Оросын кино урлагийн хамгийн амжилттай төслүүдийн нэг болох “Холоп” киноны гуравдугаар анги энэ зургаадугаар сарын 11-нээс Оросын кинотеатруудад гарч эхэлжээ. Баян айлын дураараа  зоргоороо залууг түүхэн адал явдлаар дамжуулан дахин хүмүүжүүлэх тухай өгүүлдэг энэхүү кино нь  оросын кино урлагийн гоц нэгэн амжилт болж байгаа аж. Ашиг орлогоороо тэргүүлж байгаа тухайд тэрбум рублийн тухай яригдаж байгааг тус улсын хэвлэлүүд бичиж байна.

“Холоп”-д гол дүрийг бүтээсэн Сербийн жүжигчин Милош Бикович /Miloš Biković/ Оросын ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа шинэ кино, урлагийн үнэ цэн, гэр бүлийн хүмүүжил болон Орос-Сербийн хамтын ажиллагааны талаар ярьжээ.

Гришагийн шинэ сорилт

Жүжигчин Милош Биковичийн хэлснээр “Холоп-3” кинонд гол дүрийн баатар Гриша дахин нэг шат ахиж төлөвшдөг байна. “Өмнөх ангиудад тэр ямар хүн байж болохгүйгээ ойлгосон бол энэ удаад хэрхэн зөв амьдрах вэ гэдгийг сурах хэрэгтэй болно. Бэлэн хариултыг хэн ч өгч чадахгүй” хэмээн тэр ярьжээ.

Шинэ киноны үйл явдлын нэг хэсэг нь Их Петр хааны үед өрнөх бөгөөд тухайн үеийн агуу зорилготой хүмүүсийн дунд орчин үеийн хүний үнэ цэн, хариуцлагын асуудлыг харуулахыг зорьсон байна.

Амжилтын нууц нь өөрчлөгдөх боломж

Биковичийн үзэж байгаагаар “Холоп” кино үзэгчдийн сэтгэлд хүрсэн шалтгаан нь гол дүрийн өөрчлөлт юм. “Орос хүмүүс бусдаас дээгүүр тавьдаг эрх танхил хүнийг таашаадаггүй. Гэхдээ тэдэнд өршөөл нигүүлсэл маш хүчтэй байдаг. Үзэгчид баатрыг шийтгүүлэхээс илүүтэй өөрчлөгдөж, аврагдахыг нь харахыг хүсдэг” гэж ярьжээ.

Тэрээр мөн “Хүмүүс өөрчлөгддөггүй” гэсэн ойлголттой санал нийлдэггүйгээ илэрхийлсэн байна. “Хэрэв хүмүүс өөрчлөгддөггүй байсан бол хүн төрөлхтөн оршин тогтнохгүй байх байсан. Бид алдаа, сорилт, шийдвэрээрээ дамжин өөрчлөгддөг” гэж Бикович онцолжээ.

“Оросын соёлын код бол өршөөл нигүүлсэл”

Оросын соёлын мөн чанарыг нэг үгээр тодорхойлохыг хүсэхэд жүжигчин “өршөөл нигүүлсэл” гэж хариулсан байна. Орос хүний сэтгэлийн уужуу чанар, хайрлах, бүтээх, алдах, гэмших, дахин урагшлах чадвар нь тус улсын соёлын онцлог гэж тэрээр үздэг гэдгээ ярилцлагадаа дурджээ.

Хүүгээ соёлтой хүн болгохыг хүсдэг

Саяхан аав болсон жүжигчин хүүдээ заавал орос уран зохиол уншуулахыг шаардахгүй гэнэ. “Оросын уран зохиол бол дэлхийн хамгийн агуу өвүүдийн нэг. Хэрэв хүн боловсролтой, соёлтой болохыг хүсвэл өөрөө түүнд хүрнэ. Миний хүсэл бол хүү маань соёлтой хүн болж төлөвших явдал” гэсэн байна.

Урлагийн үнэ цэн юу вэ?

Сүүлийн жилүүдэд кино урлагт үргэлжлэл болон дахин бүтээсэн кино олширч буй талаар асуухад Бикович үүнийг асуудал гэж үздэггүйгээ хэлжээ.  “Дэлхийн олон шилдэг кино дахин бүтээгдсэн байдаг. Урлагийн хамгийн том үнэ цэн нь шинэ санаа биш, харин чин сэтгэл юм. Зохиогч бүтээлдээ хэр их үнэнч, хэр их хайр шингээж чадсан нь хамгийн чухал” гэдгийг тэмдэглэсэн байна.

Оросын кинонд бардамнах зүйл бий

Биковичийн үзэж байгаагаар Оросын кино урлагийг Холливудтай харьцуулах нь төдийлөн зөв биш аж. Түүний хэлснээр жүжиглэлт, найруулга, уран бүтээлийн чанарын хувьд Оросын кино урлаг бахархах зүйл ихтэй бөгөөд дэлхийн жүжигчний сургалтын тогтолцоонд хүртэл хүчтэй нөлөө үзүүлсэн гэдгийг онцолсон байна.

Харин олон улсын зах зээлд түгээх, сурталчлах системийн хувьд Холливуд давуу талтай хэвээр байгаа аж.

Оросын иргэншил авсандаа харамсдаггүй

ОХУ-ын иргэншил авснаар олон улсын карьерын зарим боломжоо алдсан гэдгээ тэр хүлээн зөвшөөрсөн байна. Гэсэн ч үзэгчдийн хайр, хамт олны хүндлэл, өөрийгөө том гэр бүлийн нэг хэсэг болсон гэх мэдрэмж нь аливаа карьерын тооцооноос илүү үнэ цэнтэй гэж үздэг аж.

“Зарчмууд үнэ төлбөргүй байдаггүй. Хэрэв тэдгээрийн төлөө ямар нэг зүйлээ золиослох шаардлага гарахгүй бол жинхэнэ үнэ цэнтэй гэж хэлэхэд хэцүү” гэж тэр хэлсэн байна.

Шинэ бүтээлүүд

Милош Бикович энэ онд “Холоп-3”, “Империйн мэндэлсэн нь”, “Нууц хот” зэрэг төслүүдээр үзэгчидтэй уулзах бол ирэх онд үзэгчдэд хүрэх “Альпийн баллад” кинон дээр мөн ажиллаж байна.

Тэрээр мөн Орос, Сербийн хамтарсан түүхэн сэдвүүдээр олон сонирхолтой кино бүтээх боломж бий гэж үзэж байгаа бөгөөд Белградыг чөлөөлсөн үйл явдал болон хоёр ард түмний хамтын түүхээс сэдэвлэсэн томоохон кинонууд ирээдүйд төрнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: zms.mn