Рагчаагийн ОЮУН
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын Мал, амьтны гоц халдварт өвчний хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч М.Мөнгөнбаръяаг урилаа.
-Та сая хөдөө орон нутагт томилолтоор ажиллаад ирсэн гэсэн. Явсан ажлынх нь талаар яриагаа эхэлье?
-Баян-Өлгий, Ховд аймагт Монгол Улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй шүлхий өвчний САТ-1 хэвшил болохыг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний хариугаар батлагдсан. Тус өвчин батлагдсантай холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги хамтран хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, өвчилсөн мал, амьтныг зориудаар устгах, ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.
Үүнтэй холбогдуулан баруун таван аймагт ажиллаж, аймаг, сумдын Онцгой комиссоос хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх хүрээнд орон нутагт ажиллаад ирлээ.
-Энэ өвчин цааш тархах эрсдэлтэй юу?
-Гоц халдварт өвчин мал, амьтнаас мал амьтанд мөн хүн тээврийн хэрэгслээр эрүүл мал, амьтанд халдвар тараах өндөр эрсдэлтэй байдаг. Тиймээс тухайн аймаг, сумын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүн хүчийг дайчлан хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн өвчний эрсдэлтэй бүсэд ойрхон байгаа малчдын мал сүргийг тусгаарлаж, зааглаж малгүй бүс бий болгох, голомтын бүсээр дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг халдваргүйтгэх, тэнд байгаа мэргэжлийн байгууллагын мэргэжилтэн, албан хаагч, малчдын эрүүл мэндийг хамгаалах гээд тухайн өвчний нөхцөл байдал үүссэн газар олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг.
-Таны албан тушаалын гол үүрэг юу вэ?
-Би малын их эмч мэргэжилтэй. ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын Мал, амьтны гоц халдварт өвчний хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Манай алба бусад албанаасаа их онцлогтой. Хүн амын аюулгүй байдлын төлөө хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мал эмнэлгийн ерөнхий газар мал, амьтны гоц халдварт өвчний малын өвчинтэй тэмцэх үйл ажиллагаа, арга хэмжээг хэрэгжүүлдэг. Харин миний бие Онцгой байдлын байгууллагад ямар арга хэмжээ хэрэгжүүлдэг вэ гэхээр гоц халдварт өвчин гарсан үед гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аймаг, сумдын Онцгой комиссыг мэргэжлийн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хариу арга хэмжээ шуурхай хэрэгжүүлэхэд удирдлага, зохион байгуулалтаар хангадаг онцлогтой.
Онцгой байдлын байгууллагаас ард иргэд рүү чиглэсэн гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийг жил бүр зохион байгуулж, сургаж дадлагажуулдаг. Тухайлбал, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаас нь малчид, ард иргэд рүү хандсан сургалт, дадлагыг хийж, мэргэжил, арга зүйгээр хангадаг. Мөн тухайн сум, орон нутгийн удирдах бүрэлдэхүүнд мал, амьтны гоц халдварт өвчин гарвал хариу арга хэмжээг ямар шат дараатай авах, уг өвчинтэй тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх, төлөвлөгөө нь ямар хууль эрх зүйн заалтуудыг багтаасан байх зэрэг урьдчилан сэргийлэх сургалтуудыг ч хийнэ.
-Онцгой байдлын байгууллагад хэзээнээс ажиллаж байна?
-Би удам залгасан малын эмч мэргэжилтэй. Аав маань малын их эмч, ээж маань малын бага эмч, эхнэр маань бас малын их эмч мэргэжилтэй. ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийг 2010 онд малын их эмч мэргэжлээр төгсөөд тухайн жилээ Мал эмнэлгийн хүрээлэнгийн Гельминт судлалын лабораторид эрдэм шинжилгээний ажилтнаар 2014 он хүртэл ажилласан. Мал эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхад доктор Г.Нямдаваа багш маань “Онцгой байдлын байгууллага малын их эмч мэргэжилтэй хүнийг ажилд сонгон шалгаруулж авна гэж зарласан байна. Чи шалгалт өгөөд үз” гэж зөвлөснөөр 2014 оны долдугаар сард шалгалт өгөөд тэнцэж байлаа. Түүнээс хойш буюу 2014 оноос өнөөдрийг хүртэл 12 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
-Ажил, үүргийн өөрчлөлт хэр анзаарагдаж байв. Хэрэгжүүлсэн томооохон үйл ажиллагаанууд юу байсан талаар яриагаа үргэлжлүүлье?
-Эрдэм шинжилгээний ажилтнаас удирдлага зохион байгуулалтыг хэрэгжүүлэх үүргийг хүлээхэд амаргүй үе байсан. Өвчний нөхцөл байдлыг газрын зурагт буулгах гэх мэтээр суралцах зүйл олон байлаа. Энгийн сургууль төгссөн төрөл мэргэжлийн албан тушаалтан учраас цэргийн хүн болоход суралцсан. Ажилд ороод анхны гоц халдварт өвчний голомтод ажилласан нь 2015 оны нэгдүгээр сард зүүн аймгуудад гарсан хонины цэцэг өвчний хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, өвчилсөн малыг зориудаар устгах, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг даалгавар байсан.
Үүнээс хойш улсын хэмжээнд тохиолдсон мал, амьтны гоц халдварт өвчний тархалтыг зогсоох, голомтыг устгах арга хэмжээг хэрэгжүүлэх ажилд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажилласан байна. Тухайлбал, 2017, 2018 онд баруун аймгуудаар дамжиж орж ирсэн бог малын мялзан өвчний үед 28 хоногийн хугацаатай голомтод ажиллаж, баруун хилээр вакцин татан авах ажиллагааг зохион байгуулж, тус вакцинаа баруун таван аймгийн мал сүрэгт хийх, малын эмч, холбогдох албан тушаалтан, хүмүүсийн дайчилгааг зохион байгуулах зэргээр бүх ажиллагааг хэрэгжүүлсэн. Мөн Булган аймагт бүртгэгдсэн Африкийн гахайн мялзан өвчний голомтод ажилласан.
-Ямар үед мэргэжлээрээ бахархдаг вэ?
-Монгол Улс малын гоц халдварт өвчингүй тайван байна гэдэг нь мал эмнэлгийн салбарын, малын эмч мэргэжилтэй хүн бүрийн зүтгэл, үр дүн шүү дээ. Мал эрүүл бол хүнс эрүүл. Хүнс эрүүл бол хүн эрүүл. Монгол Улсын 70 сая малын эрүүл мэндийн төлөө малын эмч мэргэжил эзэмшсэн хүмүүс л ажилладаг. Орон нутагт өнөөдрийн байдлаар малын их эмч, мэргэжилтэн дутагдалтай, насжилт өндөр болсон нь ажиглагдсан.
Малын гоц халдварт өвчин улирал харгалзахгүй гардаг онцлогтой. Халуунд халж, хүйтэнд хөрч мал сүргийн эрүүл мэндийн төлөө энэ бүх ачааг цөөхөн хэдэн малын эмч хариуцаж, хүн ардын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын төлөө ажилладаг нь бахархмаар сайхан байдаг.
-Малын эмч болоход аав ээж нь хамгийн их нөлөөлсөн байх гэж бодогдлоо?
-Би айлын отгон хүүхэд. Аав минь малын их эмч болохоор манай гэр бүлээс нэг хүн заавал малын эмч болох ёстой гэдэг байсан. Тэгээд л аавынхаа тэр мөрөөдлийг биелүүлж, малын их эмч мэргэжлийг сонгосон. Малын эмчийн хүүхэд болохоор зуны амралтаараа аавыгаа дагаад мал угаалгын ажлаас эхлээд ариутгал халдваргүйтгэл, жижиг мэс заслын ажил дээр тусалж дэмжээд явдаг байлаа. Дээр нь хөдөөний хүүхэд учраас малынхаа анатоми бүтцийг ерөнхийд нь мэднэ. Их сургууль мал, амьтны анатом бүтцийг мэргэжлийн түвшинд заагаад ирэхээр сонирхолтой болж, мэргэжилдээ дурлаж эхэлсэн.
-Танай хүүхдүүдээс аавынхаа мэргэжил эсвэл албыг өвлөх хүн анзаарагдаж байна уу?
-Манайх гурван хүү, нэг охинтой. Эрэгтэй хүүхдүүд болоод ч тэр үү эсвэл аав нь цэргийн хувцас өмсөөд, цол зүүгээд ажиллаж байгаа нь хүүхдүүдэд маань нөлөөлсөн байх. Том хүү маань өөрийн хүслээр БХИС-ийн харьяа “Тэмүүжин өрлөг” сургуулийн 12 дугаар ангид суралцаж байгаа. Нөгөө хоёр нь ч цэргийн хүн болох тухай ярьдаг юм. Тодорхой хугацааны дараа бодол, санаа нь өөрчлөгдөхгүй л бол хүсэл мөрөөдлиийг нь дэмжинэ гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье?
-Баярлалаа. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны I тогтоолоор тухайн үеийн Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш 22 жил болж байна. Энэ байгууллагын нэгэн эд эс болж, хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэдэг гэдгээрээ бахархдаг. Монгол орныхоо өнцөг булан бүрт мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа нийт ажилтан, алба хаагчдад баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилтыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 115 (7857)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn