Ч.БЯМБАХАЖИД, Н.ГЭРЭЛТУЯА

 

Зуны дэлгэр цаг ирж, аялал зугаалгын улирал хэдийнээ эхэллээ. Гол мөрөн, нуурын эрэг аялагчдаар дүүрч, хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг энэ үед усны осол, үерийн аюул ч мөн дагаад өсдөг. Харамсалтай нь жил бүр "Анхааруулсан ч тоогоогүй", "эрсдэлээ тооцоолоогүй" зэрэг хэн нэгний хэнэггүй үйлдэл нь өөрийгөө ч, өрөөлийг ч эрсдэлд оруулах нөхцөл рүү түлхэж байдаг. Иймд энэ удаагийн Нийгэм-асуудал буландаа усны осол, үерийн талаарх асуудлыг хөндөж байна. 

 

2021-2025 онд усны ослын улмаас 464 хүн амь насаа алджээ

 

Налгар зуны нэгэн өдөр хэсэг залуус голын эрэг дээр амарч, цагийг зугаатай өнгөрөөж байлаа. Өдрийн нар төөнөж байсан тул залуус усанд шумбахаар болжээ. Тэдний дунд 17 настай Бат хэмээх хүү байлаа. Тэрээр нэлээд сайн сэлдэг учраас бусдаасаа хол, голын гүн хэсэг рүү сэлж эхэлжээ.

Эхэндээ бүх зүйл хэвийн мэт санагдсан ч удалгүй усны хүчтэй урсгал түүнийг татаж эхлэв. Бат эрэг рүү буцахыг оролдсон боловч урсгал улам хүчтэй болж эхэлжээ. Найзууд нь түүнийг тоглож байна гэж бодсон ч удалгүй тусламж хүссэн дууг нь сонсжээ. Аз болоход ойролцоо байсан аврагч шуурхай ажиллаж, Бат хүүг эсэн мэнд голын эрэгт гаргасан байна. Ослын дараа Бат “Би өөрийгөө сайн сэлдэг гэж бодсон. Гэхдээ байгалийн хүчин зүйл гэдэг басаж үл болох, давагдашгүй зүйл юм байна гэдгийг ойлгосон” хэмээн ярьжээ.

Энэ явдал аюул эндэгдэлгүй төгссөн ч хүн бүрт том сургамж үлдээсэн юм. Усны осол ихэвчлэн гэнэт, санамсаргүй байдлаар тохиолддог бөгөөд хэдхэн секундын хайхрамжгүй байдал хүний амь насыг эрсдэлд оруулдаг. Ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох, хүүхдийг хараа хяналтгүй орхих, усны гүн болон урсгалыг үл ойшоох нь хамгийн түгээмэл шалтгаануудын нэг байдаг.

Улсын хэмжээнд 2021-2025 онд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны ослын 537 удаагийн дуудлагаар ажиллаж, 329 хүний амь насыг аварчээ. Харин усны ослын улмаас 464 хүн амь насаа алдсаны 359 нь том хүн, 105 нь хүүхэд байна.  Тэгвэл он гарсаар зургаадугаар сарын 22-ны  өдрийн байдлаар мөс цөмөрсөн болон усны ослын 33 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 25 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Харин усны ослын улмаас 18 хүн нас барсны зургаа нь хүүхэд, 12 том хүн байна.

Аадар борооны үер Сэлэнгэ аймагт хоёр, Баян-Өлгий аймагт нэг нийт гурван тохиолдол бүртгэгдсэн талаар ОБЕГ-аас мэдээлэв. Харин одоогоор үерт өртсөн хүн байхгүй байна.

 

“Хүн усанд хөл алдсаны дараа 20-60 секундэд амь насаа алддаг”  

 

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа “Амралт зугаалга, аяллын үед усанд осолдох тохиолдол их гардаг. Үүнтэй холбоотой манай байгууллагад ирдэг дуудлага мэдээллийн тоо долоодугаар сард эрс нэмэгддэг. Сүүлийн таван жилийн үер усны ослын 15 хувийг тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа осолдсон тохиолдол эзэлж байна. Харин явганаар осолдсон тохиолдлуудын гол шалтгаан нь халуун өдөр голын эрэг дээр зугаалж байхдаа, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орсноос үүдэлтэй. Түүнчлэн томчууд хүүхдээ хараа хяналтгүй  голын эрэг дээр үлдээх, усан сангийн хөвөгч тоглоомоор гол дээр тоглуулдаг зэргээс үүдэн хүүхэд хөвөгчтэй хамт урсгал ус руу урсах тохиолдол байдаг. Мөн иргэд усанд осолдсон тохиолдолд аврах байгууллагад мэдэгдэхээс илүүтэй, өөрсдөө аврах тохиолдол гаргадаг нь буруу. Яагаад гэвэл тухайн хүн усанд хөл алдсаны дараа 20-60 секундын хугацаанд амь насаа алддаг. Тиймээс амиа эрсдүүлэх үйлдэл гаргахгүй байх нь хамгийн зөв хамгаалах арга юм. Жил бүрийн зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд Онцгой байдлын газрын завьт эргүүлүүд томоохон гол мөрний эрэг дагуу, эргүүл хийдэг. Тэдгээр эргүүлүүд аврахад бэлэн техник хэрэгслийн хангамж хүртээмжтэй явдаг. Завьт эргүүл ажиллуулж эхэлснээр усанд осолдож, амиа алдсан хүмүүсийн тоо 30 хувиар буурсан” гэлээ.

 

Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон зэрэг 399 байршлыг усны ослын хар цэг гэж тогтооосон

 

 Усны осол их гардаг Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон гээд нийтдээ 399 байршлыг усны ослын хар цэг гэж Онцгой байдлын байгууллагаас тогтоосон байна. Тэдгээр цэгүүдэд анхааруулсан тэмдэг, самбаруудыг байршуулсан байдаг. Энэ нь “Ус руу орж болохгүй” хэмээн анхааруулсан дохио юм.   

 Улаанбаатар хот, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймгуудад усанд осолдох тохиолдол давамгайлдаг байна. Улаанбаатар хотын хувьд хүн ам ихтэйн дээр иргэд амралтын өдрүүдээр Туул голын эрэг дээр амарч зугаалах нь элбэг. Харин Хөвсгөл аймаг бол аялал жуулчлалын бүс нутаг. Хөвсгөл далайгаас гадна гол мөрөн ихтэй. Мөн Сэлэнгэ, Дорнод аймагт ялгаагүй амрагч, жуулчид ихтэй зуныг өнгөрүүлдэг.

ЦУОШГ-ын мэдээллээр энэ жил олон жилийн дунджаас дулаан, харин хур борооны хувьд олон жилийн дунджийн хэмжээнд байна. Гэвч дулаан цаг агаартай өдрүүдэд түр зуурын аадар бороо орж гол мөрөн үерлэх шалтгаан илүү байх таамаглал гаргасан байна. Олон жилийн дунджаар агаарын температур зургаадугаар сард Увс, Завханы  нутаг, Баян–Өлгийн зүүн хойд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дундаж орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.  Харин долоодугаар сард нийт нутгаар олон жилийн дунждаас дулаан, хур тунадас нийт нутгаар бага байх төлөв гарчээ. 

Тодруулбал, зургаадугаар сарын сүүлчээр хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр илүүтэй орох бол бусад нутгаар дундаж байх төлөвтэй байна.

Иймд хайртай дотны хүмүүстэйгээ аялж зугаалдаг урин дулааны өдрүүдэд  үер усны аюулаас сэргийлэн, сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын албанаас анхааруулж байна.  

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 119 (7861)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn