Ц.МЯГМАРБАЯР
Эрдэнэтийн дараагийн 50 жил ажиллах боломжийг бид өнөөдөр бүтээн байгуулж байна
Олон улсын сэтгүүл зүйн стандарт, Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI)-д нэгдсэн Монголын анхны сонин “Зууны мэдээ” “ТОП- 100” буландаа улс орныхоо нийгэм, эдийн засагт тодорхой хувь нэмрийг оруулж, олон мянган ажлын байрыг нэмэгдүүлж, шинэ техник, технологи, инновац шингээсэн бүтээгдэхүүнээрээ олондоо танигдсан, улс орныхоо хөгжлийг урагшлуулахад мөс зүсэн түүчээлж яваа ТОП-100 компанийн захирлуудыг урьж ярилцдаг билээ. Энэ удаад "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонтой ярилцлаа. 2025 онд “Эрдэнэт үйлдвэр ” ТӨҮГ, “Шилдэг татвар төлөгч байгууллага”-ын жагсаалтыг тэргүүлж, татвар төлөлтөөрөө нэгдүгээрт эрэмбэлэгдсэн ТОП-100 компанийн нэг билээ.
- Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлээр АМНАТ-ийг ямар байдлаар өөрчилбөл улсын эдийн засагт болон Эрдэнэт үйлдвэрт ашигтай байх боломжтой гэж хардаг вэ?
-“Эрдэнэт үйлдвэр” өнөөдөр ид төслийн хүчин чадлаа эзэмшиж эхэлж байгаа шинэ, залуу үйлдвэр биш. ТЭЗҮ-д тусгасан 34 жилээ ардаа үлдээгээд 48 жилдээ ажиллаж байна. Эрдэнэтийн уурхайчдын хүч хөдөлмөрөөр хайгуулын ажлыг тогтмол хөрөнгө оруулалт хийсний үр дүнд нөөц дахин 55 жил, Оюутын ордын нөөцийг нэмбэл 65 жил ажиллах боломж бүрдэж байна. Эрдэнэт үйлдвэр дан ганц нөөц ашиглахын зэрэгцээ улсын мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Бидний олон жил ярьж байгаа Зэс хайлуулах үйлдвэр барих ажил энэ оны эхний хагаст бүрэн шийдэгдэнэ гэдэгт найдаж байна.
Сонгон шалгаруулалтад дөрвөн компани саналаа ирүүлж хоёр нь шалгарсан. Шалгарсан хоёр компанид үнэлгээ хийж аль нэгийг нь зарлана гэсэн үг. Улмаар Монгол Улс Эрдэнэт үйлдвэрээр дамжуулан Зэс хайлуулах үйлдвэрийн хэдэн хувийг эзэмших вэ гэсэн асуудал яригдана. Миний тухайд доод тал нь 51 хувь байх болов уу гэж бодож байна. Зэс сүүлийн үед дэлхийн улс орнуудын тухайд критикал минералд тооцогдож байгаа. Энэ минералыг ямар улс эзэмшиж байна гэдгээр өрсөлдөж бусад улсын төрийн тэргүүнүүд нэг халаасандаа өөрийн гэсэн хөзөртэй явж байна гэсэн үг. Ийм нөхцөл байдалтай байгаа тохиолдолд Эрдэнэт үйлдвэрт гэнэтийн шийдвэртэй холбоотой татвар, хураамж, тусгай тариф зэргийг нэмэгдүүлэх нь мега төслүүдийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлнө.
Тухайлбал, 55 жил ажиллах болсонтой холбоотой эхлүүлсэн үйлдвэрийн техник шинэчлэлийн том мега төслүүдэд сөрөг үр дагавартай. Бид өмнөх гэнэтийн шийдвэрээр цахилгаан, дулаан, уур, ус хогны мөнгөнд 1.1 их наяд төгрөг зарцуулсан байдаг. Үүнийг өнөөгийн ханшид шилжүүлэх юм бол Зэс хайлуулах үйлдвэр барих, хөрөнгө оруулалтын тал дүнтэй тэнцэнэ.
Тиймээс ерөнхий захирлын хувиар болон олон мянган уурхайчид бидний хүсэж байгаа зүйл юу вэ гэвэл татварын урамшуулал үзүүлээсэй, татварыг бууруулаасай гэсэн байр суурьтай байна. Ер нь улс бүхэн ийм алхам хийдэг. Жишээлбэл, сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн зах зээлд литий, никелийн үнэ унаж үйлдвэрүүд уналтад орсон. Тэгэхэд БНХАУ интервенц хийсэн бол Австрали улс АМНАТ-аа тэглэсэн. Тэгвэл үүнтэй ижил бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй.
Монголд ганцхан манай үйлдвэр 21.6 хувийн АМНАТ төлдөг. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гурван жилийн хугацаанд тогтворжуулъя гэсэн байр суурийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас бидэнд санал ирүүлсэн. Үүнтэй санал нэг байгаа. Үйлдвэрт маш том дэмжлэг болно. Мэдээж үйлдвэр барьж эхлэхтэй зэрэгцээд гадаад санхүүжилт, зээл, төлбөрийн асуудал эхэлнэ шүү дээ. Хэрэв энэ чигээрээ нь үлдээх юм бол хэрхэвч хүлээн зөвшөөрч боломжгүй нөхцөл үүснэ. Үндсэндээ тус үйлдвэрийг сөхрүүлэх бодлого болно. Түүнчлэн үйлдвэрийг дагаад Эрдэнэт хот, Орхон аймаг, Хойд бүсийн болон улсын эдийн засагт сөхрөх эрсдэлтэй.
-Эрчим хүчний тусгай тарифын тухайд Засгийн газрын тэмдэглэлээр зөвлөмж гарсан байсан. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Тусгай тарифын асуудлаар Эрчим хүчний салбарынхантай ярилцах ёстой. Тусгай тариф гэж ямар тоо юм. Энэ хэдий хэрийн хугацаатай юм, үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Уг нь “Эрдэнэт үйлдвэр" улсын эдийн засагт 2.3 их наяд төгрөгийн татвар төлж өнгөрсөн жил шилдэг татвар төлөгчөөр тэргүүлсэн. Анх удаа зэсийн салбар, нүүрсний салбар болох “Эрдэнэс таван толгой”-н өмнүүр орж тэргүүллээ. Ийм үед нь ахиухан татвар авна гэхийн оронд үйлдвэрээ бэхжүүлэхэд анхаарах ёстой. Хэрэгжүүлж буй фабрикийн шинэчлэл, цагаан тоос бууруулах хаягдлын шинэ аж ахуй, Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугам зэрэг том төслүүдийг нь аль болох ашиглалтад оруулахад дэмжиж дараагийн 55 жилд тогтвортой ажиллах боломжийг бий болгох ёстой. Тийм ч учраас өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” хойч ирээдүйдээ үр ашгаа үргэлжлүүлээд өгөх эдийн засгийн маш том өгөөж өгөх бүтээн байгуулалтыг хийж байна.
-Дизель, түлшний үнэ нэмэгдсэн. Энэ жилийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” зардлаа хэрхэн тооцов. Гадаад, дотоод нөхцөл байдлаас үүдсэн зардлын хэтрэлт хэр өсөхөөр байна вэ?
-Зардал маш ихээр өсөж байна. Тухайлбал, дизель түлшний тендерт шалгарсан “Сод монгол” ХХК манайд 3800 төгрөгөөр нийлүүлэх гэрээ хийсэн хэдий ч гэрээнээсээ татгалзсан. Тодорхой хувийг нь нийлүүлсэн ч үнэ нэмэгдлээ гэдгээр нийлүүлэлтээ биелүүлж чадахгүй гэсэн. Эднийх гэрээгээ биелүүлээгүй гээд бид үйлдвэрээ зогсоох эрхгүй. Үйлдвэрлэлийг тасралтгүй явуулахын тулд ажилчдынхаа цалинг тасалдуулахгүйн тулд, төслүүдээ үргэлжлүүлэхийн тулд зах зээлийг судалж дахин литр тутамд 5700 төгрөг тооцож тендер зарласан. Үндсэндээ зөвхөн дизель түлшний үнэ 1900 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Нэмээд тос, тосолгоо болон тэсрэх материал, тээвэр логистекийн үнэ нэмэгдсэн. /Ормузын хоолой хаагдсан Америк, Ираны дайнтай холбоотой/
Мөн Эрчим хүчний тусгай тарифтай холбоотой Засгийн газрын тэмдэглэлээр зардал дээр тусгай тоо тавиагүй ч нэг салбарын зовлонг нөгөө салбарт үүрүүлээд байж болдоггүй юм. Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр” 2020-2022 онд 18 сарын хугацаанд 1.1 их наяд төгрөгийн 80-90 хувийг эрчим хүчний салбарт зориулсан. Дараагаар нь 2022 онд Эрчим хүчний реформ эхлүүлнэ гэж 47 хувиар, дараа нь 2024 онд 27 хувиар хоёр удаа эрчим хүчний үнийг нэмэгдүүлсэн. Ингэснээр жилд төлдөг цахилгаан эрчим хүчний төлбөр 200 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Уул уурхайн компаниуд ашигтай ажиллаж байгаа учраас илүү төл гэсэн зарчмаар ханддаг. Бид олсон ашгийнхаа өрмийг үндсэндээ эрчим хүчний нэмэгдэлд өгч байна. Эрчим хүчний тарифын өсөлтөөр гэхэд энэ оны төгсгөл хүртэлх хугацаанд төсөвлөснөөр 453 орчим тэрбум төгрөг төлнө. Гэтэл үүн дээр 170 орчим тэрбум төгрөг нэмэгдэхээр байна. Нэг хэлц үг байдаг даа “Чи үхэхээр би үх” гэдэгтэй ижил зүйл болох нь. Эрчим хүчний салбарыг бодоод бид Зэс хайлуулах үйлдвэрээ хойшлуулах уу. Эхэлсэн баяжуулах фабрикийн ажлуудаа зогоох уу. Зарласан тендерийнхээ санхүүжилтээ өгч чадахгүй байдалд орох уу.
Хэдийгээр дэлхийн зах зээлд зэсийн үнэ таатай нөхцөл байдалд байгаа ч цаашдаа энэ хэвээр байх уу. Ашигт малтмал, эрдэс түүхий эдийн үнэ, өсөж, уруудаж байдаг дэлхийн эдийн засгийн индикатор. Дэлхийн эдийн засаг сайн байвал өсдөг, муудвал буурдаг. Тэгэхээр оны эцсээр зэсийн үнэ хэд дээр хаагдах вэ гэдэг бидний хувьд түгшүүр. Өнөөдрийн үнэ аятайхан боловч энэ үнийн таатай боломжийг хараад бидэнд олон ачаа үүрүүлж байна. Нэг үгээр хэлбэл, “малгай нь томдсон хүүхэд” шиг байдалд байна. Гадаад, дотоодын олон агентлаг, шинжээчдээс мэдээлэл, судалгаа авч байна. Манай гадаад бодлого, маркетингийн болон экспортын хэлтэс судалгаа маш сайн хийдэг. Үүгээр бол өнөөдрийн хэмжээнд байж чадахгүй гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр төлөвлөгөөнөөс дээгүүр байхаар байна. Гэхдээ зэсийн үнэ өндөр байх үеийн ашиг Эрдэнэт үйлдвэрт биш, Эрчим хүчний салбарт очихоор болж байх шиг байна. Тиймээс үүнийг анхаарч эргэж харах шаардлагатай.
-“Эрдэнэт үйлдвэр” анхны Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан, одоо Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр мөн ҮТП-ийн суурийг тавьж хими, металлургийн үйлдвэрийн эхлэлийг Монгол Улсад анх удаа тавих гэж байна. Тэгэхээр Үйлдвэрлэл технологийн парк ашиглалтад орсноор Орхон аймаг, бүс нутаг, уул уурхайн салбар, Монгол Улсад ирэх үр өгөөжийн талаар тодруулж ярина уу?
-Аж үйлдвэрлэл Монгол Улсад яагаад хөгжихгүй байгаа юм бэ гэвэл импортын хамааралд байгаатай холбоотой. Үйлдвэрлэл технологийн парк байгуулах ЖАЙКА олон улсын байгууллагын хоёр удаагийн судалгаагаар Зэс хайлуулах үйлдвэр дангаараа байхаас илүүтэй цогцолбор, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх паркийн хэлбэрээр байгуулбал үр өгөөжтэй, ашигтай гэсэн. Зэс хайлуулах үйлдвэр бариад ҮТП- ын дэд бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих боломжгүй том хөрөнгө оруулалт. Тиймээс Эрдэнэт үйлдвэрээр дамжуулж Монгол Улсын Засгийн газар бусад өнгөт төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх үндэс, суурийг бий болгохоор зорьсон. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр хөрөнгөө гаргаж Зэс хайлуулах үйлдвэрээ бариад ҮТП-ийн 1200 га газар дээр цахилгаан, ус, ариун цэврийн байгууламж, авто зам, төмөр зам бүтээн байгуулалтыг хийсэн. Ингэснээр энэ дэд бүтэц дээр төр хувийн хэвшлийн түншлэлээр өнгөт төмөрлөгийн дараагийн шатны үйлдвэрлэлийг бий болгох юм. Зэс хайлуулах үйлдвэр жилд 124 мянган тонн цэвэр зэс гаргана. Түүхий эд нь бэлэн гэсэн үг. Мэдээж “Эрдэнэт үйлдвэр”-ийн зорилго аль болох цэвэр зэсээ дотооддоо үйлдвэрлэж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө. Энэ хэрээр манай улсын импортын хамаарал буурна. Өнөөдөр төмөр замын ачаалал ямар билээ. Бид жилд төмөр замаар 560 мянган тонн бүтээгдэхүүнийг урагш тээвэрлэдэг бол зөвхөн цэвэр зэсээ экспортолно гэвэл ачаалал 4-5 дахин буурна. Түүнчлэн олон мянган ажлын байр бий болно. Дагалдах бизнесүүд нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой.
-Зардлаа хэдэн жилд нөхнө гэж тооцоолж байгаа вэ?
-ТЭЗҮ-гээр 8.9 жил нөхнө гэж тооцсон. Зэсийн үйлдвэрийн өгөөжийн дотоод нормоор ес орчим жил. Гэхдээ зэсийн үнийг 8340 ам.доллароор биш 9386 ам.доллар буюу ТЭЗҮ-ээр тооцсон үнэ, энэ жилийн төлөвлөгөөнд тусгасан 9653, 10500 ам.доллароор тооцвол хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх хугацаа тэр хэрээр богиносно.
-Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ хэд билээ. Хятадтай хамтарвал ямар оролцоотой байх юм бол?
-Нийт 773 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Манай талаас энэ үйлдвэрийг бүтээн байгуулах компани заавал хувь эзэмш гэсэн хатуу шаардлага тавьж байгаа. Анх удаа Монгол Улсад Зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах компаниудад энэ шаардлага маш чухал асуудал. Мэдээж өөрсдөө хөрөнгө оруулсан учраас бүх материал, тоног төхөөрөмжийг чанартайг нь сонгоно. Нөгөөтээгүүр, бүх дэд бүтцийг нь байгуулж өгсөн. Өмнө нь дэд бүтцийг нь байгуулаагүйгээс ус, цахилгаан, тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байдаг байсан.
Түүнчлэн бид 55 жил ажиллах нөөцөө ЖОРК стандартаар батлуулсан. Энэ хугацаанд үйлдвэрийн түүхий эд тасралтгүй хангагдана гэсэн үг. Одоогоор хөрөнгө оруулахаар шалгарсан хоёр компанийн саналыг задалж үзээгүй байна. Удахгүй хэн нь хэдэн хувийг эзэмших нь тодорхой болно. Ер нь манай Засгийн газрын барьж буй бодлогоор аль болох долларыг гадагш гаргахгүй гадаадын хөрөнгө оруулалтыг ахиухан оруулъя, болж өгвөл хөрөнгө оруулалтаа “Эрдэнэт үйлдвэр” буцаагаад авъя гэсэн байр суурьтай байна.
Өнөөдөр улс орнууд зэвсэг, техник болон дипломат бодлогоор уралдаж байна. Дипломат бодлогын эхэнд зэс, кокс нүүрсний боломжит нөөц өндөртэй орнууд манайд зэс байна, танайд юу байна гэж асуудаг болжээ. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” 51 хувиар эзэмших бодолтой байна. Ийм хэмжээний хувийг эзэмшиж, тодорхой хугацаанд зээл авч санхүүжүүлээд явах бүрэн боломжтой. Ерөнхийдөө “Эрдэнэт үйлдвэр” сүүлийн дөрвөн жилд бүх татвар хураамжаа төлөөд жилд 200 гаруй сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан. Хэрэв АМНАТ-ыг бууруулаад өгвөл Зэс хайлуулах үйлдвэрийг илүү богино хугацаанд барьж өр, төлбөрөө барагдуулаад явах боломжтойн зэрэгцээ үйлдвэрийн насжилт улам нэмэгдэнэ.
-Уул уурхайн биржийн үнэ болон тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Цаашид ямар бодлого бариасай гэж харж байна?
-Бид 24 сар буюу хоёр жил биржээр зэсийн баяжмалаа арилжиж байна. Анзаарахад арилжаа заримдаа 8-9 сар үргэлжлээд нэг ч хүн худалдаж авдаггүй, бирж рүү нэг ч ордоггүй юм билээ. Харин сүүлийн таван сарын хугацаанд зэсийн үнэ огцом өсөхөд биржийн үнэ манай үйлдвэрийн урт хугацааны гэрээний үнээс доогуур ороод ирсэн. Эрдэнэтийн өмнөх урт хугацааны гэрээнүүд сайн байсан нь анзаарагдаж байна.
Ер нь энэ хуулийг анх санаачилсан хүний хувьд нээлттэй ил тод болгоё гэж үзсэн. Ялангуяа улсын эдийн засагт Биржийн тухай хуулийн оруулсан үр, өгөөж өндөр. Тээвэрлэлтийн тухайд зэс дээр ямар нэгэн асуудал үүсээгүй. Улаанбаатар төмөр зам тээвэрлэлтийг бүрэн гүйцэд сайн хийж чаддаг. Харин энэ жилээс молбидены баяжмал экспортолно. Стандарт хэмжил зүйн газар стандарт болон үнэ тогтоох аргачлалаа баталчихвал Хөрөнгийн биржээр молбидены баяжмалаа борлуулж эхэлнэ. Агуулах дүүрээд гаднаа овоолж байгаа. Агаарт баяжмалын исэл задрахын зэрэгцээ чанар нь мууддаг. Тиймээс энэ ажлыг хурдан шийдэхийг Засгийн газраас хүсэж байна.
-Тэгэхээр зэсийн үнэ өссөн ч сорилт, бэрхшээл тулгарсаар байна гэсэн үг үү. Эцэст нь таны хамгийн гол хэлэх санаа юу байгаа бол?
- Зардлын өсөлт, өндөр татвар төлбөр үйлдвэрийг санхүүгийн хүнд байдалд оруулж байгаа. “Засгийн газар бидэнд ачааллаа үүрүүлсэн хэвээр байна. АМНАТ бол тонн тутамд шингэсэн зардал, ерөнхий зардал биш. Нэг тонн зэсийн баяжмал бүрд АМНАТ шингэсэн. АМНАТ-ыг бууруулбал манай улсын зэсийн ордууд бусад улсын ордтой өрсөлдөж чадна. Монголд ганцхан манай үйлдвэр 21.6 хувийн АМНАТ төлдөг. Мөн Татварын ерөнхий газар дагалдах ашигт малтмалаас ч АМНАТ авдаг. Дагалдах элемент буюу зэс доторх төмрөөс АМНАТ авсан. Гэтэл тэр нь эцсийн бүтээгдэхүүн болохгүй шүү дээ. Хэдий бид төрийн өмчит үйлдвэр боловч шүүхэд хандаж, гурван шатны шүүхийн шийдвэр манай талд шийдсэн. Тэгэхээр бид Татварын ерөнхий газрын тавьсан 18 тэрбум төгрөгийн актыг төлөхгүй.
“Цагаан Суварга” төслийг эхлүүлэхээр гаднаас зээл авах гэхэд Монголын АМНАТ өндөр гээд өгөөгүй юм билээ. Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ыг гурван жил тогтвортой мөрдөнө гэсэн нь зөв заалт. Манай улс АМНАТ-аас жилд нийт 1.1 их наяд төгрөг олдог. Үүний 27 хувийг бид дангаараа бүрдүүлдэг. Үйлдвэрийн урсгал зардал өндөр тул бид геологийн нөөцөө бүрэн ашиглаж чаддаггүй. Уг нь сорчлон олборлохыг хуулиар хориглосон. Гэвч бид ашгаа өндөр байлгаж, татвар төлбөрүүдээ төлөхийн тулд сорчилж олборлохоос өөр аргагүй. Агуулга багатай хүдрээ ашиглахгүйгээр хаяж байна гэсэн үг. Бид өвдөг шороодоход ойрхон байна.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр жилд 125130 мянган тонн цэвэр зэс нийлүүлдэг. Дэлхий даяар зэсийн эрэлт өсөж, зэс чухал ашигт малтмал гэсэн титмээ хадгалсаар байна. Энэ эгзэгтэй үед Эрдэнэтчүүд дараагийн нүүдлээ хийж, зэсийн баяжмал биш эцсийн бүтээгдэхүүн, зэс утас үйлдвэрлэхээр бэлдэж байна. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн байршлаа тогтоон, газраа улсын тусгай хэрэгцээнд авлаа. Төлөвлөгөө ёсоор манай улсын Зэс хайлуулах анхны үйлдвэрийг 30 сарын дараа ашиглалтад оруулах боломжтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 100 (7842)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn