Оёдлын машины өдөр /Sewing Machine Day/ жил бүрийн зургаадугаар сарын 13-нд тохиодог. Албан ёсны баяр биш ч гэлээ оёдлын салбарынхан, техник технологийн түүх сонирхогчид тэмдэглэдэг энэ өдрийн талаарх мэдээллийг “Зууны нэг өдөр” булангаараа хүргэж байна.
Оёдлын машиныг хэн анх зохион бүтээсэн нь өнөөдөр ч маргаантай сэдэв. Учир нь XVIII–XIX зууны үед янз бүрийн улс оронд ижил төстэй төхөөрөмжүүд бараг зэрэг бий болсон бөгөөд тэдгээр нь ажиллах зарчим, техникийн шийдлээрээ ялгаатай байжээ.
Оёдлын машины анхны санааг XV зуунд суут зохион бүтээгч Leonardo da Vinci дэвшүүлсэн гэж үздэг. Харин зарим эх сурвалжид XIV зууны үед Нидерландад дарвуул оёх ажлыг хөнгөвчлөх төхөөрөмж ашиглаж байсан тухай дурдсан байдаг.
1755 он: Германы зохион бүтээгч Charles Fredrick Wiesenthal гар оёдлын хөдөлгөөнийг дуурайсан оёдлын төхөөрөмжийн патент авчээ.
1790 оны зургаадугаар сарын 13: Английн зохион бүтээгч Thomas Saint арьс, дарвуул оёх зориулалттай анхны оёдлын машины патент авчээ. Тиймээс энэ өдрийг Оёдлын машины өдөр болгон тэмдэглэх болсон байна.
1810-аад он: Австрийн оёдолчин, зохион бүтээгч Josef Madersperger үзүүр хэсэгтээ сүвтэй зүү ашигласан машиныг бүтээжээ.
1830 он: Францын зохион бүтээгч Barthélemy Thimonnier минутанд 200 оёдол хийх чадвартай машиныг зохион бүтээж, жижиг үйлдвэр байгуулсан ч ажилчдын эсэргүүцлийн улмаас үйлдвэр нь сүйтгэгдсэн байна.
1845 он: Америкийн зохион бүтээгч Elias Howe минутанд 300 оёдол хийх чадвартай, челнокон оёдолтой машиныг бүтээж томоохон дэвшил гаргав.
Зингер: Оёдлын машины хөгжлийн түүхэнд хамгийн алдартай нэр бол Isaac Merritt Singer юм. Тэрээр 1851 онд өөрийн сайжруулсан загварыг танилцуулж, улмаар Singer Corporation компанийг байгуулсан.
Зингер нь машины найдвартай ажиллагааг сайжруулсан, ашиглахад илүү хялбар болгосон, засвар үйлчилгээ хийх боломжийг нэмэгдүүлсэн, үнэ өртгийг харьцангуй бууруулсан шинэчлэлийг хийсэн байна.
Үүний үр дүнд XIX зууны төгсгөл гэхэд оёдлын машин дэлхий даяар өргөн тархаж, олон айл өрхийн мөрөөдлийн эд зүйл болсон байна. Тиймээс Оёдлын машины өдөр нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, хувцас үйлдвэрлэл болон өрхийн аж ахуйд хувьсгал хийсэн энэхүү гайхамшигт бүтээлийг эргэн дурсах өдөр юм.
Эх сурвалж: zms.mn