Г.ХҮСЛЭН

 

"Зууны мэдээ" сонин энэ удаагийн "Эмч зөвлөж байна" буландаа “Буянт ээж” эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, профессор, эмч Б.Наранцэцэгтэй зүрхний архаг дутагдал болон хэм алдагдлын талаар ярилцлаа

 

-Монголчуудын дунд зүрхний өвчлөл нэмэгдэж, нас баралтын шалтгааны дийлэнх хувийг эзэлж байна. Танай “Буянт ээж” эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд ямар өвчлөл илүү их ажиглагдаж байна вэ?

-Манай эмнэлгээр үйлчлүүлж буй 100 хүн тутмын 70 хувь нь “зүрхний архаг дутагдал” гэсэн оноштой байна. Зүрхний архаг дутагдал бол чимээгүй, өвчилсөн хүндээ зовуурь багатай хэр нь гэнэтийн нас баралтын ихэнх хувийг эзэлдэг аюултай өвчин. Иргэд нэг зүйлийг маш сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Зүрхний шигдээс гэдэг нь гэнэт судас бөглөрч үүсдэг өвчин. Өвдөлт ихтэй өвчний үед бол хүн өөрөө гүйгээд эмчид очдог. Гэтэл зүрхний архаг дутагдал нь өвдөлт өгдөггүй бөгөөд зүрхний булчин агших чадваргүй болсноос үүсдэг.

Ингэж ашигтай чадвар нь унасан эсвэл хэм алдагдсаны улмаас зүрх шууд зогсчихдог аюултай. Зовуурь багатай учраас Монголчууд зүрхний архаг дутагдалтай гэдгээ эрт мэдэж чаддаггүй. Архаг дутагдалтай өвчтөнд хэм алдагдах хүндрэл үүсдэг. Зүрхний хэм түргэсэх нь өвчтөндөө зовуурьтай байдаг бол, удаашрах нь чимээгүй явсаар байгаад хүнийг унтаа байдалд оруулж, улмаар зүрх зогсоход хүргэдэг.

-Тэгвэл хүн зүрхний архаг дутагдалтай болсноо ямар шинж тэмдгээр мэдэж болох вэ?

-Амьсгаадаж, үе үе толгой эргэх, бөглөрч байгаа мэдрэмж төрөх, ядрах, сульдах зэрэг зовуурь илэрдэг. Хүмүүс үүнийг ядаргаанд орчихлоо гэж ойлгоод байдаг. Ингээд эмнэлэгт хэвтэж, дусал тариа хийлгэнэ гэдэг. Гэтэл энэ нь ядаргаа биш зүрхний архаг дутагдал гэж  оношлогддог. Мөн сүүлийн үед зохисгүй хэрэглээнээс үүдээд зүрхний архаг дутагдал  илүү их үүсэж байна. Жишээлбэл, архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт их байна. 100 грамм муу архи уухад л зүрхний булчингуудад өөрчлөлт өгдөг. Энэ мэт зохисгүй хэрэглээнээс үүдэж зүрхний архаг дутагдал илүү их үүсэж байна.

-Зүрхний өвчний үед хаван үүсдэг гэдэг. Зүрхний хаванг бусад эрхтний хавангаас яаж ялгах вэ?

-Ихэвчлэн хөлийн шилбэ, шагайгаар хавагнадаг. Хавагнах шалтгаан янз бүр байдаг. Бөөр өвдөхөөр хавагнана, бодисын солилцооны өөрчлөлтийн үед болон хэт цус багадалтын үед ч хавагнадаг. Эдгээр хаванг яг юунаас болсныг ялгаж салгахын тулд цусны ерөнхий шинжилгээ хийж, зүрхний эход харуулах шаардлагатай.

-Та зүрх бол хамгийн амархан оношлогддог эрхтэн гэж хэлсэн. Үүнийг дэлгэрүүлбэл?

-Бөөр, элэгний өвчнийг оношлохын тулд олон шинжилгээ өгч илрүүлдэг. Гэтэл зүрхний өвчнийг зүрхний цахилгаан бичлэгээр илрүүлэх бүрэн боломжтой. Ердөө гуравхан минут зарцуулаад зүрхний бичлэг хийхэд  аппаратад маш олон өвчин тодорхой гарч ирдэг. Зүрхний өвчин нь архаг байна уу, даралтаас болж уу, бамбайн булчирхай эсвэл бодисын солилцооны хам шинжээс шалтгаалж уу гэдгийг хэлээд өгнө. Түүнчлэн зүрхний титэм судасны цусан хангамж ямархуу байна, өөрчлөлт нь хаанаа байна гэдгийг хамгийн түрүүнд оношилдог зүйл бол зүрхний цахилгаан бичлэг юм. Энэ бол хамгийн үнэ өртөг багатай мөртлөө өвчтөндөө хамгийн их өгөөжтэй оношилгоо юм.

-Зүрхний архаг дутагдалтай гэж оношлогдсон тохиолдолд эмчилгээний үр дүн ямар байдаг вэ? Манай улсын хувьд энэ төрлийн эмчилгээ хэр хөгжсөн бэ?

-Хэрэв архаг дутагдалтай байлаа гэхэд судасны бүлгэн нь бөглөрөөгүй л бол эмчилгээ оройтоогүй гэсэн үг. Гэхдээ үнэнийг хэлэхэд, манай улсад зүрхний архаг дутагдлын эмчилгээ үндсэндээ алга. Гадны улс оронд гуравхан сарын турш эмийн эмчилгээгээр л эмчилчихдэг. Энэ нь тийм ч хэцүү эмчилгээ биш. Судасны бүлэгнэх чадварыг нь тодорхойлоод, судас дотор байгаа цусыг шингэлэх, зүрхний агших чадварыг дэмжих, эм өгөх эсвэл агшаадаг аппарат тавьдаг. Ингээд гурван сарын дотор тэр хүн эрүүл болдог. Манай улсад одоогоор тийм чадвар, нөхцөл алга байна. Дээрээс нь эмч нар нь мэргэшээгүйгээс гадна цөөн эмчтэй байна. Эдийн засгийн нөхцөл бололцоо ч маш муу байна. Бусад улс орнууд энэ эмчилгээг хэвшүүлчихсэн байдаг. Ирээдүйд манай улс орон тийшээ чиглэх байх л гэж найдаж байна.

-Зүрхний аппартны талаар дурдлаа. Энэ аппаратыг хаана суулгуулж байна, өртөг зардал нь ямар байдаг вэ?

-Зүрхний аппарат жаахан үнэтэй байдаг. Манай эмнэлгийн зүгээс шаардлагатай тохиолдолд өвчтөнүүдээ Турк, Солонгос руу явуулж байна. Туркд 33 сая төгрөг, Солонгост 38 сая төгрөгөөр тавигддаг. Сүүлийн үед аппараттай өвчтөнүүд олширч байна. Гэхдээ аппарат тавиуллаа гэхэд хяналт маш чухал боловч манай улсад байхгүй байна. Уг нь тэр аппаратаар дамжуулж зүрхний агшиж байгаа чадвар нь хэдэн хувьтай байна, болж байна уу, үгүй юу гэдгийг байнга хянаж байдаг. Зүрх эцсийн байдлаар хэм алдагдсанаар л зогсдог. Хүмүүс зүрхний шигдээсээр зогсчихлоо гэж ярьдаг ч хэрэг дээрээ зүрх эхлээд цусан хангамжаа сайн шахах гэж цохилт нь гэнэт түргэсэж, явсаар байгаад сүүлдээ удааширдаг. Ингэж удааширч хэм алдсаар байгаад л зүрх зогсдог үйл явц байдаг.

-Тэгвэл зүрхний хэм алдалтаас яаж сэргийлэх вэ?

-Олон улсын стандартад байдаг ч Монголын сурах бичигт бага байдаг нэг зүйл бий. Эрдэмтэн, доктор Өлзийхутаг гуай "Зүрхний хэм алдагдлын үед тархиа сайн шинжлэх хэрэгтэй. Анхдагч команд тархинаас боловсорч зүрхэнд очиж байж зүрх агшдаг" гэж заадаг байсан. Гэтэл одоогийн зүрхний эмч нар зүрхний бичлэгээ хараад л, зөвхөн агшдаг цэг дээр нь энд болохоо байчихлаа гээд зүрхтэйгээ л ноцолдоод байдаг. Энэ нь яг компьютер вирустээд ажиллахгүй байгаатай адилхан. Бид нар тархины судасны бүх талын шинжилгээг хийж, толгойг нь үзэх хэрэгтэй. Тархи сайн ажиллаж байж зүрх сайн ажиллана.

-Хэм алдалтаас яаж урьдчилан сэргийлэх вэ. Өдөр тутамдаа юуг анхаарах ёстой вэ?

-Ер нь агаар, ус, байгаль, ажлын орчин нөхцөл сайн байх чухал. Хүмүүс ажлын найман цагтаа ажилладаг байх, оройн цагаар бага ажиллах, илүү цагаа өөрийнхөө эрүүл мэндэд зориулах хэрэгтэй. Хоёрдугаарт, зөв зохистой хооллох хэрэгтэй. Хэтэрхий их кали ихтэй хүнс хэрэглээд байж болохгүй. Энэ нь хэм алдалтад нөлөөлж, бөөр ачааллаа даахаа больдог. Сүүлийн үед хүмүүс витамин C шээсээр гадагшилдаг, илүүдэл гэх болжээ. Энэ маш буруу. Дандаа лимон уудаг хүний зүрх эмчлэгддэггүй. Хүний бие хэт хүчиллэг болохоор хүчил, шүлтийн тэнцвэр алдагдаж, зүрхний хэм алдагдал давамгайлаад эмчлэхэд маш хэцүү болдог. Зүрхний хэм алдагдлыг эмчилдэг таван бүлэг эм байдаг ч тэдгээр дотор хүчил, шүлтийг тэнцвэржүүлэх эм байдаггүй. Уг нь хэм алдагдлын эмчилгээ хамгийн түрүүнд хүний биеийн хүчил, шүлтийг тэнцвэржүүлэх ёстой юм. Хэрэв бие организм хүчиллэг байвал хүчлийг нь бууруулж, шүлтлэг байвал хэвийн болгох ёстой. Зүрхний хэм алдагдал гэдэг бол зүрхэнд байгаа “кали, натри, хлор” зэрэг эрдэс бодисын тэнцвэрээс хамаарч зүрх агшиж, сунаж байгаа үйл явц юм. Зүрхний булчин зүв зүгээр байж байгаад агшиж сунахгүй. Эдгээр эрдэс бодис, орчин хэвийн байж байж л зүрх эрүүл байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 111 (7853)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn