Базарбямбын НЯМСҮРЭН

 

АНУ тусгаар тогтнолоо тунхагласны 250 жилийн түүхэн ой энэ жил тохиож байна. Ойд зориулсан цуврал арга хэмжээ дэлхийн олон улс оронд өрнөж байгаа бөгөөд Монгол дахь баярын үйл ажиллагаа энэ сарын эхний амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болсон юм. Энэ үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буангантай түүхэн ой, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсанаа хүргэе.

 

-АНУ тусгаар тогтнолоо тунхагласны 250 жилийн ойг тэмдэглэж байна. Ойн хамгийн чухал ач холбогдлыг та юу гэж үзэж байна вэ.  250 жилийн ойн хүрээнд дэлхий дахинд хүргэхийг хүсэж буй гол мессеж юу вэ?

-АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ой гэдэг зөвхөн Америкийн түүхэн үйл явдал биш. Тийм ч учраас энэ ойг АНУ-аас гадна гадаад улс орнуудад өргөн хүрээнд тэмдэглэж байна. Ингэхдээ тухайн улс орнуудайгаа тогтоосон харилцаа, нөхөрлөл хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг гэдэг утгаар өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа.

Монгол Улс сүүлийн 40 жилийн хугацаанд АНУ-ын Азийн бүс дэх чухал түнш байсаар ирсэн. 250 жилийн ой бол зөвхөн өнгөрсөн үеийн тусгал биш, ирээдүйн тулгуур гэж хэлж болно. Тиймээс Америк, Монголын ард түмний нөхөрлөлийн баярыг тэмдэглэж байна. Ялангуяа хоёр орны иргэд хоорондын солилцоо маш эрчимтэй хөгжиж байгаад би хувьдаа баяртай байдаг. Манай хоёр улс ардчилсан үнэт зүйлсээ, нийтлэг зарчмуудаа тэмдэглэж байгаа гэж ойлгож болно.

- Америк бол олон үндэстэн нэгдсэн улс. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн улс орны хүмүүсээс бүрдсэн гэдэг утгаараа АНУ-ын Тусгаар тогтнолын баяр хамгийн том үндэсний бахархлын баяр болдог. Таны хувьд тусгаар тогтнол гэж юу вэ?

-Миний эцэг эх 1970-аад онд Филиппинээс АНУ-д цагаачилж ирсэн хүмүүс. Ах бид хоёр АНУ-д төрсөн. Тиймээс тусгаар тогтнол, боломж гэдэг ойлголт манай гэр бүлийн хувьд маш утга учиртай зүйл юм. АНУ бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүст мөрөөдлөө биелүүлэх боломж олгодгоороо онцгой улс орон гэж би хувьдаа боддог.

-Ирэх жил Монгол, АНУ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохионо. Монголын ардчиллын хөгжлийг та хэрхэн үнэлдэг вэ?

-Монголын ардчилал бол үнэхээр үлгэр жишээ. Ялангуяа сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд социалист тогтолцооноос бүрэн ардчилсан, зах зээлийн эдийн засагтай тогтолцоо руу амжилттай шилжсэн улс Азид тийм ч олон биш. Тийм ч учраас Монголчуудын ардчиллыг эрхэмлэх хүсэл эрмэлзэл нь бусад орны хувьд үлгэр жишээ болохуйц үнэт зүйл гэж би боддог. Мэдээж ардчилал тодорхой хэмжээнд сорилт бэрхшээлтэй нүүр тулдаг. Энэ дэлхий дээр мэдээж төгс тогтолцоо, төгс улс орон гэж байхгүй. Гэхдээ алдаа дутагдлаа нуудаггүй, харин ил тод хэлэлцэж, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн оролцоотойгоор шийдвэрлэх нь өөрөө ардчиллын мөн чанар. Ялангуяа ард түмнийхээ, иргэдийнхээ, хүсэл зоригт тулгуурласан ардчилсан орнуудын засаглал хамгийн тогтвортой бөгөөд тэсвэртэй байдаг.

-АНУ инноваци, шинэ технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч орны нэг. Ирээдүйн инновацийг та хэрхэн харж байна вэ?

-АНУ бол инноваци өндөр хөгжсөн орон. Хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, цахим салбарын хөгжил дэлхийд тэргүүлэх түвшинд байна. Бид энэ мэдлэг, туршлагаа Монгол зэрэг түнш орнуудтайгаа хуваалцахыг хүсдэг. Үүний зэрэгцээ Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо улам сайжруулж чадвал Америкийн технологийн компаниуд энд үйл ажиллагаа явуулах боломж улам нэмэгдэнэ.

- Та Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулвал илүү боломж нээгдэнэ гэж хэллээ. Ер нь АНУ-ын зүгээс Монголтой хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн тодорхой компани, санал байгаа юу. Таны бодлоор ямар салбарт шинэ боломжууд нээлттэй гэж харагдаж байна вэ?

-Яг одоогоор шууд нэр цохож хэлэх боломжгүй. Гэхдээ миний бодлоор, хиймэл оюун ухаан, дижитал технологи, инновацад суурилсан шинэ салбарууд хамгийн их боломжтой гэж болов уу. Монгол хэдийгээр далайд гарцгүй орон ч эдгээр салбарууд тэр болгон газарзүйн хязгаарлалтаас хамаарахгүй. Тиймээс Монгол Улс дижитал эдийн засгаа хөгжүүлж чадвал зарим бэрхшээлийг давуу тал болгон хувиргах боломжтой гэж бодож байна.

-Америкийн компаниудыг Монголд илүү их хөрөнгө оруулахын тулд бид юу хийх шаардлагатай вэ?

-Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах бодлогоо тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй. Ил тод байдал, хууль эрх зүйн тогтвортой байдал, шударга шүүхийн тогтолцоо нь хөрөнгө оруулагчдын хамгийн их анхаардаг зүйлс. Зөвхөн АНУ гэлтгүй бусад улс орнуудын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид аюулгүй, найдвартай эрх зүйн орчинд ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байх ёстой. Энэ бол Монголын Засгийн газрын нэн тэргүүнд хийх чухал ажлын нэг болов уу гэж бодож байна. Мөн боловсролд хөрөнгө оруулах нь хамгийн чухал. Монгол Улс шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн боловсролыг үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй. Өнөөдрийн хүүхдүүдийг ирээдүйн технологийн салбарт ажиллах ур чадвартай болгох нь урт хугацааны хамгийн зөв хөрөнгө оруулалт гэж би үздэг.

-Тэгвэл хоёр орны хамтын ажиллагааг дараагийн түвшинд хүргэх шинэ салбар юу байж болох вэ?

-Миний бодлоор хамгийн том боломж бол дижитал эдийн засаг юм. Бид энэ чиглэлд хангалттай хамтран ажиллаж амжаагүй байна. Технологи, хиймэл оюун ухаан, инновацын салбар бол газарзүйн байршлаас үл хамаардаг. Тиймээс эдгээр салбарт хамтарвал Монгол далайд гарцгүй байдлаа сул тал биш, харин боломж болгож чадна. Технологийн салбараас гадна эрчим хүчний салбарт том боломж бий гэж бодож байна. Монгол Улсын эрчим хүчний салбар шинэчлэл шаардсан хэвээр байна. Америкийн хөрөнгө оруулалт, технологийг ашиглан шинэ үеийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг хөгжүүлэх боломж бий.

-250 жилийн ойн хүрээнд Монголын уншигчдад хандаж та юу хэлэх вэ?

-Аливаа улс орны харилцаа зөвхөн дипломат харилцаагаар хэмжигдэхгүй. АНУ, Монголын харилцааны гол агуулга нь хоёр ард түмний нөхөрлөлд оршдог гэж би боддог. Америкийн тусгаар тогтнолын 250 жилийн түүхэн ойг тэмдэглэхийн зэрэгцээ Монгол, Америкийн нөхөрлөл хэрхэн бэхжсэнийг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Бид Монгол Улстай тогтоосон харилцаагаараа, бахархдаг. Монголын ардчиллын хөгжлөөр бахархаж ирсэн бөгөөд цаашид ч иргэд хоорондын урсгал, бизнес, эдийн засгийн хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр орны харилцаагаа улам бэхжүүлэхийг хүсэж байна.

 

АНУ-МОНГОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОХ ХӨТӨЛБӨРҮҮД

 

Усны аюулгүй байдлыг хангах 462 сая ам.долларын төсөл

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн санхүүжилтээр хэрэгжсэн Усны компакт хөтөлбөр нь Монгол дахь АНУ-ын хамгийн том буцалтгүй тусламжийн төсөлд тооцогддог. Нийт 462 сая ам.долларын санхүүжилтийн 350 саяыг АНУ, 112 саяыг Монгол Улс гаргасан байдаг. Төслийн хүрээнд Монголын анхны бохир ус дахин боловсруулах үйлдвэр, ус цэвэршүүлэх байгууламжууд баригдсан бөгөөд Улаанбаатар хотын усны хангамжийг урт хугацаанд хамгаалах суурь бүрдүүлснээрээ ихээхэн ач холбогдолтой. Хөтөлбөр 2026 оны гуравдугаар сард албан ёсоор дууссан бөгөөд хоёр орны хамтын ажиллагааны хамгийн том бүтээн байгуулалтын нэгээр нэрлэгдэж байна.

 

Хүүхэд хамгааллын компакт түншлэл

Монгол, АНУ 2020 онд Хүүхэд хамгааллын компакт (CPC) түншлэлийг байгуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас 6.5 сая ам.долларын дэмжлэг үзүүлж, хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэн ажиллаж байна. Төсөлд Дэлхийн Зөн, Азийн сан болон үндэсний байгууллагууд оролцож байгаа бөгөөд анх дөрвөн жилийн хугацаатай эхэлсэн ч 2028 он хүртэл сунгахаар болсон. Хөтөлбөрийн үр дүнд хүүхэд хамгааллын үйлчилгээ, хууль эрх зүйн орчин, мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах ажил үргэлжилж байна.

 

Fulbright: Монголын ирээдүйн манлайлагчдыг бэлтгэж байна

Фулбрайтын хөтөлбөр Монголд 1994 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын хооронд нийтдээ 400 орчим эрдэмтэн, судлаач, оюутны солилцоо хийгдсэн байна. Монголын Засгийн газартай хамтарсан Fulbright Foreign Student хөтөлбөрөөр 130 гаруй монгол залуу АНУ-д магистр, судалгааны түвшинд суралцжээ. Боловсрол, инженерчлэл, байгаль орчин, эрүүл мэнд, уул уурхай зэрэг салбарын олон удирдагч, судлаачид энэ хөтөлбөрийн төгсөгчид болсон байна. Мөн АНУ жил бүр Монголд 120 орчим боловсролын тэтгэлэг, солилцооны боломжийг санхүүжүүлдэг.

 

Энх тайвны корпусын 35 жилийн хамтын ажиллагаа

АНУ-ын Энх тайвны корпус Монголд 1991 оноос ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд олон мянган америк сайн дурын ажилтан Монголын аймаг, сумдад ажиллаж, англи хэлний боловсрол, залуучуудын хөгжил, орон нутгийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Хөтөлбөр нь хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлсэн хамгийн урт хугацааны хамтын ажиллагааны нэг гэж үнэлэгддэг.

 

Ардчилал ба сайн засаглалын дэмжлэг

USAID болон АНУ-ын Засгийн газар 1990-ээд оноос хойш Монголын ардчилал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэний нийгэм, шүүхийн шинэчлэл, авлигатай тэмцэх чиглэлээр тогтмол дэмжлэг үзүүлж ирсэн. Эдгээр хөтөлбөрүүд нь Монголын ардчиллын институцуудыг бэхжүүлэхэд чиглэсэн бөгөөд хоёр улсын стратегийн түншлэлийн чухал хэсэг хэвээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 113 (7855)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn