Г.ХҮСЛЭН
Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг бусдад амьдрал бэлэглэсэн ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах зорилгоор Дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор бусдын амь насыг аврахын төлөө 56 жилийн турш цусаа хандивлаж, 600 гаруй хүнд амьдрал хайрласан алтан гадас одонт, хүндэт донор Н.Юмчинг урьж, ярилцлаа.
-Таны энгэрт гялалзаж буй олон хүндэт тэмдэг бүрийн цаана олон хүний алтан амь хамт яваа гэхээр бахархалтай санагдаж байна?
-Тэгэлгүй яах вэ.Энэ одон тэмдэг бүхний цаана хийсэн үйлс минь бий. "Хүндэт донор" гэх энэ эрхэм алдрыг 35-аас дээш удаа цусаа өгсөн хүнд олгодог журамтай. Хүн чинь амьдрахдаа гурван сайн үйлс хийх ёстой гэдэг дээ. Надад тарьсан мод, бичсэн ном байхгүй ч гэсэн олон хүний амь насыг аварсан учраас намайг алдаршуулж өгсөн. Нэг ёсондоо “Юмчингийн гоёл”. Монгол Улсын хуулиар хүндэт донор болсон хүнд жилд нэг удаа рашаан сувилалд амрах, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зэрэг хөнгөлөлтүүд байдаг ч, хамгийн сайхан нь нь сэтгэлийн амар амгалан байдаг юм шүү дээ.
-Та нийт хэдэн удаа цусаа өгсөн бэ?
-56 жилийн хугацаанд сайн дураараа 156 удаа цус болон цусан бүтээгдэхүүнээ / цусны сийвэн, улаан эс/ өгсөн байна. Тооны цаана хүний хувь заяа бий. Нэг удаа цусаа өгөхөд мэс заслын өрөөнд амь тэмцэж байсан хүн босож ирж болно. Төрөх тасагт ээж хүн үртэйгээ үлдэж болно. Надад хэлснээр бол 600 гаруй хүний амь насыг аврахад хувь нэмэр болсон гэсэн. Энэ тоог сонсох бүртээ би “Амьдралдаа хоосон яваагүй юм байна” гэж боддог.
-Та 35-аас дээш удаа цусаа өгч “Хүндэт донор” болж, улмаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртэхэд юу бодогдож байв?
-Би анхнаасаа “Хүндэт донор болно,” “Одон медаль авна” гэж зорьсон хүн биш ээ. Хэрэгтэй үед нь “хүнд тусалъя” гэсэн сэтгэл минь л намайг хөтөлсөн. Хүндэт донорын үнэмлэхээ гардаж авах мөчид “Миний цус одоо хэн нэгний биед амьдрал болж урсаж яваа. Нэгэн хүний зүрхийг дахин цохилуулж, нэгэн гэр бүлийн инээдийг буцаан авчирсан байх” гэж бодож өөрөөрөө бахархаж байлаа. Харин “Алтан гадас” одон хүртэхэд олон бодол төрсөн. Энэ шагнал ганц Юмчин гэдэг хүнд ирсэн зүйл биш. Олон жил намайг ойлгож дэмжсэн гэр бүлд минь, хамтран ажилласан эмч сувилагч нарт, сайн дурын доноруудын төлөөлөл болж ирсэн хүндэтгэл гэж ойлгосон. Хүн нас ахихаараа мөнгө төгрөг, алдар нэрээс илүү “Би энэ хорвоод ямар мөр үлдээв” гэж өөрөөсөө асуудаг юм байна. Ямартай ч би бол хоосон амьдарсангүй.
-Манай нийгэмд донор болохоос татгалздаг, эсвэл айдаг хүмүүсийн дунд "Цусаа өгвөл бие сулардаг", "Цус багадалттай болно" зэрэг төөрөгдөл байдаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Монгол хүний дундаж наслалт хэд байдаг билээ дээ. Би “100 насална” гэж өөрийгөө боддог. Хүмүүс цусаа өгөхөөр биеэсээ ямар нэгэн үнэт зүйлээ гээчхэж байна гэж боддог шиг байгаа юм. Гэтэл үнэндээ хүний бие гэдэг чинь өөрөө гайхамшигтай үйлдвэр шүү дээ. Хуучин цус гадагшлах тусам шинэ цус төлжиж, бие нөхөн төлжих үйл ажиллагаа идэвхэждэг. Би өөрөө 35-аас ч олон удаа цусаа өгсөн хүн. Өнөөдөр 78 хүрсэн ч бие минь хөнгөн, толгой минь сийрэг байна. Хэрэв цус өгөх нь хортой байсан бол би өдийд ингэж суухгүй байсан биз. Буруу ойлголт гэдэг мэдээлэл дутуугаас л үүдэлтэй. Би залуучуудад "Цус өгөх бол биеэ эрүүлжүүлэх хамгийн том хөрөнгө оруулалт" гэж хэлмээр байна. Энэ бол байгалиас өгсөн "Залуужуулах эмчилгээ" юм шүү дээ. Бусдад цэвэр цус өгөхийн тулд өөрөө эрүүл байх ёстой. Би муу зуршлаас хол байж, хоол ундаа тохируулж, сэтгэл санаагаа үргэлж өөдрөг байлгахыг хичээдэг болсон. Цусны донор болсноор би зөвхөн бусдын амийг авраад зогсохгүй, өөрийнхөө амьдралыг ч аварч байна.
- Та “Цус сэлбэх үндэсний төвд” олон жил сайн дураараа ажилласан гэсэн. Тэр өнгөрүүлсэн он жилүүд таныг хувь хүний хувьд хэрхэн өөрчилсөн бэ?
-Цусны төв бол миний хувьд хоёр дахь гэр шиг минь байдаг. Би сайн дураараа 15 жил ажилласан байна. Энэ хугацаанд би амьдралын хатуу, зөөлнийг харлаа. Хүнд өвчтэй хүүхдийнхээ төлөө нулимс дуслуулан зогсох эцэг эхчүүд, хагалгааны ширээн дээр амь нь дэнжигнэж буй хүнд цус олох гээд сандарч гүйх эмч нарыг харах бүрд "Хүн хүндээ ямар их хэрэгтэй байдаг юм бэ" гэдгийг мэдэрдэг. Би тэнд сайн дураараа ажиллахдаа зөвхөн цусаа өгөөд зогсохгүй, ирж байгаа хүмүүсийг халуун дулаан үгээр угтахыг хичээдэг байлаа. Хүн амьдралыг өөр өнцгөөс харж сурдаг юм билээ. Миний амьдралыг харах өнцөг маш энгийн болсон. Эрүүл байх, бусдад туслах. Энэ хоёр л хамгийн том баялаг юм. Зарим өдөр яаралтай дуудлага ирнэ. Ховор бүлгийн цус хэрэгтэй, амь насны асуудал үүссэн байна гэдэг. Тэгэхэд донорууд маань ажлаа орхиод, хичээлээ таслаад ч хамаагүй хүрээд ирдэг байсан. Тэр мөчүүдэд би “Монгол хүн их хүнлэг сэтгэлтэй ард түмэн юм байна” гэж боддог.
-Олон жилийн турш цусны төвд сайн дураараа ажиллахдаа та олон доноруудтай уулзаж байсан байх. Донор хүмүүсийн зан чанар, ертөнцийг үзэх үзэл бусдаас юугаараа өөр байдаг гэж та боддог вэ?
-Донорууд гэхээр тусдаа байдаг өөр хүмүүс ч биш л дээ, гэхдээ тэд "би" гэхээсээ илүү "бид" гэж боддог. Өөрийнхөө цусыг бусдад өгч байгаа хүн хэзээ ч хүнд муу санахгүй, хар буруу санаа өвөртлөхгүй. Тэдний харц нь хүртэл нэг тийм амгалан байдаг санагддаг. Цусны төвд ирж байгаа доноруудыг харахад бүгд л инээмсэглэсэн, бие биедээ туслах гэсэн сэтгэлтэй байдаг. Өөрийгөө хайрлаж сурсан одоо бусдыг хайрлахад бэлэн гэсэн хүмүүс.
-Таны цус өнөөдөр хэн нэгэнд амьдрал бэлэглэж байгаа. Хэрэв та өөрийнхөө цусаар амь аврагдсан хүмүүстэй уулзвал юу гэж хэлэх вэ?
-Би юу ч хэлэхгүй ээ. Зүгээр л тэд амьд байж, хайртай хүмүүстэйгээ инээлдэж байгааг нь харвал сайхан. Миний цус чиний биед байгаа болохоор чи амьд байгаа юм шүү гэж хэлэх илүүц биз. Харин сэтгэл дотроо "Сайн яваарай, эрүүл энх байж, чи бас бусдад туслаарай" гэж залбирах байсан болов уу. Хүний амь гэдэг юугаар ч сольшгүй эрдэнэ. Тэр эрдэнийг хамгаалж үлдэнэ гэдэг энэ насны минь хамгийн том гавьяа юм.
-Таны намтар түүхийг сөхвөл, та зөвхөн донороос гадна нийгмийн олон сайн сайхан үйлсэд гар бие оролцож ирсэн гэсэн. Таныг энэ зам руу хөтөлсөн онцгой үйл явдал, дурсамж бий юу?
-Миний төрж өссөн нийгэм, цаг үеийн амьдрал тийм ч дардан сайхан байгаагүй ээ. Гэхдээ тэр хүнд хэцүү цагт монголчууд бие биедээ ямар их тусалдаг байгаа вэ жаахан зүйлээ яаж хувааж идэж байсныг би харж өссөн. Бидний үеийнхний хүмүүжил ерөөсөө л "Хүний төлөө" гэсэн чин сэтгэл дээр тогтдог байлаа. Намайг залуу байхад манай хөрш айлын хүү осолд ороод айхтар хүнд байдалд орсон нэгэн явдал байдаг юм. Тэр үед цусаа өгөх хүн олдохгүй, эмнэлэгт сандарч байхыг хараад би шууд л гараа сунгасан. Хожим нь тэр хүүхэд эсэн мэнд үлдэж, том залуу болоод надтай уулзахдаа "Хоёулаа чинь нэг цустай юм чинь ээж хүүгээс ялгаа юу байна аа" гэж хэлсэн. Хүнд туслахын тулд заавал баян чинээлэг байх албагүй, зөвхөн дулаан сэтгэл, дусал цус байхад л хангалттай гэдгийг би 78 жил амьдрахдаа ойлгож байна даа.
-Таны энэ сайхан үйлс, амьдралын зарчим таны үр хүүхэд, ач зээ нарт тань хэрхэн өвлөгдөж байна вэ? Та тэдэнд юу гэж сургадаг вэ?
-Би сургаал айлдаад байдаггүй. Өөрөө үлгэрлэхийг л хичээсэн. Хүүхдүүд маань намайг хараад цусаа өгч эхэлсэн. Ач зээ нартаа би нэг л зүйл хэлдэг. “Авч сурахаасаа өмнө өгч сур” гэж. Хүнд мөнгө байхгүй байж болно, албан тушаал байхгүй байж болно. Гэхдээ туслах сэтгэл байхад хүн хоосон биш. Би хүүхдүүддээ "Миний хүүхдүүд ээ, алт мөнгө хураах биш, бусдын талархлыг хурааж амьдраарай" гэж хэлдэг. Хүнд өгсөн зүйл хэзээ ч гарз болдоггүй, заавал эргэж ирдэг юм. Хүнээрээ байх шиг сайхан зүйл хаана ч үгүй шүү дээ.
-Та өөрийн туулсан 78 жилийн амьдрал, хийсэн хүмүүнлэг үйлсээ эргэн нэг хараад, амьдралынхаа гол утга учрыг ганцхан өгүүлбэрт багтааж хэлбэл юу гэж хэлэх вэ?
-Би их зүйл бүтээсэн хүн биш байж мэднэ. Гэхдээ хэрэгтэй цагт хэрэгтэй газраа очиж чадсан хүн л гэж өөрийгөө боддог.
- Хүндэт донорын тэмдэг бол "Юмчин миний гоёл" гэж та хэлсэн шүү дээ. Ярилцлагынхаа төгсгөлд та хүнийг гоёдог зан чанарын тухай өөрийнхөө бодлоо хуваалцаж, залуустаа уриалга хүргэвэл?
-Миний бодлоор хүнд гоёх хамгийн сайхан чанар бол “Бусдад гараа сунгах сэтгэл” юм. Юу ч өгөх боломжгүй байсан ч ядаж бусдад муу санахгүй байх нь өөрөө том өглөг. Залуучууддаа гэж хэлэхэд, авч сурахаасаа өмнө өгч сураарай. Хүнд өгсөн зүйл хэзээ ч гарз болдоггүй, харин ч амьдралыг утга учиртай, дүүрэн болгодог юм. Алт мөнгө хураах биш, бусдын талархлыг хурааж амьдраарай. Би 58 нас хүртлээ тогтмол цусаа өгсөн. Насны шалгуур, эрүүл мэндийн шаардлага байдаг учраас зогссон. Гэхдээ донорын ажил цусаа өгөхөөр дуусдаггүй юм байна. Одоо би хүмүүст уриалж, залууст ярьж явна. Өгөх боломжгүй болсон ч уриалах боломж үргэлжилдэг юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 104 (7846)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn