Х.ХАТАН
Өнөөдрийн “Хэв маяг-Хэмнэл” булангийн зочноор Завхан аймгийн Тэс сумын харьяат "Заяа" бариа заслын төвийг үүсгэн байгуулагч, бариач Ц.Батмөнхийг урьж ярилцлаа.
Тэрээр 12 дахь жилдээ эмчилгээний бариа засалч мэргэжлээрээ дагнан ажиллаж байгаа туршлагатай бариач юм. “Ачит мутар” аарцаг нурууны бариа заслын төвд 10 жил ажиллах хугацаандаа 6000-8000 хүнд бариа эмчилгээ хийжээ. Мөн “Ачит мутар” төвийн бариач бэлдэх сургалтад багшилдаг байжээ.
Одоо аарцаг нурууны бариа заслын “Заяа” төвөө нээгээд байна. Энд аарцаг нурууны бариа засал, уламжлалт бариа засал, алжаал тайлах бариа засал, хүүхдийн бариа засал, толгойн доргилт, нурууны мурийлт, аарцагны гажилт гээд бүх төрлийн бариа эмчилгээг хийдэг юм байна.
-Та аарцаг нурууны бариа заслын эмчилгээг 12 жил хийж байна. Таныг ямар зовуурьтай үйлчлүүлэгчид зорьж ирж байна вэ?
-Хөдөлгөөний дутагдал, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэйгээр нурууны өвчин ихсэж байна. Манай “Заяа” төв аарцаг нурууны бариа засал хийдэг учир нурууны асуудалтай хүмүүс голчлон үйлчлүүлдэг. Нуруу нь татсан, булчин чангарсан, хөдөлж чадахгүй гацсан, сууж босож чадахгүй, эргэж хөрвөөж чадахгүй, бөгсөө ч өндийлгөж чадахгүй болсон хүмүүс ирнэ. Мөн мэдрэлийн гаралтай өвдөлттэй буюу хөл гараа дагаж өвдсөн, гар бадайрсан, гараа өргөж чадахгүй болсон зовуурь ч их хэлдэг болжээ. Жирэмсэн болж чадахгүй байгаа эмэгтэйчүүд ч барианд явснаар аарцаг нурууны гажилт нь засарч хүүхэдтэй болдог. Тухайн үйлчлүүлэгч ямар зовуурьтай байна, түүнийг нь багасгаж, эмчлээд эдгээгээд өгч чадвал миний ажлын үр дүн юм. Хүмүүсийн сэтгэл ханамж чухал шүү дээ. Гадаад, дотоодоос намайг зорьж ирдэг олон үйлчлүүлэгч бий.
-Аарцаг нурууны бариа засал ямар онцлогтой эмчилгээ юм бэ?
-Монголд сүүлийн 20 жилд хөгжиж буй бариа засал эмчилгээ юм. Аарцаг нурууны биеийн тэгш хэмийг засах Япон Yumeiho эмчилгээ нь булчин үе, аарцаг, нуруу хүзүүний өвчнийг эдгээнэ. Ерөнхийдөө зөөлөн сунгалт, үе хөдөлгөх, даралтат бариа маягаар аарцагны байрлал шалгах, нурууны тэнхлэг засах хөдөлгөөнөөр хийдэг. Нуруу аарцаг тэгшлэх, булчин суллах, үе мөчний хөдөлгөөн сайжруулах, биеийн тэнцвэр засах зорилготой гар ажиллагаанууд ордог. Аарцаг тэгшлэх засал, нурууны тэнхлэг засах бариа гэж ойлгож болно.
Ихэвчлэн нуруу өвдөх, хүзүү, мөр чангарах, суугаа ажилтай холбоотой нурууны ачаалал, төрсний дараах аарцаг сулрал, буруу суулт, бөгтөр, хөл урт богино болох гэх мэт шинж илэрч байхад хийдэг. Эмчилгээний бариа учраас ямар ч хүнд үр дүн гардаг. Гол нь тууштай хийлгэх хэрэгтэй. Тухайн хүний зовуурийг 50-60 хувь багасгана, тууштай курсээр явбал бүрэн эмчлэгдэх боломжтой. Нуруу нь мурийгаад хэт удаан явсан хүмүүс хүртэл удаан тууштай аарцаг нурууны бариа засал хийлгэвэл нуруу нь тэгширч эмчлэгдэх боломжтой.
-Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн нуруу далийх нь түгээмэл болж байна. Энэ юутай холбоотой байна вэ?
-Хүүхэд төрөлхийн далий нуруутай төрнө, ээж ааваас удамшина гэж байхгүй. Амьдралын буруу хэвшил, буруу суулт, ширээ сандлын тухгүй байдал, цүнхээ нэг талдаа үүрэх, хэт хүнд зүйл өргөх зэргээс үүдэлтэйгээр нуруу мурийж цаашлаад аарцаг гаждаг. Арга хэмжээ авахгүй яваад байвал нуруу S үсэг хэлбэртэй болох аюултай. Ийм нуруутай болчихвол биед, дотор эрхтэнд олон сөрөг үр дагавар үүсдэг.
Аарцаг нурууны бариа заслаар нурууны далийг, аарцагны гажилтыг нь засаж тэгшилж өгдөг. Гэхдээ буруу суулт, буруу хэвшлийг нь хүүхдэд хэлж ойлгуулж засахгүй бол бариагаар засаад явуулсан ч дахиад л далийх аюултай. Тиймээс өдөр тутамдаа хийх дасгал хөдөлгөөн сунгалт зааж өгдөг.
-Ямар шалтгаанаар нурууны өвчин ихсээд байна вэ?
-Хүмүүс хөдөлгөөний дутагдалтай байна. Өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийхгүй бол нурууны булчин чангардаг. Нурууны суулт үүссэн байсан ч өвдөлт өгөхгүй байх тохиолдол элбэг. Харин булчин чангарснаар нурууны өвдөлт илэрдэг. Тиймээс булчингаа суллаж өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийж хэвших хэрэгтэй.
Мөн далий буруу суух, хөлөө ачиж суух зэрэгт бие дасаад хэвшил болдог. Энэ нь нурууг далийлгаж, аарцаг гажих шалтгаан болно.
Хүн бүр нуруугаа хайрлаж байх ёстой. Хүний багана нуруу гэдэг хамгийн чухал эрхтэн. Багана нуруу 31 хос мэдрэлтэй. Тархи толгой, дотор эрхтэн, гар хөл, аарцаг сав хөндийн эрхтэн бүгдийг мэдрэлжүүлдэг мэдрэлийн судас нуруунд байдаг. Тиймээс нуруугаа хайрлаж, бэртэж гэмтээхээс сэргийлж, дасгал хөдөлгөөн хийж хэвших хэрэгтэй. Үнэхээр амжихгүй, чадахгүй бол сардаа 1-2 удаа бариа засал хийлгээд булчингаа суллаж, амрааж болно.
Нуруунд ямар нэг асуудалтай бол заавал аарцаг нурууны бариа засал, эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Мөн нурууны асуудалгүй байсан ч урьдчилан сэргийлж алжаалаа тайлах бариа хийлгэж байхад сайн.
Нойргүйдэх, ядрахад хүртэл хүний нурууны булчин чангарч байдаг. Энэ бүхэн хуримтлагдахаар өвчин болно. Тиймээс дасгал хөдөлгөөн хийж, алжаал тайлах бариа хийлгэж, шаардлагатай бол эмчилгээний барианд явах хэрэгтэй.
-Алжаал тайлах зорилгоор бүтэн биеийн болон хэсэгчилсэн бариа хийлгэдэг болсон. Энэ ямар ач холбогдолтой вэ?
-Нэгэнт дасгал хөдөлгөөн хийх боломжгүй, цаг завгүй ч юм уу, хэт их ажлын ачаалал, ядаргаатай хүн алжаал тайлах бариа хийлгэх нь сайн. Бие амарч тайвширч бага зэрэг ч болов булчингууд суларна.
