Олон хүний хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлэх “зөв цаг” ирэхийг хүлээсээр байдаг. Карьераа өөрчлөх, аялалд явах, эсвэл боломжгүй мэт санагдах зорилгоо хэрэгжүүлэх тэр мөч хэзээ нэгэн цагт ирнэ гэж хүлээдэг. Харин Энэтхэг гаралтай, Дубайд ажиллаж, амьдардаг банкны удирдах ажилтан Шрадха Гупта хүлээхээ больж, амьдралаа өөрчлөх шийдвэр гаргаснаар дэлхийн хамгийн өндөр оргилд хүрч чаджээ.
Тэрээр саяхан далайн түвшнээс дээш 8849 метр өндөрт орших Эверестийн оргилд амжилттай гарсан байна. Гэхдээ түүний амжилтын үнэ цэнэ зөвхөн Эверестэд гарсанд бус, уулчны замналаа эхлээд дөнгөж гурван жил л болж байгаад оршиж байна.
Шрадха Гупта ердөө гурван жилийн өмнө уулчин байгаагүй. Тэрээр Ойрхи Дорнод дахь бизнесийн үйл ажиллагааг удирддаг, олон улсын санхүүгийн салбарт өндөр албан тушаал хашдаг туршлагатай банкир байв. Тэр үед бол уулын тухай түүний бодол адал явдал хайгчид, тамирчид, насан туршдаа авиралт хийсэн хүмүүсийн ертөнц гэдгээр л хязгаарлагдаж байжээ.
Гэвч 2020 онд тохиолдсон ноцтой осол түүний амьдралыг өөрчилсөн байна. “Гурван жилийн өмнө би уулчин биш байсан. Амьдралынхаа хамгийн хүнд үеийг даван туулж байлаа. Ноцтой осол надад өмнө нь өөрөөсөө асууж амжаагүй асуултуудыг тавих боломж өгсөн” хэмээн тэр дурсжээ.
Олон хүний хувьд хүнд сорилт ухрах шалтгаан болдог. Харин Гуптагийн хувьд энэ нь шинэ амьдралын эхлэл болсон байна.
Тэр эхлээд Африкийн хамгийн өндөр оргил болох Килиманжарог зорьжээ. Дараа нь Европын ноён оргил Эльбрус, Өмнөд Америкийн хамгийн өндөр уул Аконкагуаг эзэлсэн байна.
“Килиманжарод гарах нь өөртэйгөө хийсэн нэгэн сорилт байсан. Дараа нь Эльбрус, Аконкагуа. Оргил бүр зөвхөн уулын оргил биш, харин миний шинэ хувилбар төрж буйн баталгаа байсан” гэж тэр ярьжээ.
Гупта 2025 оны есдүгээр сард дэлхийн найм дахь өндөр уул болох Манаслугийн оргилд хүрсэн байна. Харин түүнээс хойш нэг жил хүрэхгүй хугацаанд Эверестийг эзэлжээ.
Эверестэд гарахын тулд олон уулчин арав гаруй жил бэлтгэл хийдэг. Тиймээс түүний амжилт эргэлзээ дагуулсан нь мэдээж. Тэрээр “Хэтэрхий яарч байна, үнэхээр бэлэн үү” гэсэн асуулт олонтаа сонссон байна. Гэхдээ бусдын эргэлзээг өөрийнхөө эргэлзээ болгоогүй учраас тэрээр амжилтад хүрч чаджээ.
Эверестийг зөвхөн цас, өндөрлөг, хүйтэнтэй хийх тэмцэл гэж ойлгодог. Гэвч уулчдын ярьдгаар хамгийн том тулаан хүний дотоод ертөнцөд өрнөдөг. Өндөр уулын бүсэд хүчилтөрөгчийн хэмжээ эрс багасч, алхам бүр асар их хүч шаарддаг. Тийм мөчид хүнийг зөвхөн зорилго нь л урагшлуулдаг гэж Гупта үздэг.
Гупта хэлэхдээ “Би дэлхийд ямар нэг зүйл батлах гэж авираагүй. Харин амьдралын бүх сорилтын дараа ч босоод зогсож чадна, өөрийнхөөрөө амьдарч чадна гэдгээ өөртөө харуулахыг хүссэн” гэжээ. Хамгийн хүнд мөчүүдэд ууланд зөвхөн нэг асуулт өөрөөсөө асуудаг. “Би дахиад нэг алхам хийж чадах уу?”. Оргилыг биш, бариаг биш, ердөө дараагийн алхмаа л боддог” гэж тэрээр мөн ярьсан байна.
Шрадха Гупта өнөөдөр ч дэлхийн хэмжээний банкны удирдах ажилтнаар ажилласаар байна. Тэр уулчин болсон гэж өмнөх амьдралаасаа татгалзаагүй. Олон хүн карьерын амжилт, хувийн мөрөөдөл хоёрын аль нэгийг сонгох ёстой гэж боддог. Харин Гупта үүнтэй санал нийлдэггүй нэгэн. “Амбиц бол хязгаартай нөөц мэтээр биднийг хүмүүжүүлдэг. Цаг хугацааг карьертаа зарцуулбал мөрөөдөлдөө зориулах цаг зав үлдэхгүй гэж ойлгуулдаг. Гэвч үнэн хэрэгтээ эсрэгээрээ байдаг” хэмээн тэр ярьжээ.
Түүний үзэж байгаагаар уулс түүнд ажлын талбарт ч хэрэгтэй ур чадваруудыг суулгаж өгсөн байна. Энэ тухай тэрээр “8000 метрийн өндөрт алдаа гаргах эрхгүй нөхцөлд тайван байж сурсан хүн аливаа нөхцөл байдлыг зөв үнэлж, яаралгүй шийдвэр гаргах чадвартай болдог” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Гуптагийн амжилт бол насны тухай ойлголтыг эвдэж буй өвөрмөц жишээ туршлага болж байна. Олон хүн өөрийгөө хэтэрхий хөгшин, туршлагагүй эсвэл оройтсон гэж үзэн мөрөөдлөөсөө татгалздаг. Харин тэрээр 40 насандаа уулын спортоор хичээллэж эхэлсэн ч Манаслу, Эверестийн оргилд хүрч чаджээ. Тиймээс тэрээр “Яагаад бид бүхнийг тодорхой насанд амжуулах ёстой гэж боддог юм бэ? Энэ дүрмийг хэн зохиосон юм?” гэж настай холбоотой асуултыг асуултаар хариулжээ.
Манаслугийн оргил өөд авирч явахдаа “Энд байх зөвшөөрлийг надад хэн ч өгөөгүй. Би өөрөө өөртөө өгсөн” гэдгээ ойлгосон нэгэн чухал бодол түүнд төрсөн гэнэ. Түүний бодлоор хүнийг хязгаарладаг хамгийн том саад бол өөрийнх нь дотор байдаг. Тиймээс Гупта “Бидний ихэнх дүрэм өөрсдийн бүтээсэн хязгаарлалтууд байдаг. Тэдгээрээс ангижирч чадвал боломжгүй зүйл бараг үгүй” гэж хэлж байна.
Шрадха Гуптагийн замнал бол Эверестийн оргилд хүрсэн тухай бус, харин амьдралд оройтсон мөрөөдөл гэж байдаггүйг харуулсан гэж The Times of India бичжээ. Заримдаа оргилд хүрэх аялал нэг алхмаас эхэлдэг бөгөөд тэр алхмыг хийх зөвшөөрлийг хүн өөрөө л өөртөө өгдөг ажээ.
Эх сурвалж: The Times of India