"Сувон дахь мансуурсан зомби" нэртэй видео бичлэгээс улбаалан 30 наруй настай солонгос эрэгтэйг хар тамхи хэрэглэсэн хэргээр Солонгосын цагдаа нар баривчилжээ.
Сувон Собү цагдаагийн хэлтэс мягмар гарагт Мансууруулах бодисын хяналтын тухай хуулийг зөрчсөн хэргээр иргэн A-г баривчилсан гэж мэдэгдсэнийг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. А нь өнгөрсөн ням гаригийн 12:30 цагийн орчимд Сувоны Гвонсон дүүрэгт орон сууцны хорооллын ойролцоох автобусны буудлын хавьд явж байхдаа мансуурсан байж болзошгүй гэж буруутгагдаж байна.
Ойролцоо явж байсан нэгэн гэрч хоёр гараа сул унжуулан гуйван явж байгаа эрэгтэйн бичлэгийг хийж олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Уг бичлэгээ олон нийтийн сүлжээнд оруулахдаа "Энэ бол манай орон нутгийн захын ойролцоох орон сууцны хорооллын автобусны буудал" гэж бичээд "Би иймэрхүү зүйлийг өөрийн биеэр харна гэж хэзээ ч бодож байгаагүй" гэж бас нэмжээ.
Энэхүү бичлэг солонгосын цахим орчинд вирус шиг хурдан тархаж, интернэт хэрэглэгчдийн дунд өргөн маргаан хэлэлцүүлэг өрнүүлсэн сэдэв болсон байна. Зарим нь "Энэ нь Америкийн баримтат киноны хэсгүүдтэй яг адилхан харагдаж байна" гэж хэлсэн бол зарим нь "Солонгост, энгийн орон сууцны хорооллын урд яг адилхан зүйл болсон" мөн "Фентанилд донтсон хүний байрлал биш гэж үү?" гэх мэтээр хүмүүс олонтаа байр сууриа илэрхийлжээ.
Видео цахимд нийтлэгдсэнээс хойш хоёр хоногийн дараа буюу мягмар гарагийн өглөөний 7 цагийн орчимд цагдаагийн байгууллага энэ явдлыг мэдэж, мөрдөн байцаалт эхлүүлжээ. Автобусны буудлын ойролцоох телевизийн бичлэгийг шалгаж байх үедээ цагдаа нар ойролцоо явж байсан А-г олж, гадаад төрх нь цахим бичлэг дээрх эрэгтэйтэй тохирч байгааг тогтоосон байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, мансууруулах бодисын урьдчилсан шинжилгээгээр метамфетамин илэрсэн ба түүнийг мягмар гарагийн 10:30 цагийн орчимд баривчилсан байна. Цагдаа нар мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа баривчлах захирамж гаргах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн гэж Hankook Ilbo-гийн мэдээнд дурджээ.
Эх сурвалж: zms.mn