Б.НЯМСҮРЭН
Хөгжил бол хөдөлгөөн. Харин тэр хөдөлгөөнийг зам, тээврийн салбаргүйгээр төсөөлөх аргагүй. Улс орны эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын суурь болсон энэ салбарынхан өчигдөр Сүхбаатарын талбайд цуглаж, иргэдэд үйл ажиллагаагаа нээлттэй танилцууллаа.
Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зохион байгуулж буй “Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжилж байна. Өдөрлөгт Зам, тээврийн яам болон харьяа байгууллагууд болох МИАТ ТӨХК, Иргэний нисэхийн үндэсний төв, Автотээврийн үндэсний төв, “Монголын төмөр зам” ТӨХК, Монгол Улсын Далайн захиргаа зэрэг байгууллагууд оролцож, үйлчилгээ үзүүлэн, бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж байгаа юм.
Өдөрлөгийг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үг хэлэхдээ салбарын өмнө хэрэгжиж буй томоохон төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 128 км төмөр замыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг онцолсон юм. Уг төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотоор дамжин тээвэрлэгддэг 34 нэр төрлийн аюултай ачааг хотыг тойруулан тээвэрлэх боломж бүрдэх аж. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 34 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа салбарын сайд онцлов.
Түүнчлэн Монгол Улс 30 жилийн дараа агаарын навигацийн тоног төхөөрөмжөө шинэчилж байгаа бөгөөд Улаанбаатар хот болон нөөц төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгааг сайд хэлж байлаа. Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Замын-Үүд-Говьсүмбэр чиглэлийн тусгай зориулалтын авто зам, Ханбогд-Мандалговь, Мандалговь-Хөшигийн хөндий чиглэлийн авто замын төслүүдийг эхлүүлээд байна.
Т.Тэлмэн: Түлшний ачааллыг иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй

Энэ удаагийн өдөрлөгийн анхаарлын төвд Монгол Улсын төрийн далбаат, Сүхбаатарын одонт МИАТ ТӨХК байлаа. Учир нь үндэсний агаарын тээвэрлэгч тус компанийн хамт олон түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм.
Өнгөрсөн 70 жилийн хугацаанд тус компани нийт 516 мянган удаагийн нислэг үйлдэж, 26 сая зорчигч тээвэрлэсэн байна. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 2.4 сая гаруй зорчигч тээвэрлэсний хоёр сая нь олон улсын, 450 мянга нь орон нутгийн нислэгийн зорчигч байжээ. Энэ нь өмнөх оноос 13 хувь, цар тахлын өмнөх үеэс 51 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нислэгийн аюулгүй байдлын чанар агаарын тээврийн онцгой анхаарал хандуулах чухал асуудал байдаг. Тэгвэл МИАТ энэ жил олон улсын томоохон аудит, шалгалтуудад амжилттай хамрагдсан амжилтаа нээлттэй өдөрлөгийн үеэр сонирхуулав. Тухайлбал, олон улсын газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын ISAGO аудитад 99.8 хувийн үнэлгээ авчээ. Мөн IOSA аудит болон ICAO-гийн аюулгүй байдлын үнэлгээний бэлтгэл ажлыг хангаж байгаа бол үйлчилгээний чанараа ахиулж, Skytrax-ын гурван одтой үнэлгээг дөрвөн од болгохоор ажиллаж байгаа аж. Мөн Европын холбооны аюулгүй байдлын аудит амжилттай болсноор Монгол Улс хөрш орноос гадна гуравдагч орны карго тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэхээр болжээ.
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн “Өнөөдөр агаарын тээвэр нь зөвхөн зорчигч тээвэрлэх үйлчилгээ биш, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааг дэмжих чухал хүчин зүйл болсон” гэдгийг онцолсон юм.

МИАТ компанийн ойрын үед хэрэгжүүлэхээр зорьж буй томоохон зорилтын нэг нь АНУ руу шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх ажил. Үүний тулд Америкийн Иргэний нисэхийн байгууллагын шаардлагыг хангах ёстой бөгөөд холбогдох бэлтгэл ажил хэдийнэ эхэлжээ. Тухайлбал, өргөн биетэй агаарын хөлөг хүлээн авч, нисэх баг бүрэлдэхүүнээ бэлтгэн, шаардлагатай сургалтуудыг зохион байгуулж байгаа аж. Харин салбарын хэмжээнд тавигдах шаардлагыг бүрэн хангахад ойролцоогоор нэгээс нэг жил хагасын хугацаа шаардагдах төлөвтэй байна.
Олон улсын агаарын тээврийн салбарын нэгэн адил МИАТ-ийн өмнө тулгарч буй хамгийн том сорилт нь түлшний үнэ болоод байна. Компанийн хувьд жилдээ 100-120 мянган тонн түлш хэрэглэдэг бөгөөд түлш нь нийт үйл ажиллагааны хамгийн том зардал болдог. Өмнө нь нийт зардлын 25 орчим хувийг эзэлдэг байсан бол энэ жил 37-38 хувьд хүрч өсжээ. Ойрхи Дорнодын хурцадмал нөхцөл байдал болон нийлүүлэлтийн эрсдэлээс шалтгаалан түлшний үнэ хоёр дахин өссөн байна. Мөн Монгол Улсад ашиглаж буй онгоцны түлш бүрэн импортын хамааралтай хэвээр байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж буй аж. Гэсэн ч компанийн зүгээс тийзийн үнийг огцом өсгөхгүй байх бодлого баримталж, чиглэлээсээ шалтгаалан 8-12 хувийн зохицуулалт хийж байгаа талаар МИАТ компанийн захирал Т.Тэлмэн ярьсан юм.
Нэг талбайд төвлөрсөн үйлчилгээ

Өдөрлөгийн үеэр иргэд зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй төрийн үйлчилгээг газар дээр нь авах боломжтой байлаа. Автотээврийн үндэсний төвийн асарт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, улсын дугаар хадгалах болон солих, гэрчилгээ нөхөн олгох, импортын бүртгэл зэрэг үйлчилгээг үзүүлж байв. Мөн жуулчин тээврийн эрх, мэргэшсэн жолоочийн шалгалт, явуулын техникийн оношилгооны талаар мэдээлэл өгч байсан юм.
Харин “Монголын төмөр зам” ТӨХК-ийнхэн Зүүнбаян-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар энэ онд 17.9 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөснөө танилцуулсан бол Иргэний нисэхийн үндэсний төвийнхэн Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, агаарын навигаци, нисэхийн аюулгүй ажиллагааны үйлчилгээг иргэдэд сурталчилж байлаа.
Түүнчлэн Иргэний нисэхийн Үндэсний төвийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг Улаанбаатар болон Сайншанд хотод бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах, орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх, агаарын навигацийн тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа онцлон танилцуулав.
Ийнхүү зам, тээврийн салбарынхан иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ улс орны хөгжилд чиглэсэн томоохон бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлуудаа нэг дороос танилцуулсан өдөрлөг гурван өдөр Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 113 (7855)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn