П.АМГАЛАН

 

Алтайн нурууны сүрлэг уулс болох  Жаргалант, Бумбат зэрэг хайрхнаар хүрээлэгдсэн, байгалийн үзэмж бүрдсэн нутаг бол яах аргагүй Ховд аймгийн Чандмань сум. Чандмань сумыг мөн хөөмийн өлгий  нутаг хэмээн нэрлэдэг. Энэ нутгаас төрөн гарсан  уран бүтээлчдийн нэг болох  “Цагаан Лавай” чуулгын хөөмийч, магтаалч, Соёлын тэргүүний ажилтан Б.Баттөрийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор урьж, ярилцлаа. Тэрээр  хөөмийн өв соёлыг түгээхээс гадна товшуур, морин хуур, төмөр хуур, хэл хуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийн хөг эгшгээр үзэгчдийн сонорыг мялааж яваа уран бүтээлч юм.

 

Удам дамжсан хөөмийч

 

Нийтлэлийн маань зочин Б.Баттөр хүмүүний орчлонд төрсөн цагаасаа хөөмийн хөг аялгуунд өссөн гэж хэлж болохуйц. Тэрээр удам дамжсан урлагийн гэр бүлд төрж  өсжээ. Хоёр дүү нь хөөмийч, дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн урлагийн хүмүүс бол хоёр авга ах болон тэдний хүүхдүүд нь урлагийн салбарт ажилладаг байна.

Б.Баттөрийн аав  нь  хөөмийлөхөөс гадна,  гитар тоглодог, сайхан дуулдаг,  хөгжмийн зэмсэг урладаг  байсан нь түүнийг  хөөмийн урлагтай нөхөрлөх үндэс болжээ. Тэрээр 13 настайгаасаа авга ах соёлын тэргүүний ажилтан  хөөмийч Ганболдын шавь болж, хөөмийн урлагийн ур ухаанд суралцаж эхэлсэн байна. “Тайзан дээр гарах айдас, сандралыг даван туулах, мөн тайзан дээрх алхаа гишгээг хүртэл авга ах маань зааж сургаж байлаа” гэсэн юм. Сүүлд  СУИС-д элсэн орж  Одсүрэн багшийн удирдлага дор төгссөнөөр мэргэжлийн уран бүтээлчийн замналаа эхлүүлжээ.

Нийтлэлийн маань зочин 13  настайгаасаа  мэргэжлийн байгууллагад харьяалагдаж эхэлжээ. Анх “Мичид хар чоно” хамтлаг, “Бүх цэргийн дуу бүжгийн чуулга” болон “Сарны чулуу дуу бүжгийн чуулга”-д хөөмийчөөр ажилладаг байжээ. Тэрээр анх 14 настайдаа МҮЭСТО-ны тайзнаа Алтайн магтаал хайлж байсан гэсэн юм.

 

“Мөрдэст уран  бүтээлч байна гэдэг сайхан”

 

Тэрээр “Цэргийн дуу бүжгийн чуулга”-д 1995-2001 оныг хүртэл ажилласан мөрдэст уран бүтээлч юм. Энэ хугацаанд  баг хамт олонтойгоо олон уран бүтээлд ажиллажээ. Энэ тухайгаа “ Мөрдэст уран  бүтээлч  байна гэдэг сайхан.  Тоглолтын үеэр дээлээ өмсөөд үзүүлбэрээ үзүүлдэг бол бусад өдрүүдэд нь цэргийн хувцсаа өмсөөд жагсаалд зогсох нь бахархалтай санагддаг” гэсэн юм.

 Дараа нь 2008 он хүртэл Дуу бүжгийн чуулгад ажиллаж,  ихэвчлэн гадаадын жуулчдад зориулсан  тоглолтод оролцдог байжээ. Мөн энэ хугацаанд  “Бөөгийн дуулал”, “Нарны мөргөл” бүжгэн жүжигт оролцож, хөөмийн, исгэрээ, хархираа зэрэг үзүүлбэрээ толилуулсан байна.

Мөн Европын таван оронд зохион байгуулагдсан фестивальд оролцож,  уран бүтээлээ толилуулжээ. 60 гаруй улсын 700-гаад уран бүтээлч оролцсон олон улсын наадамд  Монгол түмний ондоошил болсон  хөөмийн өв соёлоо сурталчлан таниулсан бахархалтай мөч байсныг  тэрээр онцолсон юм. Бусад орны үзэгчид  хөөмийн урлагийг  ихэд сонирхож, тоглолт дууссаны дараа “Яаж ийм дуу авиа гаргадаг вэ”хэмээн асуух нь цөөнгүй тохиолддог аж.

 

“Хөөмий аль ч жанраар хувирч болно гэхдээ үндсэн язгуур шинж чанараа алдаж болохгүй”

 

Б.Баттөрийн хувьд исгэрээ хөөмийг түлхүү уран бүтээлдээ ашигладаг аж. Мөн Өвөрмонголын Хөх хотод багшилж, олон шавь бэлтгэсэн байна. Хөөмийн урлагийн онцлогийн талаар тэрээр “ Би Хөх хотод хөөмийг зааж сургах чиглэлээр зургаан жил багшилсан. Дийлэнх шавь нар маань өвөрмонголчууд байсан. Монгол түмнийхээ дахин давтагдашгүй өв соёлын нэг хэсэг болсон хөөмийн урлагийн тухай өөрөө ч суралцаж, мөн хүүхдүүдэд  зааж  сургах нь бахархалтай байдаг. 

Хөөмий нь ур чадвараас гадна тэсвэр тэвчээр, дэг журам шаарддаг урлаг. Хоолойгоо хамгаалах, дуугаралтаа тогтвортой хадгалах, амьсгаа зөв хуваарилах зэрэг нь хөөмийч хүний өдөр тутмын дадал байдаг.

Манай нутгийн хувьд долоо найман настайгаас эхлэн анхан шатны дуугаралт зэргээ суралцаж эхэлдэг. Хөөмий сурахад төрмөл авьяас болон хичээл зүтгэл  чухал.Хөөмий аль ч төрөл жанраар хувирч болно. Гэхдээ үндсэн язгуур шинж чанараа алдахгүй байх хэрэгтэй. Цаашид улам хөгжин, олон хүнд хүрээсэй гэж боддог” гэсэн юм.

 

“Цагаан Лавай” чуулга хүүхэд багачуудад урлагийн боловсрол олгож эхэлжээ

 

Өдгөө тэрээр “Цагаан Лавай” чуулгад уран бүтээлээ туурвиж байна. “Цагаан Лавай” чуулга  2018 онд байгуулагдсан бөгөөд  уртын дуу, хөөмий, морин хуур, үндэсний оркестр, ардын бүжиг, бөөгийн бүжиг, цамын бүжиг, уран нугаралт зэрэг Монголын уламжлалт урлагийн олон төрлийг нэгтгэн үзэгчдэд хүргэдгээрээ онцлогтой.  Мөн жуулчдад зориулсан тоглолт тогтмол зохион байгуулахаас гадна дотоодын үзэгчдэд ч уран бүтээлээ хүргэдэг. Сүүлийн жилүүдэд өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор сургалтын төв байгуулж, хүүхэд багачуудад урлагийн боловсрол олгож эхэлжээ. Энэ хүрээнд морин хуур, хөөмий, сонгодог, ардын болон орчин үеийн бүжгийн сургалтыг тогтмол явуулж байгаа гэсэн юм.

Ярилцлагынхаа төгсгөлд тэрээр мэргэжлийнхээ тухайд “Тайзан дээр гарахдаа догдлол бас  хариуцлага давхар мэдрэгддэг. Мөн хөөмий бол  мэдрэмжтэй байхыг шаарддаг урлаг” хэмээн онцолсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 116 (7858)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn