Ц.МЯГМАРБАЯР


Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т нэвтэрсэн хиймэл оюун ухаанд суурилсан худалдан авах ажиллагааны тендерийнүнэлгээний “TenderEval” систем болон байгууллагын нөөц төлөвлөлтийн “ERP” систем болон бусад цахим шилжилтийн төслүүдийн талаар Мэдээллийн технологийн хэлтсийн албаны дарга М.Мөнхбаатартай ярилцлаа.


    ⁃    " Эрдэнэт үйлдвэр” өнөөдрийн байдлаар цахим шилжилтийн ямар томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна вэ?
-"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цахим шилжилтийн хүрээнд хэд хэдэн томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Бид энэхүү шилжилтийг эхлүүлэхдээ үндсэн хэд хэдэн зорилт дэвшүүлсэн. Үүнд, байгууллагын бизнес үйл ажиллагааны процессыг оновчлох, реинжиниринг хийх, үйлдвэрийн хэмжээнд ашиглагдаж байгаа 200 гаруй салангид системийг нэгдсэн нэг платформд төвлөрүүлэх, цаасан суурьтай уламжлалт арга барилыг халж, цахим хэлбэрт шилжүүлэн тоон гарын үсгээр баталгаажуулдаг болох, мөн хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн дэвшилтэт технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэрэг багтсан.
Цахим шилжилтийн төслийг хэрэгжүүлэхэд зайлшгүй авч үзэх ёстой зүйл бол мэдээллийн технологийн найдвартай дэд бүтэц бөгөөд үүний хүрээнд Дата төвийг шинээр байгуулж, сүлжээний дэд бүтэц, серверүүдээ шинэчилсэн.
Бизнес процессыг цахимжуулах зорилтынхоо хүрээнд бид нэгдсэн “ERP” системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ цаасан баримтыг зүгээр нэг сканнердаж оруулах биш, харин анхан шатны баримт үүсэх цэгээс эхлээд бүхий л үйл явцыг 100 хувь цахимжуулж, тоон гарын үсгээр баталгаажуулах, өөрөөр хэлбэл жинхэнэ утгаар нь цахим шилжилт хийхээр зорьсон.
Хиймэл оюун ухаанд суурилсан “Tender Eval” системийн эхний хувилбарыг 2024 оны 6 дугаар сард гаргаж, бүтэн жилийн турш туршилт хийсний үр дүнд 2025 оны 7 дугаар сард илүү ухаалаг, сайжруулсан хоёр дахь хувилбараа нэвтрүүлсэн. Одоо бид энэхүү системээрээ бараа худалдан авах тендерээ үнэлүүлээд явж байна.
-Шинээр байгуулсан Дата төв болон дэд бүтцийнхээ онцлогоос хуваалцвал?
-Манай Дата төв нь үл тасалдах тэжээлийн үүсгүүр(UPS), батерей, хөргөлтийн систем бүхий ухаалагмодулиудаас бүрдсэн. Серверийн тавиур (Rack) бүр ухаалагхяналтын системтэй. Хөргөлтийн системийн хувьд “Хүйтэнкоридор”-ын шийдэлтэйгээс гадна “Free cooling” буюубайгалийн агаар сэлгэлт ашигладаг тул эрчим хүчнийхэмнэлт өндөртэй, галын аюулгүй байдлын орчин үеийншаардлагыг бүрэн хангасан зэрэг олон давуу талтай. 
Манай үйлдвэр нь автоматжуулалт, бизнес үйл ажиллагаанд ашиглагддаг олон мянган төхөөрөмж ажилладаг томоохон сүлжээний дэд бүтэцтэй. Сүлжээний ажиллагаанаас үйлдвэрлэлийн процессын хяналт удирдлагын контроллерууд, хянах, хэмжих, гүйцэтгэх механизмуудын хэвийн үйл ажиллагаа ихээхэн хамааралтай. Эдгээр системүүдийн хэвийн найдвартай ажиллагаа, кибер аюулгүй байдлыг хангах зорилгоор мэдээллийн сүлжээний цогц шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн. Үйлдвэрийн газрын 51 байгууламжийг хамарсан шилэн кабель татаж, нэг цэгт гэмтэл гарахад сүлжээ тасалдахгүй байх "RING" архитектур бүхий орчин үеийн SDN (программ хангамжид суурилсан сүлжээ) болон NAC (хандалтын хяналт) технологийг нэвтрүүлсэн. 
-Үйлдвэрийн хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?
-Манай үйлдвэрийн нь улсын онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагад хамаардаг, мөн 24 цагийнтасралтгүй үйл ажиллагаатай, технологийн процессын автомат удирдлагын болон бизнес үйл ажиллагааны олон системүүд ажилладаг. Эдгээр системүүдийн кибер аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж шаардлагатай байдаг тул олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, технологиудыгхэрэгжүүлсэн. Мөн “Кибер аюулгүй байдлын тухай хууль”-ийн дагуу жил бүр эрсдэлийн үнэлгээ, хоёр жил тутамд мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэж, зөвлөмжийн дагуу сайжруулалтыг тогтмол хийгээд явж байна.
-Байгууллагын нөөц төлөвлөлтийн “ERP” систем бодитоор хэрхэн ажиллаж, ямар үр дүн өгч байгаа вэ?
-"ERP” буюу Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем нь бизнес процессыг стандартчилах, хялбарчилж оновчтой болгох, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдал, сайн засаглалыг бэхжүүлэхэд маш чухал үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар бид Худалдан авалт, Хүний нөөц, Баримт бичиг, Цаг бүртгэл болон бусад хэд хэдэн дэдмодулийг бүрэн нэвтрүүлээд байна. Санхүү, Агуулах, Цалин, Борлуулалт зэрэг бусад модулийг хөгжүүлээд тестийн шатанд явж байна. 
Тухайлбал, "Худалдан авалтын модуль" гэхэд барааны хэрэгцээ шаардлага үүсэж захиалга өгөхөөс эхлээд тендер зарлах, гэрээ байгуулах, бараа нийлүүлэгдэх, чанарын хяналт хийгдэх, эцэст нь агуулахад орлогоор авах хүртэлх бүхэл бүтэн амьдралын мөчлөгийг хамардаг. Бусад модулиуд ч мөн ялгаагүй. Энэ бүхий процесст цаас ашиглахгүй, 100 хувь цахим хэлбэрээр явагдахаар төлөвлөнажиллаж байна. 
-Энэхүү системийг нэвтрүүлснээр цаг хугацаа болон эдийн засгийн хувьд ямар хэмнэлт гарч байна вэ?
 
-Зөвхөн нэг жилийн баримтыг авч үзэхэд тоон гарын үсгээр 2,4 сая буюу 4800 орчим боодол цаас хэмнэсэн тооцоо гарч байна. Тоон гарын үсгийг 2024 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд дээрх  дүнгээр бодож үзэхэд гурван жилийн хугацаанд  долоон сая гаруй цаас хэмнэх тооцоо гарч байна. Цаас худалдан авах өртөг төдийгүй тухайн цаасыг хэвлэх төхөөрөмж, принтерийн хор,  үйлдвэрийн бүтцийн нэгжийн хоорондзөөвөрлөх машин, жолоочийн зардал, удирдлагуудын үүдэнд гарын үсэг зуруулахаар хүлээх ажилтны цаг хугацаа, цаасан архивын зардал зэрэг асар олон шууд болон шууд бус зардлыг бууруулж байгаа юм.
Гэхдээ ERP системийн ач холбогдлыг зөвхөн цаасныхэмнэлтээр дүгнэж болохгүй.
 
Байгууллагын үйл ажиллагааны процессыг шуурхай, оновчтой болгох, стандартчилах, хууль, журамд нийцүүлэх,  дотоод засаглал, ил тод байдлыг нэмэгдүүлж байгаа нь том ололт юм. Шийдвэр гаргах хурд эрс нэмэгдсэн. Систем дээр хийгдсэн үйлдэл, баталгаажуулалт бүр цаг, минут, секундээрээ түүх болон хадгалагддаг тул хариуцлагын тогтолцоо сайжирч, дотоод болон хөндлөнгийн аудит хийхэд нээлттэй, хялбар болсон. Баримт бичиг батлах үйл явц аль шатанд, хэн дээр хүлээгдэж байгаа нь ил тод харагддаг. Жишээлбэл, захирамжлалын баримт бичиг аль нэг шатны удирдлага дээр очоод 72 цагийн дотор шийдвэрлэгдэхгүй бол автоматаар дараагийн шат руу шилждэг ухаалаг тохиргоо хүртэл хийгдсэн. Энэ бүхэн нь байгууллагын соёл, хөдөлмөрийн бүтээмжид бодит өөрчлөлт авчирч байна..
- Бусад байгууллагууд ERP системийг нэвтрүүлэхэд багагүй саадтай тулгардаг. Танай байгууллагын хувьд ямар аргачлалаар амжилттай нэвтрүүлсэн бэ?
-Монголд олон компани дотоод үйл ажиллагаандаа “ERP” нэвтрүүлсэн туршлага бий. Гэхдээ төрийн өмчит компаниудын хувьд нэвтрүүлэх гэж оролдоод амжилтгүй болсон тохиолдол цөөнгүй байдаг. Учир нь энэ бол маш том соёлын өөрчлөлт шаардсан, эрсдэлтэй ажил.
Бид төсөл хэрэгжүүлэхээс өмнө амжилттай болон амжилтгүй хэрэгжсэн олон байгууллагын түүхийг судалж, нийлүүлэгчдийн төлөөлөлтэй уулзсан. Ингээд төрийн өмчит үйлдвэрийн газрын онцлог, эрсдэлийг сайтар тооцоолсны үндсэн дээр дотоодынхоо хүний нөөцөд тулгуурлан нэвтрүүлэх замыг сонгосон. Манайд олон чадварлаг IT инженер, мэргэжилтнүүд ажилладаг. Тэднийгээ ERP системийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийн чиглэлээр чадавхжуулж, гаднын туршлагатай зөвлөхүүдтэй хамтран төслийн менежментийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд өнөөдөр бид 22 хүний бүрэлдэхүүнтэй, системээ бие даан хөгжүүлж, хариуцан авч явах чадвартай багтай болсон. Энэ бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд маш том оюуны үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.
-"TenderEval” системийн тухайд, тендерийн эцсийн шийдвэрийг хиймэл оюун ухаан гаргаж байна гэж ойлгож болох уу?
-Хуулийн зохицуулалтаараа тендерийн үнэлгээний эцсийн шийдвэрийг зөвхөн "Үнэлгээний хороо" гаргах эрхтэй. Тэгэхээр хиймэл оюун ухаан нь бие дааж шийдвэр гаргагч биш, харин Үнэлгээний хорооны гишүүдийн ачааллыг бууруулж, их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийх үйл явцыг хөнгөвчлөх “туслах”-ын үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Тодруулбал, нэг тендер дунджаар 70-100 шалгуур үзүүлэлттэй байдаг бөгөөд нэг оролцогчийн материал 100 орчим хуудас болдог. Хэрэв тендерт 10 компани оролцлоо гэж бодоход 1000 орчим хуудас материал цуглана. Үнэлгээний хорооны нэг гишүүн энэ их материалыг шалгуур нэг бүрээр гүйлгэж, нягталж уншина гэдэг асар их цаг хөдөлмөр шаарддаг бөгөөд хүнээс хамааралтай алдаа гарах магадлалтай. Зөвхөн нэг тендерийн материалыг бүрэн уншиж үнэлэхэд бүтэн өдөр зарцуулагддаг байсан.
Тэгвэл “TenderEval” систем энэ нүсэр материалыг ердөө 20-30 минутын дотор уншиж, бүх шалгуураар анализ хийгээд бэлэн болгодог. Хамгийн чухал нь хиймэл оюун ухаан яг ямар хуудасны, ямар баримтыг үндэслэж шаардлага хангасан эсвэл хангаагүй  гэх мэт  дүгнэлтийггаргасан бэ гэдэг эх сурвалжаа давхар хавсаргаж өгдөг. Ингэснээр Үнэлгээний хороо системийн боловсруулсан дүн шинжилгээнд тулгуурлан эцсийн шийдвэрээ маш богино хугацаанд, алдаа мадаггүй, бодитой гаргах боломж бүрдсэн. Бид өмнө нь зохион байгуулагдсан тендерүүдийн нөхцөл байдал, өгөгдлүүдээр хиймэл оюун ухаанаа тасралтгүй сургаж, улам сайжруулах ажлыг тогтмол гүйцэтгэж байна.
-Хиймэл оюун ухааны гаргасан дүгнэлтийг Үнэлгээний хорооны хүний гаргасан шийдвэртэй харьцуулж үзсэн үү? Зөрүү хэр гарч байна вэ?
-Тийм ээ, бид нарийвчилсан харьцуулалт хийж үзсэн. Үнэлгээний хорооны шийдвэр болон “TenderEval” системийн гаргасан дүгнэлтүүдийг хооронд нь тулгасан. Нийт 497 тендерийн 130 мянга гаруй шалгуур үзүүлэлт дээр шинжилгээ хийж үзэхэд, хүн болон системийн үнэлгээний хооронд 2700 буюу ердөө  хоёр хувийн зөрүү гарсан. Энэ бол маш өндөр нарийвчлалтай дүн юм. Бид одоо энэ хоёрмхувийн зөрүү ямар шалтгаанаар гарсныг судалж, системээ улам боловсронгуй болгох, алгоритмоо сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 95 (7837)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn