Д.АРИУН

Аав, ээжийн маань бурханы авдар дээр Дээрхийн гэгээнтэн Далай ламын сонинд хэвлэгдсэн хар зураг олон жил болсон. Хэзээ, хаанаас энэ зураг ирснийг бид төдийлөн мэдэхгүй, бас аав ээжийг байхад асууж ч байсангүй. Харин саяхан буурлуудынхаа бичиг цаасыг янзалж байгаад авч үзлээ. Уг зураг хэвлэгдсэн сонины нүүрийг Далай ламын зурагны хэмжээгээр эвхчихсэн аж. Сонин нь өнөөдрөөс яг 36 жилийн өмнө энэ өдөр буюу тавдугаар сарын 24-нд хэвлэгдэж байсан “Шинэ толь” сонин аж. “Шинэ толь” сонин энэ дугаарынхаа гол материалаа гадаадын агентлагт өгсөн Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай ламын ярилцлагаар хийж, зургийг нийтэлжээ.  Уг ярилцлагад Далай ламаас  “Төвдүүд таныг амьд бурхан гэж шүтэж байна, та амьд бурхан мөн үү”, “Та будда шиг ариун гэгээн үү” гэх мэтээр асуусан байна. Далай багшийн өгсөн хариултууд нь ч сонин юм. Өнөөдөр магадгүй түүнээс ингэж асуувал хариулт нь бас ийм л байх болов уу гэж бодогдмоор. Шүтэх бишрэх эрх чөлөө хаагдмал байсан цаг үе өөрчлөгдөж, шинэ цаг үе ирснийг харуулсан энэ зураг уг сониныг  эгэл биш болгож, бурхан шүтээний өмнө залахад хүргэжээ.

Өөр цаг үе ирсний гэрч болж үлдсэн Далай ламын зурагтай  сонины нэгдүгээр нүүрт бас Монгол шашин гэж гарчгийг монгол бичгээр өгсөн нийтлэл байхаас гадна “Улс төрийн өөрчлөлт хийх эрэл хайгуулдаа Монгол хүч үл хэрэглэнэ” гэсэн гадаадын хэвлэлд Монголын тухай бичиж байсан нийтлэлийн орчуулгын нэг хэсэг байна.  Ямар хэвлэлд, хэн гэж хүн бичсэн зэрэг нь тодорхой байна.

36 жилийн өмнө тавдугаар сарын 24-нд хэвлэгдэн гарч байсан “Шинэ толь” сонины нүүрийг “Зууны нэг өдөр” буландаа онцолсон нь энэ.

Эх сурвалж: zms.mn