Харин нурууны өвдөлттэй, мэдрэл дарагдсан хурц зовуурьтай хүмүүс бол эмчилгээний бариаг курсээр хийлгэж байж үр дүн гарна.
-Нурууны ямар зовуурьтай хүн бариа хийлгэж болохгүй вэ?
-Би олон жилийн бариа эмчилгээ хийсэн туршлагаасаа хэлэхэд эхлээд тухайн хүний өвчин зовуурь, биеийн байдлыг нь сайн ажигладаг. Ямар бариа тохирох уу, уламжлалтын эмчилгээ хавсрах уу, сэтгэл зүй нь ямар байна гэдгийг үнэлээд өөртэй нь ярилцаад тохирох эмчилгээг хийдэг. Шаардлагатай тохиолдолд нурууны зураг авхуулж ирэхийг зөвлөөд явуулдаг. Намайг зориод эмчлүүлнэ гээд ирж байхад ямар ч байсан таарах бариа эмчилгээг нь хийж өгдөг. Хамгийн гол нь тухайн хүний эдгэнэ гэсэн итгэл, тууштай байдал, биеийн онцлогоос үр дүн шалтгаална. Хагалгааны заалттай хүн байсан ч өвчнийг нь багасгах бариа эмчилгээ хийж болдог.
Гэхдээ анхааруулахад тухайн хүн бариа засал хийлгэхээсээ өмнө нурууны зургаа авхуулж өвчин зовууриа мэдсэн байвал дараагийн сөрөг үр дагавраас сэргийлж чадна. Мөн бариа хийлгэх газраа сонгохдоо мэргэжлийн бариач эсэх, физик эмчилгээний мэдлэгтэй эсэхийг нь судалж байж хийлгэх нь зөв.
-Хүзүүний шохойжилт бас хүн бүрийн зовуурь болоод байна. Үүнийг бариа заслаар эмчлэх боломжтой юу?
-Хүзүүний шохойжилт гэдэг хөдөлгөөний дутагдлаас үүдэн үе хооронд үүсдэг. Бариа заслын эмчилгээгээр шохойжилтыг эмчлэх боломжтой. Ер нь зөвхөн хүзүү ч гэхгүй хүний биеийн үе хөдөлгөөний үндсэн дээр тэжээлээр хангагддаг. Тиймээс эрүүл саруул, өвдөх өвчингүй урт насалъя гэвэл өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж байгаарай.
Мөн аарцаг нурууны бариа засал хийлгэснээр чангарсан булчин суллаж, биед хөнгөн мэдрэмж төрнө. Цусны эргэлт сайжирч, даралт тогтворжино. Сэтгэл санаа тайвширч, нойр гүн болно. Ажлын бүтээмж, эрч хүч нэмэгдэнэ гээд олон үр дүн мэдэрнэ.
-Нас явахын хэрээр өвдөгний үеэр өвдөх, яс ургах өвчин бий болдог. Энэ юунаас үүдэлтэй юм бэ?
-Хүний хөлний өвдөгний үе хөдөлгөөнөөс тэжээлээ авдаг. Гэтэл хөдөлгөөнгүй удаан сууснаар өвдөгний үе тэжээлгүй болж өөрчлөлтөд орж, өвдөж эхэлдэг. Тэгэхээр хүн өвдөлт мэдрэхгүйн тулд өвдөгний хөдөлгөөнөө хязгаарладаг. Ингэснээр өвдөгний зөөлөн эд нимгэрч багасаад ясны бүтэц нь өөрчлөгдөөд, яс ургалт үүсэж цаашлаад өвдөг нугарахаа больдог. Нэг ёсондоо хөгшрөлт хурдан явагдаж байна гэсэн үг. Энэ бол нас нэмэгдэхээр л заавал өвддөг өвчин биш. Огт өвдөхгүй байх бүрэн боломжтой. Хувь хүний өөрийнх нь амьдралын хэмнэлтэй холбоотой. Хэр их хөдөлгөөнтэй байна төдий чинээ өвдөг өвдөхгүй эрүүл байх боломжтой. Хүн хөгширч бус хөшиж үхдэг гэдэг үг бий шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 97 (7839)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn