шалтгаалан сургуулиа орхиж, төгсөж чадалгүй эргэж ирсэн юм билээ” гэв.

Ангийн найзуудын хамт.

Ц.Цэдэн-Иш хичээнгүй, эхэлсэн зүйлийнхээ эцсийг нь үздэг байжээ. Магадгүй энэ нь Монголын ууган инженер болох гол хүч нь байсан биз ээ. 1950-аад оны үед өөр улсын хэл сурч, гадны улсад боловсрол эзэмшинэ гэдэг хэн бүхний хийж чадах, амархан зүйл байгаагүй юм. Тэгвэл уйгагүй, хичээнгүй тэрээр Москвагийн Автозамын дээд сургууль буюу МАДИ-г онц дүнтэй төгсөж, Монгол Улсын анхны инженер болж бэлтгэгдэн ирсэн нь энэ салбарын өндөр мэргэжлийн хүмүүстэй болох эхлэл байжээ. Энэ тухай охин Ц.Энхтуяа “Аав минь сургуулиа төгсөж ирээд ажлын анхны гараагаа Улаанбаатар хотод Хүүхдийн Пионерийн Ордны тохижилтоос эхэлж, өргөн эгнээ бүхий хатуу хучилттай замын зураг төслийг гарган, удирдан, барих ажлыг гүйцэтгэсэн. Одоогийн төв замын уулзвар болох 00 цэгийн эхлэлийг тавьж олон урсгалт хотын замын өргөн уулзварыг тэглэж эхлүүлсэн. Түүнчлэн хөрсөн болон хайрган зам, гүн нэвтэлгээний хар зам, модон гүүр хоолой, перевоз зэрэг барих ажилд гол үүрэг гүйцэтгэж, ахлах инженерээр ажиллаж байсан” гэсэн юм. Үргэлжлүүлээд аавынхаа тухай дурсахдаа “Анхны авто замын инженер гэх тодотголтой ч аав минь маш энгийн даруу, үнэнч, цагийг хатуу баримталдаг зарчимч сэхээтэн байсан. Хамт ажилладаг хүмүүстээ түшигтэй, хүнийг нас намба, албан тушаалаар нь ялгадаггүй, бүгдтэй нь дотно сайхан харьцана. Байнга л инээмсэглэж явдаг дуугүй талдаа хэр нь хэлэх гэсэн үгээ бэлдэж байгаад л хурал зөвлөгөөнд шударга хэлдэг хүн байсан. Найз нөхдийн хүрээ өргөнтэй байсан. Тэр ч утгаараа баяр ёслолоор манайхаар хүний хөл тасардаггүй байж билээ. Лувсан гуай, Гончигзэвэг гуай, Очирбат дарга, Мишиг ах, Гомбо ах гээд бүгд л их хүндэтгэлтэй ханддаг байсан” хэмээн аавынхаа тухай дурссан юм. 

 

Төрийн ордныг тойрсон замуудыг анх тавьжээ

1958 онд Монгол Улсад бүтээн байгуулалт ид өрнөж байсан үе. Тухайн үед ЗХУ буюу ОХУ-ын инженерүүд барилга, замын ажил хийж гүйцэтгэдэг байжээ. Монголчуудын хувьд даамал, инженерийн туслах зэрэг ажлыг хийдэг байсан гэсэн үг л дээ. Тэгвэл 1958 оны хавар, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирснээр автозамын салбарт монгол инженертэй бүтээн байгуулалт ид өрнөж эхэлжээ. Тухайлбал, Ц.Цэдэн-Иш сургуулиа төгсөж ирээд төвийн замын инженерээр гурван жил ажиллажээ. Ингэхдээ тэрээр автозамын бүхий л ажилд гар бие оролцдог байжээ. Өөрөөр хэлбэл, Тэрээр замын инженерээс эхлээд Авто замын үйлдвэрийн газрын дарга, конторын дарга, Хайгуул зураг төслийн хэлтсийн дарга, Авто замын газрын зам ашиглалтын хэлтсийн дарга, Улаанбаатар хотын зам барилгын трестийн дарга, Автозамын газрын мэргэжилтэн, улсын байцаагч, лабаораторийн эрхлэгч, чанар хариуцсан инженер зэрэг замын бүхий л төрлийн ажлыг хийж байсан эрхэм хүмүүн юм. Түүний мэдлэг оюун, оролцоогүйгээр бүтсэн хот орчмын зам, барилга тухайн үедээ байгаагүй юм.

Ц.Цэдэн-Иш Сүхбаатарын талбайг тойрсон замыг засахдаа цемент, бетонон хучилттайгаар барьжээ. Учир нь Сүхбаатарын талбай бол улсын минь өнгө төрхийг харуулах хамгийн чухал газар билээ. Энд монголыг сонирхогч хүмүүс, улс бүрийн төрийн тэргүүнүүд, эрдэмтэн мэргэд зорин ирж, эхний сэтгэгдэл эндээс төрдөг учир хамгийн түрүүнд энэ л газрыг гоё болгох ёстой гэж боджээ. Энэ тухай түүний охин Ц.Энхтуяа “Аливаа улс орны нүүр царай нийслэлийнхээ төвөөс эхэлдэг. Тиймээс улс орны нүүр царай болсон хотын төвийн хэсэг буюу Улаанбаатар зочид буудал, Сүхбаатарын талбайг тойрсон хайрган замуудыг цемент бетон хучилттай замтай болгосон гэдэг. Төрийн ордныг тойрсон замыг барихад судалгаа, шинжилгээ их хийгдсэн гэдэг. Учир нь тус газар ус тогтох аюултай тул геодезийн зураг зүйн хэмжилтийг маш нарийвчлан гаргаж цемент, бетон хучилтаар хийсэн гэсэн. Цемент бетон хучилт нь ачаа тээврийг даах чадвар өндөртэй, асфальт шиг амархан хагардаггүй. Улаанбаатар зочид буудлын орчим хайрган хучилттай байсан учраас тоос, шороо их гардаг байсан гэдэг. Тиймээс энэ хавийн замыг мөн адил цемент бетонон хучилттай болгосон гэсэн. Одоо ч зарим газар анхныхаараа байна лээ” гэсэн юм.

Ингэснээр шинэхэн инженер Ц.Цэдэн-Иш 1959 онд эрдэс материалын сонгож боловсруулж, асфальтын орцыг тогтоосноор Монголд анхны асфальт, бетон үйлдвэрлэж, цаашлаад үйлдвэр барьж, орчин үеийн асфальт бетонон зам хийх нарийн технологийг замчид эзэмшин, анхны гарын авлагыг бичиж, орчин үеийн асфальт бетонон зам тавих эхлэл тавигдаж байсан юм. Инженерийн санаачилсан энэ ажил одоо ашиглагдсаар байна. Мөн туршилт шинжилгээний лабораторийг 1972 онд байгуулахад Ц.Цэдэн-Иш идэвхийлэн оролцож, лабораторийн ажилд Улаанбаатар хотын 20 жилийн цаг агаарын судалгааг үндэслэн график гарган мөрдүүлж, хэрэгжүүлсэн юм. Мөн зам барилгын ажлын хөдөлмөрийн нормыг анхлан бичсэнээс гадна Орос хэлнээс орчуулан анхны сурах бичгийг гаргаж байсан.

 

Зөвхөн зам төдийгүй, Монголын автозамын ирээдүйн хөгжлийн суурийг бат бөх тавьсан түүхэн гавьяатан юм

Ц.Цэдэн-Иш өөрийн амьдралын бүхий л цаг хугацааг авто замын салбарт зориулжээ. Тухайлбал, автобусны чиглэлийн гол замууд болох Зайсангийн хөшөөг тойрсон зам, халдвартын эмнэлэг хүртэлх зам, шарга морьтын зам, тоосгоны үйлдвэрийн зам, улаанхуарангийн зам төв замууд гэх мэт Улаанбаатар хотод автобусны үйлчилгээ явуулдаг бүхий л замыг тэрээр барьжээ. Энэ тухайгаа тэрээр МҮОНТ-ийн архивт байх ярилцлагадаа “Дээрх замуудыг барьснаар нийслэл хот минь өнгө орж, ард иргэд, хөдөлмөрчид маань тавтай сайхан зорчих нөхцөл бүрдэж байна” гэсэн юм. Түүний ажил үйлс нь зөвхөн зам барих төдийгүй Монголын авто замын инженерчлэлийн ирээдүйн хөгжлийн суурийг бат бөх тавьсан түүхэн гавьяатан юм. Энэ тухай охин Ц.Энхтуяа “Аав минь ажлаасаа тарж ирээд л ном уншаад суучихдаг хүн байсан. Түүнийх нь учрыг хожим ойлгосон. Тэр үед автозамын мэргэжлийн сурах бичиг, ном байдаггүй байсан юм билээ. Залуу замчид, барилгачид маань түүнийг хаанаас олж унших билээ дээ. Номыг нь оллоо ч  хэлний мэдлэггүй хүмүүс гадаад хэл дээр байгаа учир гаргаж ойлгоно гэдэг хэцүү шүү дээ. Тиймээс аав минь замчдаа мэргэжлийн гарын авлагатай болгох зорилгоор нойр хоолоо ч үл умартан ном орчуулж, бичдэг байсан юм байна лээ. Мөн УБТЗ-ын харьяа автозам засварын сургалттай техникум, ШУТИС-д багшилсан, анхны 19 техникчийг сургасан гээд автозамын салбарын ажилчдын 70 хувь нь ааваас маань номын дуу сонссон байдаг. Тодруулбал, залуу инженерүүдийг гэртээ дуудаж, хэдэн цагаар ч хамаагүй давтлага өгдөг байсан. Шавь нараас нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Базаргүр зэрэг гавьяатууд олон төрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, автозамын боловсон хүчнийг сургахад үнэтэй хувь нэмэр оруулсан” гэсэн юм.

Ц.Цэдэн-Ишийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлэн Алтангадас одон Хөдөлмөрийн хүндэт медаль, Тэргүүний барилгачин, Тэргүүний авто замчин, Ахмад тээвэрчин цол хүртээж, “Автозамын салбарын хүндэт дэвтэр”, болон Монгол Улсад Автозамын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан гаргасан “Бахархлын дэвтэр 2-Анхдагчид”-т түүний ажил үйлсийг мөнхөлсөн байна. Гавьяат аваагүй ч мөн ч их зүйлийг хийж бүтээж, Автозамын салбарт 44 жил тасралтгүй хөдөлмөрлөж, олон зуун шавь төрүүлсэн гавьяатай инженер билээ.

 

Аавынхаа мэргэжлийг өвлөж, Замын инженер болжээ

Аав Ц.Цэдэн-Иш охин Ц.Энхтуяагийн хамт.

Ц.Цэдэн-Иш гуай авто замын олон инженерүүдийг сургаж, бэлтгэхээс гадна өөрийн үр хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлсэн нэгэн билээ. Түүний дунд хүү үе залгамжилсан замчин Ц.Батбаатар, нь автозамын салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Отгон охин Ц.Энхтуяа нь Автозам барилгын инженер мэргэжилтэй бөгөөд өдгөө АНУ-д ажиллаж амьдарч байна.

Ц.Энхтуяагийн хувьд 1973 онд Цэдэн-Ишийн бага охин болж мэндэлжээ. Тэрээр 1996 онд ШУТИС-д автозамын инженерийн ангид элсэж, 2000 онд төгссөн байна. Сургуулиа төгсөхийнхөө өмнөх жил нь урилгаар ШУТИС-даа магистрт элсэж, 2001 онд магистраа төгссөн байна. Энэ тухайгаа тэрээр “10дугаар ангиа төгсөөд таван жилийн дараа ШУТИС-д элсэж байсан. Бакалаврын зэргээ хамгаалахаасаа өмнө Магистрт элсэх урилга авч, анхны эмэгтэй магистраар төгсөж байлаа. Сургуулиа төгсөөд Мянганы замын төсөл дээр эдийн засгийн инженерээр ажиллаж байгаад АНУ- руу сурахаар явсан” гэсэн юм.

Тэрээр аавынхаа мэргэжлийг өвлөх болсон тухайгаа “Хүүхэд байхад замын инженерүүд чинь манайхаар л өнждөг байлаа шүү дээ. Аавыгаа дагаад ажилд нь хамт явдаг байлаа. 10 жилээ төгсөх жил аав минь ШУТИС-д сурч инженер болохыг санал болгосон. Гэвч би өөрийнхөө хүссэн мэргэжлийг сонгоно гээд сувилагчийн сургуулийг сонгосон. Учир нь арай амархан мэргэжил шиг санагдаж байсан боловч бодсон шиг амархан байгаагүй. Сургуулиа төгсөөд Эх нялхаст ажилласан. Тэгэхэд олон хүүхэд үхэл амьдралын зааг дээр өвдөж, зовсон байдалтай орж ирдэг байсан. Сувилагч хийж байх үедээ нөхөртэй болж, хүүхэд төрүүлсэн. Өөрөө ээж болсны дараа сувилагч хийх сэтгэлийн тэнхээ хүрээгүй. Тэр үед аав маань инженер болохыг дахин санал болгосон. Ингээд ШУТИС-д элсэхээр шалгалт өгсөн ч эхний жилдээ тэнцээгүй. Дараа жил нь дахиж шалгалт өгөөч тэнцэж, сургуульдаа элсэж байсан” гэсэн юм.

 

28 насандаа АНУ-г зорьж, өдгөө онгоцны буудалд механикийн хэлтсийн зураг зүйчээр ажиллаж байна

Тэрээр АНУ-ын Oklahoma University, Civil Engineering Master’s program- д суралцахаар явсан байна. Гэвч төлбөр нь маш өндөр буюу 24 мянган ам.доллар байсан тул эхний хоёр сар хэлний бэлтгэлд сурч, сургуулиа орхиж Сан Франциско явсан байна. Энэ тухайгаа тэрээр “24 мянган ам.долларын төлбөр төлнө гэдэг бол хүршгүй даваа байсан. Тиймээс эхлээд англи хэлээ сайжруулья гээд англи хэлний сургуульд сурсан. Дараа нь City коллежид орсон. Тэгээд University of California, Berkeley-д хоёр удаа элсэн суралцсан. Энэ хооронд маш олон төрлийн мэргэжил эзэмшсэн. Ер нь сурахад нас хязгааргүй юм билээ. Гол нь хүсэл эрмэлзэл чухал. Тиймээс АНУ-д очоод аавынхаа “Сурахаа больж болохгүй шүү. Инженерийнхээ ажлыг хийгээрэй. Нэр төрөө бодоорой” гэдэг үгийг нь байнга бодож, ажиллаж амьдарсан” гэсэн юм.

Тэрээр АНУ-д очсоныхоо дараа зөөгчөөр ажиллаж, дараа нь Starbucks-л ажиллаж, Landscape архитектур, барилгын хэлтэс зэрэг инженерийн бүх төрлийн ажил хийсээр өдгөө Сан Франциско хотод олон улсын нисэх онгоцны буудалд механикийн хэлтсийн зураг зүйчээр ажиллаж байна. Энэ тухайгаа тэрээр “АНУ-д бол би цагаач шүү дээ. Ямар ч байр суурьгүй, танил талгүй хүн. Гэхдээ хүн өөрөө хичээл зүтгэлтэй байж, сайн ажилтан гэдгээ харуулах юм бол албан тушаал ахиад л явчихдаг давуу талтай. Монгол хүний нэг давуу тал нь таван хүний ажлыг хийчихдэг чадвар. Манай ажилд бол Туяагүй юм байхгүй. Цахилгааны инженер, Механикийн инженер, усны барилга байгууламжийн хэлтэс, архитектурын хэлтэс гээд хэн нь ч хүрч ирээд ийм нэг ажил хийгээд өгөөч гэж тусламж гуйхад би очоод л тусалдаг. Энэ нь магадгүй намайг амжилттай байлгадаг байх гэж боддог. Сан Франциско хотын нисэх онгоцны буудал нь хотын захиргааныхаа харьяа агентлаг. Би хотын захиргаандаа 15 жил ажиллаж байна” гэсэн юм. Аавынхаа ураг, удмыг бэхжүүлэн, эзэмшсэн мэргэжлийг нь үргэлжлүүлэн яваа Ц.Энхтуяаг бид Монголд ирэхэд нь уулзаж ийнхүү ярилцсанаа сийрүүлэн хүргэлээ.

Эргэн сануулахад Ц.Цэдэн-Иш нь 1958 онд эх орондоо ирж, Монгол Улсад авто замын инженерийн мэргэжлийн үндэс суурийг тавьсан анхны инженер болж, салбарын хөгжил, хүний нөөцийн төлөвшил, инженерийн арга барилыг нутагшуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэгэн юм. Энэхүү бүтээлээр дамжуулан авто замын анхны монгол инженер Цэдэн-Ишийн ажил амьдрал, бүтээн байгуулалт, салбартаа үлдээсэн өв, залуу үеийн инженерүүдэд өвлүүлсэн үнэт туршлага, үзэл санааг уншигч олонд хүргэхийг зорилоо. Өнгөрсөн үеийн бүтээн байгуулалтын түүхийг эргэн дурсаж, авто замын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм инженерийн үйл хэргийг мөнхжүүлэх нь өнөөдрийн болон ирээдүйн замчдын өмнө хүлээсэн хүндэт үүрэг билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 122 (7864)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn