Жил бүрийн тавдугаар сарын сүүлчийн даваа гарагийг АНУ даяар Memorial Day буюу “дурсах өдөр” болгон тэмдэглэдэг. Мөн энэ өдрөөс албан ёсоор зуны улирал эхэлсэн гэж үзэн, нийтийн усан сан, далайн эргүүд хаалгаа нээж, олон нийтийн газрууд зуны хуваарьтаа шилжиж, дэлгүүрүүд томоохон хямдрал урамшуулал явуулж маркетингийн нэг хэсэг болгодог уламжлалтай. Тэр агуулгаар нь харвал баярын уур амьсгалтай мэт боловч энэ өдөр баяр гэхээс илүү эх орныхоо төлөө амиа өргөсөн хүмүүсийн дурсгалд зориулсан гэдэг нь нэрнээсээ эхлээд илүү гүнзгий утгыг агуулж байдаг.

Энэ жил АНУ тусгаар тогтнолынхоо 250 жилийн ойг тэмдэглэж байна. Тэр ч утгаараа эх орныхоо халуун амь бүлээн цусаа урсгасан эх орончдыг дурсдаг “Memorial Day”-ийг илүү өргөн хүрээнд тэмдэглэж байгааг харж болно.

 

Америкууд хэзээнээс, яагаад тэмдэглэж эхэлсэн бэ?

 

Memorial Day-ийг Америкчууд 1800-аад оны дунд үеэс буюу Иргэний дайны дараагаас тэмдэглэж эхэлжээ. XIX зууны сүүлээр дайнд амь үрэгдсэн цэргүүдийн булшийг цэцгээр чимэглэн хүндэтгэх уламжлал бий болж тухайн үед “Decoration Day” буюу “Чимэглэх өдөр” гэж нэрлэдэг байжээ. Харин 1868 оноос генерал Жон Логаны санаачлагаар үндэсний хэмжээнд тэмдэглэх болсноор утга агуулга нь ч багагүй өөрчлөгдсөн байна. Анх зөвхөн иргэний дайнд амь үрэгдсэн цэргүүдийг дурсдаг, зөвхөн тавдугаар сарын 30-нд тогтсон өдөр болгон тэмдэглэдэг байсан бол түүнээс хойш болсон дайнд амь үрэгдсэн цэргийн алба хаагчдыг хамарсан үндэсний дурсгалын өдөр болон өргөжиж, улмаар 1971 онд Конгресс албан ёсоор холбооны баяр болгон баталж, тавдугаар сарын сүүлийн даваа гараг болгожээ.

Memorial Day-ийн өглөө АНУ даяар төрийн далбааг хагас буулгадаг уламжлалтай. Гэхдээ өдөржин хагас буулгадаггүй. Нар мандахад эхлээд бүтэн мандуулж, дараа нь үд хүртэл хагас буулгана. Үдээс хойш дахин бүтэн мандуулдаг. Энэ нь өглөө нь амиа алдсан хүмүүсийг гашуудан дурсаж, үдээс хойш улс орон тэдний хамгаалсан үнэт зүйлсийг үргэлжлүүлэн авч явна гэсэн санааг илэрхийлдэг аж.

Үндэсний оршуулгын газрууд, дурсгалын цогцолборууд олон хүний хөлд дарагдаж өнждөгийн нэг нь нийслэл Вашингтон хотын ойролцоох Арлингтоны үндэсний оршуулгын газар Memorial Day-ийн гол бэлгэдэл болсоор ирсэн. Сайн дурынхан мянга мянган булшинд Америкийн жижиг туг байрлуулж, гэр бүлүүд цэцэг өргөн, нам гүм хүндэтгэл үзүүлдэг. Харин үдээс хойш 15:00 цагаас үндэсний хэмжээнд нэг минут чимээгүй зогсон хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

 

Зөвхөн дурсах биш, үндэсний эв нэгдлийн өдөр

 

Америкт Memorial Day-г Veterans Day-тай андуурах нь бий. Гэвч Veterans Day нь цэргийн алба хаасан бүх хүнийг хүндэтгэдэг бол Memorial Day зөвхөн алба хааж яваад амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулагддаг. Тиймээс ч Америкийн олон судлаачид энэ өдрийг зөвхөн өнгөрснийг дурсах өдөр биш, илүү өргөн утга агуулгатай гэж тодорхойлсоор ирсэн. Өөрөөр хэлбэл, улс орны түүх, золиос, эрх чөлөөний үнэ цэнийг нийтээрээ эргэн санаж, нэгэн нийтлэг дурсамжид нэгддэг өдөр гэсэн үг.

Энэ жилийн Memorial Day өмнөх жилүүдээс илүү өргөн хүрээг хамарсан, улс төр, түүхэн цаг хугацаатай давхцаж байгаагаараа онцлог. Учир нь АНУ 2026 онд Тусгаар тогтнолын 250 жилийн ойг тэмдэглэж буй. Тиймээс энэ жилийн Memorial Day нь 250 жилийн ойн зөвхөн ёслолын хэсэг биш, харин “эрх чөлөө ямар үнээр ирсэн бэ” гэсэн асуултыг дахин сануулах бэлгэдэл болж байна. Тэр ч утгаараа Арлингтоны үндэсний оршуулгын газарт “An Evening of Stories and Service” нэртэй үндэсний дурсгалын арга хэмжээ болж, цэргийн гэр бүлүүд, ахмад дайчид, түүхчид амь үрэгдсэн хүмүүсийн түүхийг өгүүлэхээр төлөвлөгджээ.

Мөн Вашингтонд болдог улсын хамгийн том Memorial Day арга хэмжээ болох Үндэсний Memorial Day парад энэ жил ч үргэлжилж байна. Түүхэн жагсаал, цэргийн хөгжмийн хамтлагууд, ахмад дайчид оролцсон энэхүү парад нь зөвхөн дурсгалын ёслол биш, Америкийн үндэсний ой санамжийн нэг хэсэг болжээ.

 

Long Weekend буюу урт амралтын соёл

 

Манайхан Үндэсний их баяр наадмаараа урт амрахыг хүсдэгтэй адил АНУ-д Long Weekend гэх тогтсон ойлголт бий. Энгийнээр хэлэхэд, амралтын өдрийг даваа юм уу, баасан гарагтай нийлүүлэн гурван хоног дарааллан амрахыг long weekend гэж нэрлэдэг. Энэхүү урт амралтыг хэн нэгэн нь гэнэт зарлаж, сайн дураар зохион байгуулдаггүй, харин эсрэгээрээ хуулиар зохицуулагддаг. 1968 онд батлагдсан Uniform Monday Holiday Act гэх хуулийн дагуу Memorial Day, Presidents Day, Labor Day зэрэг баярыг даваа гарагт тэмдэглэх болсон байна. Мөн зарим баярыг баасан гарагт ч тэмдэглэдэг. Ингэснээр хүмүүс гурван өдрийн амралттай болж, гэр бүлтэйгээ цаг өнгөрүүлэх, аялал хийх, орон нутгийн эдийн засгийг дэмжих боломж бүрддэг. Тэр ч утгаараа америкчуудын хувьд “long weekend”-ийг ашиглан хол ойрын аяллаа төлөвлөх, том худалдан авалтуудын хямдрал хүлээх гээд маркетинг болон өргөжсөнөөрөө амралт гэхээс илүү соёл болон тогтжээ. Тухайлбал, Memorial Day нь зуны улирлын албан бус эхлэл, харин Labor Day буюу хөдөлмөрийн өдөр нь зуны төгсгөл гэж тооцогддог.

2026 он ч америкчуудад long weekend-ээр нэлээд “өгөөмөр” жил болж байна. Memorial Day-с гадна Juneteenth баасан гарагт тохиож, долдугаар сарын 4-ний Тусгаар тогтнолын баярыг баасан гарагт нөхөн тэмдэглэх болсон гээд зуны турш хэд хэдэн удаа гурван өдөр амрах боломжтой болжээ. Дээр хэлсэнчлэн урт амралт гэхээс илүү соёл болсон энэ тогтолцоо АНУ-ын аялал жуулчлал, үйлчилгээ, худалдааны салбарын хувьд ч эдийн засгийг дэмжсэн томоохон бодлого гэж хэлж болно. Энэ жилийн “Memorial Day” -ээр гэхэд 45 сая орчим хүн аялна гэсэн тооцоолол гарсан нь сүүлийн жилүүдийнхийг давсан үзүүлэлт болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 100 (7842)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn