Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Нэгүүн.мн сайтын эрхлэгч Ч.Баяржаргалыг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хэрэг үүсгэн 30 хоногийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Улмаар 26 хоногийн дараа буюу тавдугаар сарын 6-ны өдрийн 11.30 цагт цагдан хориог сунгах, эсэх шүүх хурал болж “Мөрдөгчид нөлөөлөхийг завдсан" хэмээн үндэслэлгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунган шийдвэрлэсэн. Нөхцөл байдал ямар байгаа талаар сэтгүүлч Ч.Баяржаргалын өмгөөлөгч С.Болорчулуунаас тодрууллаа.

 

-Сэтгүүлч Ч.Баяржаргал хуурай өлсгөлөн зарлаад 100 цаг болж байна гэж байна. Биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Би даваа гарагт очиж уулзахад биеийн байдал хүнд байсан. Ч.Баяржаргал өнгөрсөн баасан гарагаас эхлэн өлсгөлөн зарласан юм байна лээ. 461 дүгээр хорих анги өлсгөлөн заралсныг нь бүртгэхгүй, биеийн байдалд чинь сөргөөр нөлөөлнө гэдэг хариу өгч, өлсгөлөн зарлах эрхийг нь хязгаарласан юм гэсэн. Харин Ч.Баяржаргал хүний эрхийн асуудал гэж үзээд хуурай өлсгөлөн зарласан. Хоол унд идэхгүй байгаа болон зүрхний суурь өвчин буюу ховдол хоорондын асуудлаас үүдэж бие нь муу байна. Хуурай өлсгөлөн зарласан тохиолдолд 10 гаруй хоногоос илүү тэсдэггүй. Нойтон өлсгөлөн бол шингэн зүйл уудаг болохоор сар гаруй тэсдэг. Тиймээс миний зүгээс Ч.Баяржаргалд “Хуурай өлсгөлөн зарлах нь маш эрсдэлтэй. Тиймээс 461 дүгээр анги чинь бүртгэх ёстой. Заавал бүртгүүлээрэй гэсэн. Гэтэл “Эд нар бүртгэхгүй” байна гэсэн. Мөн ХЭҮК-т ханд гэж зөвлөсөн. Гэтэл ХЭҮК эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан учраас бид нар хүлээж авахгүй гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гадна үзэл бодлоо илэрхийлэх, өлсгөлөн зарлах нь чиний эрх шүү дээ. Энэ талаараа комисст ханд гэсэн. Гэвч хүлээж авдаггүй учраас хандахгүй юм шиг байна.

-Зүрхний асуудалтай гэлээ. Эмнэлгийн хяналтад байдаг гэсэн үг үү?

-Тийм ээ. Эмнэлгийн байгууллагаад тогтоогдсон бөгөөд байнгын эмчилгээ хийлгэдэг байсан юм билээ. Тэгээд зүрхээ 461 дүгээр хорих ангийн эмчид үзүүлье гэтэл энэ анги нь зүрхний нарийн мэргэжлийн эмчгүй байж таарсан. Ингээд Ч.Баяржаргалын биеийн байдал огцом муудаж, өчигдөр шокын байдалтай болж, гуравдугаар эмнэлэгт хүргэгдэж, зүрхний аппарат зүүсэн байна лээ. Тэр аппаратыг нь салгаж болохгүй гэсэн. Салгах юм бол нас барах магадлал өндөр байна. Хяналт тавьдаг прокурор Батзолбоод энэ талаар мэдэгдсэн байгаа.

-Ямар шалтгааны улмаас өлсгөлөн зарласан юм бол?

-Үндэслэлгүйгээр цагдан хорьж байна гэж үзэж байгаа. Уг нь таслан сэргийлэх төрлийн арга хэмжээнд нь Монгол Улс, дүүрэг, гэрээсээ гарч болохгүй зэргээр зорчих эрхийг нь хязгаарлаж болдог. Гэтэл хорьж, эрүүдэн шүүж байгаад л асуудал нь байгаа юм. Өмнөх өмгөөлөгч нар нь цагдан хорионы хугацааг сунгахгүйгээр, суллаж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан юм билээ. Гэтэл мөрдөгчид нөлөөлсөн гэх хуульд байхгүй үндэслэлээр хориод, хугацааг нь сунгаад байна. Хуульд гэрч, хохирогч, шинжээчид нөлөөлөх гэсэн заалт байдаг. Мөрдөгчид нөлөөлөх гэж заалт байдаггүй.

-Өмгөөлөгчийн зүгээс та энэ байдлыг юу гэж харж байна вэ?

-Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцээс хүлээж авсан Эрүүгийн хуулийн 13.5 худал мэдээлэл тараасан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоо больсон гэх Үндсэн хуулийн дүгнэлт байгаа юм. Түүнтэй холбоотойгоор улс төр, төрийн албан хаагчийн үнэн, мөнийг ярьж, болж бүтэхгүйг нь мэдээлсний төлөө төрийн эрхийг барьж байгаа нам нь амыг нь хамхих зорилгоор сэтгүүлчдийг хорьж, олноор нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татаж байна гэсэн хардлага төрж байна.

Өөрөөр хэлбэл, би ганцхан Л.Баяржаргал дээр өмгөөлөгчөөр ажиллаагүй. Цолмон гээд сэтгүүлч, Шинэхүү гээд зураглаач дээр ажиллаж байна. Сүүлд Ууганцэцэг гээд сэтгүүлч өмгөөлөгчөөрөө авья гэдэг санал тавьсан. Ингээд үзэхээр сэтгүүлзүйн салбарыг тэр чигт нь шоронжуулж, амыг нь хамхих зорилготой байна гэж харж байна. Тодруулбал, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд л сэтгүүлчийг хорьж, барих, хэрэг хүлээлгэх нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс худал мэдээлэл тараах, гүтгэх асуудалтай холбоотой хуулийн төсөл хэлэлцэж буй энэ үед сэтгүүлчид маань саналаа өгч, нэгдсэн дуу хоолойтой байж, идэвхтэй байх хэрэгтэй. Энд ганцхан Л.Баяржаргалын асуудал биш нийт сэтгүүлчдийн асуудал, цаашлаад монголчуудын мэдэх эрхийн асуудал хөндөгдөж байна шүү дээ.

-Холбогдоод буй хэргүүдийн хувьд цагдан хорих шаардлагагүй гэж үзэж байна уу?

-Холбогдуулаад буй хэргүүдийн зарим нь хөнгөн, зарим нь 2-8 жилийн цагдан хорихоос өөр ялтай хэрэг байгаа юм. Энэ тохиолдолд хорихгүй байж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 97 (7839)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn