2000 гаруй жилийн түүхээр аялуулах KHARKHORUM 360° фестиваль наймдугаар сарын 22-23-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд болно. Харин фестивалийн нэг хэсэг болох үндэсний соёл, бүтээлч үйлдвэрлэл, энтертайнментыг нэгтгэсэн  “Kharkhorum chapter 4: Bazaar” төсөл Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна наймдугаар сарын 11-нд эхэллээ. Уг арга хэмжээ нь 10 өдрийн турш үргэлжлэх бөгөөд зорин очихыг хүссэн хүн бүхэнд нээлттэй.

Энэ талаар тус төслийн зохион байгуулагч Б.Оюунномин “Kharkhorum chapter 4: Bazaar” төслийн гол зорилго нь Монголын үндэсний үйлдвэрлэл, өв соёлыг орчин үетэй хослуулан  таниулж, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ соёл, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл зэргийг нэг дор цогцлоон, эдийн засагт үр ашигтай ажиллах юм. Уг арга хэмжээнд үндэсний гар урлал, үндэсний хувцас, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй байгууллага  оролцож байна. Тиймээс  та бүхэн зорин ирэхийг урьж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэн үндэсний өв соёлтойгоо танилцахаас гадна загварын шоу, хөгжмийн зэмсэг урлах үйл явцыг дэргэдээс нь харах   боломжтой гээд олон сонирхолтой хөтөлбөр хүлээж байна. Төслийн хүрээнд өдөр бүр 19:00-22:00 цаг хүртэл  үнэ төлбөргүй соёл урлагийн хөтөлбөрүүд зохион байгуулна. Бид өв соёлоо түгээхээс гадна,  контент бүтээгч, урлаг, спортын олон уран бүтээлчийг холбосон сонирхолтой хөтөлбөрийг бэлтгэсэн” гэдгийг онцоллоо.