Тэнгэрийн уудамд олон мянган зорчигчдыг итгэлтэйгээр тээвэрлэсээр ирсэн МИАТ ТӨХК өдгөө 70 жилийн ойтойгоо золгож буй.  Холыг ойртуулж, хоёрыг учруулдаг Үндэсний агаарын тээвэрлэгч компанийн Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарын хөгжил дэвшил, улс эх орныхоо нэр хүндийг олон улсад өндөрт өргөж, 70 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа. Үүнээс гадна МИАТ ТӨХК-ийн түүхийг бүтээлцэж, агаарын тээврийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж  “МИАТ” ТӨХК-ийн “Б737 ЭНЖИ/МAКС” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Ч. Нямсайхан, ИНЕГ-ын итгэмжлэгдсэн байцаагч, “Б737-800” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Ц.Ганбаатарт Гавьяат нисгэгч, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албаны ерөнхий инженер Б.Цогоод Нисэхийн гавьяат техникч, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн ерөнхий менежер П.Ганболдод Гавьяат холбоочин, “МИАТ” ТӨХК-ийн Аюулгүй байдал, чанар, аюулгүй хамгаалалтын албаны ахлах байцаагч Д.Энхцэцэгт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээсэн юм.

Энэ бол цэнхэр тэнгэрт дүүлэн нисэх үе үеийн нисгэгч, инженер, үйлчлэгч, агаарын тээврийн салбарын мянга мянган ажилтны үнэнч хөдөлмөр, хариуцлага, хөдөлмөрийн үр шим юм.

 

“Иргэний нисэхийн салбар улс орнуудыг холбосон стратегийн гүүр болсоор байх болно”

МИАТ ТӨХК нь зорчигч тээвэрлэлтээс гадна ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж, дотоодын болон олон улсын худалдаа, логистикийн урсгалыг дэмжин, аялал жуулчлал, эдийн засгийн гадаад харилцаа, худалдааны сүлжээ хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Түүнчлэн агаарын 10 хөлгөөр 15 орны 50 гаруй чиглэлд хуваарьт болон захиалгат нислэг, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлддэг байна.  Улмаар 70 жилийн хугацаанд 516 мянган удаагийн нислэгээр 26 сая зорчигч тээвэрлэжээ. Өнгөрсөн онд гэхэд л 2.4 сая гаруй зорчигч, үүнээс олон улсын чиглэлд хоёр сая, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь 2024 онтой харьцуулахад 13 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 51 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МИАТ ТӨХК-ийн хамт олонд хүндэт шагналыг ёслол төгөлдөр гардуулан өгч, баярын мэнд дэвшүүллээ.   

Тэрээр “Иргэний нисэхийн салбар цаашид ч аюулгүй, тогтвортой, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, улс орнууд, ард түмэнг холбосон стратегийн гүүр болсоор байх болно.  Цар тахлын үед гадаадын улс орнуудаас, хамгийн сүүлд Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдээ татан авчирсан нисэхийн салбар, “МИАТ” компанийн хамт олонд ард түмний нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

 

“Олон улсын дөрвөн нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” 

 

МИАТ ТӨХК нисэхийн аюулгүй байдлаараа дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж үнэлгээнээс дээгүүр үнэлгээ авсан зэрэг бахдам амжилтуудаар 70 жилээ угтаж байна.

ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр

Энэ талаар ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр “Монгол Улсад иргэний нисэхийн салбар үүсэж хөгжсөний 101 жилийн ой бол дараагийн шинэ 100 жилийн эхлэл. ИНЕГ нь Засгийн газрын тохируулагч агентлагийн чиг үүргээр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдөр МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед Иргэний нисэхийн төв гэх шинэ байгууллага маань нэг насныхаа ойг мөн тэмдэглэж байна. МИАТ компани нь 70 жилийн хугацаанд алдаа оноотой олон түүхийг бүтээсэн.  Мөн энэ жил олон улсын иргэний нисэхийн байгууллагын аюулгүй ажиллагааны аудитад орсон нь бидний хувьд чухал онцлох ажил бол байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аюулгүй ажиллагааны аудитад манай улс 75 оноо авч Ази, Номхон далайн бүсийн улсууд дундаа нэлээд өндөр оноо авсан нь агаарын тээврийн салбар цаашид хөгжих бүрэн боломжтой болж байна гэсэн үг. Түүнчлэн 2027-2028 онд бид олон улсын дөрвөн нисэх буудлын ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн МИАТ компани шинээр Австрали, Канад, АНУ руу шинэ нислэгийн чиглэл нээхээр ИНЕГ-тай хамтран ажиллаж байна” гэсэн юм. 

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн “Бид 70 жилийн ойн босгон дээрээ төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнуулсандаа баяртай байна. Дээр нь МИАТ компанийн алдартныхаа тоог нэмж гурван гавьяат төрлөө. Мөн алтан гадас, хөдөлмөрийн хүндэт медалиар компанийн хамт олон маань энгэрээ  мялаалаа. МИАТ компани бүх цаг үед үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн. Ингээд МИАТ компанитай амьдралаа холбосон бүхий хүмүүстэй баярын мэнд дэвшүүлье” гэв.  

 

“Дубайд байсан иргэдээ эх орондоо авчрах нислэг  тусгай үүргийн чухал нислэгүүдийн маань нэг байсан”

 

Энэ өдөр МИАТ ТӨХК, агаарын тээврийн салбарт нэгэн насны амьдралаа зориулсан зүтгэсэн гурван эрхэм гавьяат цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.

Тэдний нэг ИНЕГ-ын итгэмжлэгдсэн байцаагч, “Б737-800” агаарын хөлгийн дарга, гавьяат нисгэгч Ц.Ганбаатар нь Иргэний нисэхийн салбарт 34 жил ажиллахдаа нислэгийн  аюулгүй ажиллагааг ханган АН-24, АН-26, Б727-200, Б737-800, Б757-200, Б767-300 агаарын хөлгүүд дээр агаарт нийт 23.000 гаруй  цаг, үүнээс агаарын хөлгийн дарга, багш нисгэгчээр 19.970 гаруй цаг нисжээ. Түүнчлэн шинэ залуу үеийг сурган хүмүүжүүлж 70 шахам  шавь төрүүлсэн бөгөөд нислэгийн ямар нэг зөрчил дутагдалгүй нисэж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн нь энэ юм. 

Ц.Ганбаатар

Тэрээр “Өнгөрсөн 34 жилийн хугацаанд нисэх бүрэлдэхүүнтэйгээ хамтарч нислэгийн үүргээ амжилттай гүйцэтгэж ирлээ. Энэ шагнал бол ганц миний биш хамт олных минь. Мөн ээждээ амалсандаа хүрч, хүсэл мөрөөдлийг биелүүлсэндээ маш их баяртай байна. 34 жилийн хугацаанд тусгай үүргийн, ослын буулттай олон нислэгийг үйлдэж байсан. Бид хамгийн сүүлд Ойрхи-Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотой Дубайд байсан иргэдээ эх орондоо авчирсан. Энэ бол миний нислэгийн хугацаандаа хийсэн тусгай үүргийн чухал нислэгүүдийн нэг байсан” гэсэн юм.

 Ч.Нямсайхан

Гавьяат нисгэгч цол тэмдэгээр шагнагдсан Ч.Нямсайхан нь МИАТ ТӨХК-д тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж, агаарт нийт 21.700 цаг зам туулахдаа орон нутаг болон олон улсын Бээжин, Токио, Москва, Берлин, Бангкок, Пхенъян, Осака, Сөүл, Алма-Ата, Нарита хотуудад нислэгийн аюулгүй байдлыг ямагт ханган ажиллаж иржээ.

Мөн тэрээр Нислэгийн хэлтсийн дарга, мөн хэсгийн дарга, ИНЕГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа туршилтад олон жил байсан бодит ажиглалтын локатерийн системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулж ашиглалтанд оруулжээ. Ингэснээр Монгол Улс дээгүүрх өнгөрөлтийн нислэгийн тоо, хураамж 30-40 хувиар  нэмэгдсэн байна. Ч.Нямсайхан нь 2018 онд ИНЕГ-ын захиалгаар шинэ “Чингис Хаан” ОУНБ-н оролт гаралтын зураглал схемийн нислэгийг амжилттай шалган нисэж гүйцэтгэсэн. Мөн 2018 онд Б737МАХ агаарын хөлгийг АНУ-ын Сиэтлл хотоос Монгол улсад авчрах анхны нислэгийн экипажийн даргаар томилогдон эх орондоо авчирч байсан байна. Түүнчлэн  2020-2022 онд “COVID-19” цар тахлын халдвараас шалтгаалан дэлхий нийтээр агаарын тээврийн зах зээл хумигдан авиа компаниудын үйл ажиллагаа доголдож байсан хүнд үед гадаадаас иргэдээ авчрах 37 удаагийн тусгай үүргийн нислэг, 23 удаагийн олон улсын карго ачаа тээврийн нислэгүүдийг амжилттай нисэж гүйцэтгэсэн байна. Мөн “COVID-19” цар тахлын үед гадаад улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн нислэгт Африк тивийн Йоханнесбург хот руу үйлдсэн анхны нислэгийн экипажийн даргаар томилогдон ажилласан зэрэг агаарын тээврийн салбарт үнэ хүндтэй хувь нэмрийг оруулсаар иржээ.

Д.Энхцэцэг

Харин Үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр Д.Энхцэцэг шагнагдсан юм. Тэрээр 1987 онд ЗАУ-ын Ленинград хотын Нисэхийн дунд сургуулийг Иргэний агаарын тээвэр зохион байгуулалт, бүхээгийн  ажилтны мэргэжлээр төгсөж, ажил хөдөлмөрийн гараагаа “МИАТ” нэгтгэлд бүхээгийн ажилтан, бүртгэгч диспетчер, бүхээгийн сургагч багш зэрэг албан тушаалаар эхлүүлж байжээ.

Д.Энхцэцэг ажиллах хугацаандаа АН24, ТУ154, Boeing 727, Boeing 737, Boeing 767 болон Airbus А310 маркийн агаарын хөлгүүдээр нийтдээ 25 жил ажиллаж, 20.000 цаг ниссэн байна.

Тэрээр Монгол Улсад нислэгийн үеийн зорчигчдын  үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилго тавин ажилласны томоохон амжилт нь Олон улсын жишиг үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх ажилд баг хамт олноо удирдан оролцож эх орондоо нислэгийн үеийн зорчигчдын үйлчилгээний олон улсын  стандартыг нутагшуулсан юм.

Д.Энхцэцэг нь нислэгийн үеийн зорчигчдын бүхээгийн аюулгүй байдал, аюулгүй хамгаалалт, үйлчилгээний стандартын чанарыг сайжруулах төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсээр байгаа аж.

МИАТ ТӨХК нь төрийн өмчит компаниудын хэмжээнд алдагдалгүй ажилладаг таван компанийн нэг бөгөөд сүүлийн 16 жилийн турш “ТОП 100” аж ахуйн нэгжээр шалгарчээ. 

Салбарын яам цаашид агаарын тээврийн либералчлалыг үргэлжлүүлж, нисэхийн дэд бүтэц, орон нутгийн нисэх буудлын хүчин чадал, ашиглалтыг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна гэдгээ мэдэгдсэн юм.

Тээврийн салбар нь манай улсын ДНБ-ний найм орчим хувь, нийт ажиллах хүчний 6-8 хувийг эзэлдгээрээ нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг.

 

МИАТ ТӨХК "Улаанбаатар марфон-2026"-д ивээн тэтгэгчээр оролцлоо

 

Үндэсний иргэний агаарын МИАТ компанийн түүхт 70 жилийн ой тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Улаанбаатар марафон-2026 гүйлтийн арга хэмжээг нийгмийн хариуцлагын хүрээндээ ивээн тэтгэж ажилласан юм. Үүнээс гадна хамт олноороо өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон нь бас нэгэн сонирхолтой түүх болон үлджээ. Тодруулбал, МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн гэр бүл болон 200 ажилтныхаа хамт нийт 1240 миль зайд гүйсэн нь  Улаанбаатараас Сөүл хот руу нисэх агаарын зайтай дүйцэх зай болжээ. Тухайлбал, “Бүтэн марафон” буюу 42.195 км, “Хагас марафон” 21.095 км болон 10 км, Эрүүл мэндийн таван км-ийн гүйлт, 1.5 км-ийн гэр бүлийн гүйлтийн ангилалд тус тус  амжилттай оролцжээ.

 

ФОТО: МИАТ-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 99 (7841)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn