Перугийн Анкаш муж дахь цаст Tocllaraju ууланд болсон аймшигт цасан нурангийн улмаас Мексикийн нэрт уулчин, авирагч, уулын хөтөч Daniel Navarro болон түүний гэргий Sandra Covone нар 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр харамсалтайгаар амь үрэгджээ.

Перугийн Уулын хөтөчдийн холбооны ерөнхийлөгч Бето Пинтогийн мэдээлснээр осол ойролцоогоор 5,400 метрийн өндөрт болсон байна. Өглөөний 05:40 цагийн орчимд оргил өөд авирч явсан багийг цасан нуранги дайрснаас болж энэ эмгэyэлт явдал болсон гэж тэрээр мэдээлжээ. Тэдний авирч байсан уулын оргил нь 6,034 метр өндөр аж.

Анкашийн уулын хөтөчдийн Холбоо (AGOEMA) Мексик дэх талийгаачдын гэр бүлд мэдээлэл хүргэж, цогцсыг эх оронд нь хүргэх ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж эхэлжээ.

Цасан нурангид өртсөн Перугийн уулын хөтөч Florentino Calduha амьд үлдсэн боловч бэртэж гэмтэн уулын өндөрлөг хэсэгт гацсан байна. Уулын хөтөчдийн байгууллагын мэдээлснээр цаг агаарын таагүй нөхцөл, газарзүйн хүндрэлээс шалтгаалан газраар аврах ажиллагаа явуулах бараг боломжгүй байгаа ажээ. Тиймээс түүнийг аврах цорын ганц бодит боломж нь нисдэг тэрэг ашиглан агаараас нүүлгэн шилжүүлэх явдал гэж үзэж байна.

Холбогдох байгууллагууд Перугийн Дотоод хэргийн яам болон Батлан хамгаалах яаманд яаралтай нисэх онгоц, нисдэг тэрэг илгээхийг уриалж, “Хүний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Минут бүр үнэтэй” хэмээн мэдэгдсэн байна.

Даниэль Наварро нь Мексикийн уулчдын нийгэмлэгт өндөр нэр хүндтэй, туршлагатай уулын хөтөч байсан бөгөөд олон хүний хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байжээ.

Эх сурвалж: zms.mn