Б.НАНДИН

 

Франц, Герман, Итали, Испани зэрэг Европын орнуудад агаарын температур 40-41 хэмд хүрч, хэт халалт үргэлжилж байна. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Европт хэт халалтын давтамж, үргэлжлэх хугацаа, нэмэгдэх болсон нь анхаарал татаж байна. Өмнө нь хэдэн жилд нэг тохиодог байсан халуун бараг жил бүр давтагдах болсон. Тиймээс ч Европын улс орнууд өмнө нь хэт халалтын үеэр иргэдэд зөвлөмж хүргэж, эмнэлгүүдийн ачааллыг даахуйц бэлэн байдлаа нэмэгдүүлдэг байсан бол энэ удаа хотын үйлчилгээ, нийтийн тээвэр, соёл урлагийн арга хэмжээ, аялал жуулчлал, эрчим хүчний хэрэглээ зэрэг өдөр тутмын амьдралын бараг бүх салбарт бодлогын өөрчлөлт хийж эхэлжээ.

Франц улс гэхэд 35 бүсэд хамгийн өндөр буюу улаан түвшний сэрэмжлүүлэг гаргаж олон нийтийн аюулгүй байдлыг хангах тусгай төлөвлөгөө гарган ажиллаж эхэлжээ. Тухайлбал, жил бүрийн зургадугаар сарын 21-нд болдог Fête de la Musique хөгжмийн баярын үеэр архи хэрэглэхийг хориглож, иргэдийг халуунд удаан хугацаагаар гадаа байхгүй байхыг зөвлөсөн байна. Парис хотын захиргаа мөн бүх томоохон цэцэрлэгт хүрээлэнгээ 24 цагаар нээлттэй ажиллуулж, сэрүүцүүлэх төвүүд, усан мананцар бүхий цэгүүдийг нэмэгдүүлжээ. Эйфелийн цамхаг орчим, олон нийтийн талбайд ундны ус түгээх болон түр амрах цэгүүдийг байгуулсан бол гал түймрийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байна. Зарим гадаа болдог спортын арга хэмжээг цуцалжээ.

Хэт халалт Европын өмнөд хэсгээр хязгаарлагдахгүйгээр төв болон баруун Европыг бүхэлд нь хамарч байгаа нь энэ удаагийн онцлог. Францын зарим бүсэд 41 хэм хүрч, Герман 38 хэм давж, Испани, Итали даяар олон жилийн дээд үзүүлэлтэд ойртож байна.

Германд халууны сэрэмжлүүлэг зарласан бол Испанийн нийслэл Мадрид хотод хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолт үзэгчдэд зориулсан задгай талбайг түр хугацаанд хаажээ. Польшид иргэд сэрүүцэх боломж хайн гол нуурын эрэг, ногоон байгууламжийг олноор зорих болжээ. Энэ удаагийн халалтын давлагааг 2003, 2019 оны түүхэн халалттай эн зэрэгцэх хэмжээнд хүрч болзошгүй гэж мэргэжилтнүүд үнэлжээ. Цаг уурын байгууллагуудын мэдээлснээр халалтын оргил халалт ирэх хоногуудад үргэлжлэх төлөвтэй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Европт халалттай холбоотойгоор 200 мянга гаруй хүн нас барсан бөгөөд эдгээрийн ихэнхийг урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэж үздэг. Иймээс өндөр настай иргэд, хүүхэд, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамгаалах арга хэмжээг улс орнууд онцгойлон авч эхэлжээ.

Европын хувьд хэт халалт нь зөвхөн цаг агаарын асуудал биш болсныг энэ удаагийн шийдвэрүүд харуулж байна. Ялангуяа хөдөлмөрийн бүтээмжийг бууруулж, эрчим хүчний хэрэглээг огцом өсгөж, эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт учруулж байгааг эдийн засагчид анхааруулж байна. Францын Төв банкны ерөнхийлөгч Эммануэль Мулен богино хугацаанд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бүтээмж буурахаас гадна урт хугацаанд эдийн засгийн өсөлтөд ч сөрөг нөлөө үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 117 (7859)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn