Т.СУМЪЯАДАШ
Тамирчны ялалт, ялагдал хэдхэн секунд, минутаар хэмжигддэг. Дахин давтагдашгүй агшны тэр үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, дүрс дүрслэлийг зургийн хальсанд мөнхөлж, түүх болгон үлдээдэг мэргэжлийн эзэд бол спортын гэрэл зурагчид билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа удам дамжсан спортын гэрэл зурагчин С.Энхжаргалыг урьж, ярилцлаа. Тэрээр дэлхийн 130 орны гэрэл зурагчид өрсөлдсөн олон улсын нэр хүндтэй “AIPS Sport Media Awards 2025” уралдааны шилдэг 10 бүтээлийн эзнээр шалгарч, батламжаа гардан авах үед нь түүнтэй ярилцсан юм.
-Юуны түрүүнд, олон улсын наадамд таны гэрэл зураг шилдэг арван бүтээлийн нэгээр шалгарсанд баяр хүргэе. Тэмцээнд явуулсан бүтээлийнхээ тухай хоёулаа ярилцлагаа эхлүүлье?
-Баярлалаа. Нэр хүндтэй наадамд оролцож, бүтээл маань шилдгээр шалгарсанд баяртай байна. Би энэ тэмцээнд гурав дахь удаагаа оролцлоо. Тэмцээний төрөл тус бүрд зургаа илгээсэн. Тэмцээнд шалгарсан цуврал зураг маань өнгөрсөн жил Төв аймгийн Цээл суманд авсан гэрэл зургууд юм. Сумын наадмын зураг авахаар очих үедээ санаандгүй хүүхдүүдийн барилдаантай таарсан. Тэнд бүтэн өдөржин байж, хүүхдүүдийн гаргаж байгаа үйл хөдлөл, зан араншин, нүүрний хувирлыг агшин бүрээр нь буулгахыг хичээсэн. Эдгээр цуврал зургаараа монгол уламжлал, ондоошил болсон үндэсний бөхөө харуулахыг зорьсон.
- Бүтээлийнхээ нэрний тухайд яривал?
-Монголчууд "Хүү төрвөл бөх болно" , "Бурхан болно" гэж бэлгэшээдэг ард түмэн шүү дээ. Ер нь манай ард түмэн их ерөөл бэлгэдэлтэй хүмүүс байдаг. Амны билгээс ашдын билэг гэдэг. Тэр л утга санаагаар энэ нэрийг өгсөн юм.
-Спортынхон таны аавыг андахгүй. Олон ч тамирчдын ялагдал, ялалтын торгон агшин хальснаа мөнхөлсөн гавьяатай хүн шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Би чинь аавынхаа мэргэжлийг өвлөсөн, удам дамжсан спортын гэрэл зурагчин шүү дээ. Гэрэл зургийг хоббигоо болгож, нөхөрлөхөд аавын маань их нөлөөлсөн. Хүүхэд байхаасаа аавыгаа дагаж тэмцээн уралдаанд явдаг байлаа. Тэр цаг хугацаа бүхэн намайг гэрэлт зурагт дурлуулсан.
Дурсамж сөхөхөд, 1975 онд сургуульд орохын өмнөхөн аав маань гадагшаа тэмцээнд явж ирээд ах бид хоёрт гэрэл зургийн аппарат авчирч өгсөн. Тэгээд зураг хэрхэн дарахыг зааж өгч байлаа. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл гэрэл зурагтай салшгүй нөхөрлөж явна.Спортын гэрэл зураг аваад 40-өөд жил болжээ.
-Анхны кадр хэрхэн бууж байв. Тэр үеийн дурсамжаа хуваалцахгүй юу?
-1986 онд "Спортын мэдээ" сонинд анхны зураг маань хэвлэгдэж байлаа. Тэр үеэс хойш спортын чиглэлийн хэвлэлд ажиллаж ирсэн. Одоо чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.
-Та 40 гаруй жил спортын гэрэл зурагчнаар ажилласан гэлээ. Мэргэжлийнх нь хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Энэ хугацаанд олон ч тэмцээний гэрэл зургийг буулгасан байна. Кадр бүхэн дахин давтагдашгүй үнэ цэн, онцгой агшинтай. Ганцхан хормын дотор маш их зүйл өөрчлөгддөг. Давж байсан бөх унаж, хожигдож явсан баг хожиж болно. Тухайн агшин бүрийг алдалгүй дарахдаа хамгийн жаргалтай хүн болдог доо би. Мөн тэмцээний үеэр ялалт ялагдал хүлээгээд уйлж байгаа тамирчныг хараад нууцхан нулимс унагана, ялалтыг нь хуваалцаж хамт баярлана гээд спортын гэрэл зурагчин байх сайхан.
-Тамирчдын ялагдал, ялалтын торгон агшныг тааруулж, эгзэгтэй хормыг мөнхлөхийн тулд зурагчнаас ямар ур чадвар шаарддаг вэ. Та зургаа дарахдаа хамгийн их анхаардаг зүйл гэвэл?
-Хамгийн эхэнд тухайн орчноо судалдаг. Аль өнцгөөс зургаа авах вэ гэдгээ харна, туршина, төсөөлнө.Тэгээд хүмүүсийн гаргаж байгаа араншин, ааш аяг, хөдөлгөөн, нүүр царайг ажиглана. Тэгж байж л сайхан зураг авна даа. Ер нь спортын тэмцээнийг байнга үздэг.
-Сэтгэлд тань тод байдаг дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-1995-1996 онд шүхрийн спортынхон буух үеийн агшныг авчихъя гэж бодоод шүхэрчидтэй хамт агаараас буусан юм. Гэтэл нэг шүхэрчин маань миний хажуугаар өнгөрөхдөө үүрчихсэн шүхрээрээ хүзүүг маань цохиод буусан. Тэгэхэд “Ээ бурхан минь ингээд үхдэг юм байж” гэж бодогдсон шүү. Хэрвээ тэр хүн бүтэн биеийг маань цохисон бол амьд үлдэх хэцүү шүү дээ.
-Гэрэл зурагчны хамгийн сайн нөхөр бол аппарат байдаг. Энэ хугацаанд та хэчнээн аппараттай нөхөрлөсөн бэ?
-Хамгийн анх аавын авч өгсөн аппаратаас эхлээд арваад аппарат элээжээ. Аппаратуудаа гэртээ хадгалдаг. 1990 оноос эхлээд "Nikon"-ыг нэг барьсан. Энэ аппаратдаа их үнэнч.
-Тамирчин бүрийн мөрөөдөл олимпын наадамд оролцож, эх орныхоо дууллыг дэлхий дахинд эгшиглүүлэх байдаг. Спортын гэрэл зурагчны хувьд ч олимпын наадам хамгийн том мөрөөдөл байдаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Би ч гэсэн олимпын наадмын тэр гайхалтай агшнуудыг зургийн хальснаа буулгах мөрөөдөлтэй байсан. Гэсэн ч цаг үеийн нөхцөл нь таарахгүй явсаар Бээжингийн олимпод очиж мөрөөдлөө биелүүлэх боломж олдсон. Олимпын наадмын зураг авна гэдэг үнэхээр онцгой мэдрэмж байдаг юм билээ. Ялангуяа, манай улсад төдийлөн хөгжөөгүй спортын төрлүүдийг үзэж, шилдэг тамирчдын өрсөлдөөнийг дурандаа буулгана гэдэг сонирхолтой байсан. Жишээ нь,тухайн үед манайд өвлийн спорт төдийлөн хөгжөөгүй байсан учраас тэшүүр, уран гулгалт, хоккейн дэлхийн шилдэг тамирчдын тоглолтыг үзэж, зургийг нь авч байлаа.
-Бээжингийн олимпын дараа та үзэсгэлэн гаргаж байсан байх аа?
-Тийм ээ. 2002 онд олимпын наадамд очиж тэр дахин давтагдашгүй торгон агшныг буулгах мөрөөдөл минь биелж байсан бол яг энэ цаг хугацаанд мөн аавын минь олимпын наадамд гэрэл зурагчны хувьд оролцсон 50 жилийн ой тохиосон юм. Тиймээс 50 гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж байсан.
-Гэрэл зураг дарах сонирхолтой, тэр тусмаа спортын гэрэл зурагчин болох хүсэл мөрөөдөлтэй залууст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Мэдрэмжтэй байх хэрэгтэй. Хаана, ямар орчинд ажиллаж байгаа, ямар спортын төрлийн зургийг дарж байгаа вэ гэдгээ сайн ойлгож, мэдрэх нь чухал. Мөн зөвхөн зураг дарахаас гадна тухайн спортын онцлогийг судлах хэрэгтэй. Мөн зураг дарах үеийн төвлөрөл чухал.



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 110 (7852)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn