Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтод Эквадорын шигшээ баг Германыг 2:1-ээр хожиж, түүхэн ялалт байгуулан хасагдах шатанд шалгарлаа. Хэдийгээр Герман өмнө нь плей-оффын эрхээ баталгаажуулсан байсан ч үндсэн бүрэлдэхүүнээрээ талбайд гарсан юм. Тоглолт АНУ-ын Нью-Жерси мужийн Ист-Ратерфордхотын "Метлайф" цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд шүүгчээр америк бүсгүй Тори Пенсо ажиллав. Тэрээр энэ удаагийн ДАШТ-д хоёр дахь тоглолтоо шүүсэн юм.

Германы хаалгач Мануэль Нойер энэ тоглолтоороо дэлхийн аваргын тэмцээнд 22 дахь удаагаа оролцож, Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонагийн амжилтыг даван, энэ үзүүлэлтээр зургаадугаарт бичигдэх болов. Герман тоглолтын ердөө хоёр дахь минутад Лерой Санегийн гоолоор тэргүүлж эхэлсэн. Гэхдээ уг гоолын өмнө Александр Павлович өрсөлдөгчийн тоглогч Педро Витегийн нүүр рүү хөлөөрөө хүрсэн эсэхийг VAR-аар шалгасан ч шүүгчид гоолыг хүчинтэйд тооцжээ.

Эквадорынхон хурдан хариу барьж, ес дэх минутад Нильсон Ангуло торгуулийн талбайн гаднаас баруун доод буланд оновчтой цохилт хийснээр тооны харьцааг тэнцүүлсэн байна. Ялалт зайлшгүй хэрэгтэй байсан Эквадор тоглолтын турш илүү идэвхтэй довтолж, Германы хаалганд олон аюултай боломж үүсгэв.  Хоёрдугаар үед Нойер, Антонио Рюдигер нарын ойлголцолгүй үйлдэл бараг л гоол алдах шахсан ч Германы хаалга азаар аврагдсан юм. Харин 77 дахь минутад Эквадорын баг шийдвэрлэх гоолоо орууллаа.

Булангийн цохилтын дараа бөмбөгийг хаалганы өмнө дамжуулж, Гонсало Плата ойрын зайнаас саадгүй цохин багтаа ялалт авчирсан байна. Ялалтын дараа Эквадорын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Себастьян Беккасесе баяраа барьж дийлэлгүй үзэгчдийн суудал руу үсэрч, гэр бүлийнхэнтэйгээ хамт тэмдэглэжээ. Тэрээр тоглолтын өмнө "Хэрэв баг маань шаардлагатай үр дүнд хүрэхгүйбол ажлаа өгнө" хэмээн мэдэгдээд байсан юм.

Дасгалжуулагч нар юу хэлэв?

Германы шигшээ багийн дасгалжуулагч Юлиан Нагельсман "Бид тэргүүлж эхэлснийхээ дараа тоглолтын хяналтыг алдсан. Энэ ялагдлаас сургамж авч, плей-оффт илүү тайван, илүү идэвхтэй тоглох хэрэгтэй" гэж хэлсэн байна.

Эквадорын дасгалжуулагч Себастьян Беккасесе "Заримдаа ялагдлын зовлонг, заримдаа ялалтын баярыг мэдэрдэг. Өнөөдрийн энэ түүхэн ялалтыг Эквадорын 19 сая иргэн хамтдаа тэмдэглэж байгаа гэдэгт итгэлтэй байна" гэж ярилцлага өгчээ. 

Хэсгийн дүн

Е хэсгээс:

-Герман – 6 оноо (1-р байр)

-Кот-д'Ивуар – 6 оноо (2-р байр)

-Эквадор – 4 оноо (3-р байр, мөн хасагдах шатанд шалгарсан)

-Кюрасао – 1 оноо (4-р байр)  /Кюрасао (Curaçao) нь Карибын тэнгисийн өмнөд хэсэгт, Венесуэлийн эргээс хойд зүгт оршдог, Нидерландын Хаант Улсын бүрэлдэхүүн дэх өөртөө засах эрхтэй арал улс/

Герман 2014 оны дэлхийн аваргаас хойш анх удаа ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан бол Эквадор түүхэндээ хоёр дахь удаагаа плей-оффт шалгарч байна. Тэд өмнө нь 2006 онд шөвгийн 16-д хүрч байсанюм.

Мексик, АНУ, Канад улсад хамтран зохион байгуулжбуй 2026 оны ДАШТ долоодугаар сарын 19-нд өндөрлөх бөгөөд анх удаа 48 баг оролцож байна. Хасагдах шатны тоглолтууд зургаадугаар сарын 28-наас эхэлнэ.

Эх сурвалж: zms.mn