Ч.БЯМБАХАЖИД

 

“Жоомоо алах гээд байшингаа шатаав даа. Байгууллагын нэр хүнд бодсонгүй” 

 

Кейс-1

 

“2024 оны хоёрдугаар сард Б.Эрдэнэтулга нь ШЕЗ-д Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон. /ЕТГ-т ахлах референт хийж байсан. Өмнө нь мөрдөгч байсан/. Манай чиг үүргийг мэдэхгүй учир “Ажлаа тайлбарлаж өгөөрэй” гэсэн.  Тэгээд шөнө оройн цагаар мессеж бичдэг болж, шөнийн 01:00 цагт хүртэл бичнэ. Нэг удаа Турк руу томилолтоор явахаар болоход “Надтай ойр яваарай” гэсэн. Үүнийгээ уулзах таарах бүртээ сануулан биед хүрэх жишээний байсан. Орон тоо дутуу, ажил их байсан учраас төлөвлөгөөний ажлуудаа шахаад хоёр ажилтантайгаа хамт ажиллаж байтал Б.Эрдэнэтулга согтуу орж ирээд үс гэзэг оролдож “Гараад ир” гэж дуудсан.  Очтол “Турк явахаа мэдэж байгаа биз дээ, ойр явна шүү” гэхээр нь "Яагаад үүнийг ахин дахин сануулаад байгаа юм бэ" гэтэл уурласан. Тэр шөнө нь би унтаж чадаагүй дарамттай байсан учраас өглөө нь ирээд “Таны эдгээр үйлдлүүд ажлын байрны бэлгийн дарамт шиг ойлгогдож байна” гэж viber-аар нь бичсэн. Энэ цагаас хойш дарамт эхэлсэн. Ажилтнуудын дэргэд “Чамайг зайлуулна, их зантай хүүхэн өөрийгөө юу гээд бодсон юм бэ” гэх мэтээр орилж хашгичдаг байсан. Ингээд байхаар байгууллагын ажилчид надаас зайгаа барьж, харьяалах ажилтнууд миний үүрэг даалгаврыг биелүүлэхээ больсон. 

Улмаар аравдугаар сард бүтэц хийхдээ албан тушаал бууруулсан. 2025 оны нэгдүгээр сарын сүүлд цалингийн задаргаа и-мэйлээр ирэхэд албан тушаал буурснаа албан ёсоор мэдсэн. Ажиллах нөхцөл хүнд байсан тул ХЭҮК-т “Ажлын байрны бэлгийн дарамтаас үүдэлтэй дарамт шахалт үзүүлээд байна” гэж 2025 зургаадугаар сарын 2-нд хандсан. ХЭҮК есдүгээр сарын 2-нд шалгалтаар ирсэн. Гэвч ХЭҮК миний асуудлыг бүрэн дүгнээгүй. Гишүүн нь дуудаад “Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа. Гэхдээ танай даргын нэр хүнд…” гэхээр нь би “Та юу яриад байна” гэтэл “Чиний чат дэлгэгдвэл эвгүй шүү дээ” гэхээр нь би “Тэр чатнаас яагаад ичих юм хэлснээр чинь авна шүү”  гэж хэлээд гарсан. Шийдвэр нь гарна гэсэн хугацаандаа гараагүй. Тэгж байгаад гарсан шийдвэр нь “Ажлын байрны бэлгийн дарамт байхгүй. Найрсаг харилцаа өрнүүлсэн байна” гэж өөрчлөгдсөн байсан.

ХЭҮК гурван сарын харилцсан чатыг утаснаас маань нэр дугаартай нь тулгаж үзээд дэлгэцийн бичлэг хийлгүүлж авсан. Энэ чатад шөнө орой бичсэн, “Турк явахдаа ойр яв” гэдэг нь байгаа. Харин гар хөл барих, үс гэзэг оролдоход хамт байсан хоёр ажилтны нэг нь “Тийм зүйл болоогүй” гэсэн бол нөгөө нь  “Санахгүй байна” гэж мэдүүлсэн байсан. Бас шинэ жилээр намайг тэврээд “Чи яагаад намайг тоохгүй байгаа юм. Хөгшин гээд тоохгүй байгаа юм уу” гэх үед хажууд байсан ажилтан ХЭҮК-т мэдүүлэг өгөхдөө худлаа ярьсан байсан. Учир нь тэр хүн найзынх нь дүү юм.  ХЭҮК-оос хамгаалалт хүсээд хариу байхгүй. Сүнжид даргад аравдугаар сарын 21-нд “Гишүүн чинь амаар хэлснээсээ өөр шаардлага гаргалаа. Мөн миний өгсөн баримт гомдлыг бүрэн дүгнэж шалгасангүй. Ахиад хянуулъя” гэхэд мөн л хариу өгөөгүй. 2025 оны аравдугаар сарын 1-нд байгууллагын  ажилтнуудын хурал зарлаж уг хурлаар бүхэлдээ гомдол гаргасан намайг буруутгаж, тухайн үеийн ШЕЗ-ийн дарга, зарим гишүүд /Зүмбэрэллхам/ “Жоомоо алах гээд байшингаа шатаав даа. Байгууллагын нэр хүнд бодсонгүй” гэж анхааруулга өгсөн. Мөн гомдолд дурдсан асуудал тогтоогдоогүй гэж нийт ажилтнуудын хурал дээр мэдэгдсэн билээ. Тогтоогдоод шаардлага ирсэн байхад бүхэл бүтэн байгууллагынхаа ажилтнуудыг өмнөө суулгаад ШЕЗ-ийн гишүүн худал хэлсэн. 

ХЭҮК-ын шаардлагыг тэс өөрөөр Шүүхийн захиргааны дээд байгууллага ШЕЗ тайлбарласан нь гэм буруутай үйлдэл биш үү. Тэгэхдээ Зөвлөлийн дарга нь нийт ажилтнуудын хурлаараа “хариуцлагатай байж сураасай” гээд зориуд хоёр хүнд арга хэмжээ авснаа зарласан нь Б.Эрдэнэтулга биш харин Ч.Ханддулам миний бие бас нэг дарга байлаа. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг нийт ажилтнуудын дунд нэр зарлаж оноож байв. Ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл өмнө өгсөн байснаа түүнийгээ олны өмнө зарласан нь нээлттэй хэлбэрээр сануулах гээд өөр хэлбэрээр дахин шийтгэсэн гэсэн үг.  Мөн энэ тушаал нь шүүхэд хандаад хүчингүй болгуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байхад дахиж тушаал дээрээ арга хэмжээ авахаар мэдэгдэл өгч хариу тайлбар шаардаж байсан.

ХЭҮК-ын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт зааснаар 30 хоног дотроо арга хэмжээ авсан. Гэхдээ шаардлагын эзэнд биш харин гомдол гаргасан надад арга хэмжээ авсан. Шаардлага 2025 оны есдүгээр сарын 22-нд ирж, харин би аравдугаар сарын 13-нд халагдах тушаалаа авсан юм. 2025 оны аравдугаар сарын 13-нд шинэ шүүгч гишүүд ирэхэд энэ бүх асуудлыг бичиж тавууланд нь өгсөн. 2026 оны хоёрдугаар сарын 12-нд мөн хүний нөөцийг хангах чиг үүргийн хороонд зөвлөлийн даргад хандсан хариу өгөөгүй.

Төрийн байгууллага, тэр тусмаа ШЕЗ ийм байж болохгүй. ХЭҮК-ын шаардлагын хариуд ямар хариу гаргасан талаар тухайн үеийн болоод сүүлд томилогдсон ШЕЗ-д хандаж албан бичиг гаргаад хариу аваагүй л явна. Тэгтэл “Хариуцлага тооцох шаардлагагүй” гээд хариултыг хэдийнэ өгчихсөн явжээ. Үнэхээр энэ бурангуй явдал надаар дуусаасай. Надаас өөр хүмүүс ийм шударга бусыг битгий туулаасай гэж хүсч байна. Нийгэмд шударга ёсыг тогтоох шүүгчдийг томилдог, шүүхийн Тамгын газруудаа мэргэжил арга зүйгээр хангадаг хариуцлагатай байгууллага өөрөө ийм байж болох уу” хэмээн хохирогч эмэгтэй ярьсан юм.

Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн талаараа “шүгэл үлээсэн” эмэгтэй асуудлаа шийдвэрлүүлэх нь бүү хэл буруутан болчихсон тохиолдлыг дээрх кейс харуулж байна.  Энэ мэт зарим хүний хувьд ажлын байр нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, ур чадвараа хөгжүүлэх газар бус, айдас, дарамт мэдэрдэг орчин болж хувирдаг. Тэр дундаа бэлгийн дарамт гэх үл үзэгдэх хэр нь гүн шарх үлдээдэг асуудал олон хүний хувьд сэтгэлийн шаналал, дарамтад өртөх нөхцөл байдал болсоор байна. Иймд энэ удаагийн “Нийгэм-асуудал” буландаа Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой тулгамдсан асуудлыг хөндөж байна.   

 

“Соёлын болон орон нутаг дахь төрийн байгууллагуудтай холбоотой ажлын байрны бэлгийн дарамтын талаарх гомдол түлхүү ирсэн”

 

2025 оны байдлаар төрийн 4330 байгууллагад 213.611 төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчдын хамгийн их буюу 52.7 хувь нь Улаанбаатар хотод, хамгийн бага буюу 0.6 хувь нь Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Тэгвэл ХЭҮК-ийн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд дурдснаар ажилтнуудын 70 орчим хувь ажлын байрны бэлгийн дарамт байгааг хүлээн зөвшөөрсөн, түүнд өртөгчдийн 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд, үйлдэгчдийн 70 орчим хувь нь эрэгтэйчүүд байна гэсэн дүн гарчээ.

Ажлын байрны бэлгийн дарамтад өртөх тохиолдол, гомдол мэдээллийн талаар ХЭҮК-ийн Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас тодрууллаа.

Тэрээр “ХЭҮК жилд дунджаар 1400 гаруй гомдол мэдээлэл хүлээн авдаг. Үүнээс 17-18 хувь нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол байдаг. Үүн дотроо ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол жилд дунджаар 10 гаруй ирж байна. 2026 оны эхний улирлын байдлаар таван гомдол мэдээлэл ирсэн. Нийт гомдол мэдээллийн тоотой харьцуулахад маш бага тоо мэт боловч ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол ил байдаг зүйл биш. Зөвхөн хоёр хүний хооронд үйлдэгддэг учраас гуравдагч этгээдэд мэдээлэх, шалгуулахад нэлээд хүндрэлтэй, хүний нэр төр, эмзэг мэдээлэлтэй холбогддог учраас түгээмэл мэдээлээд байх нь хомс байдаг. Тиймээс “Жендэрийн тухай хууль, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Төрийн албаны тухай хууль”-аар үүрэг болгож зохицуулснаар урьдчилан сэргийлэх ажлуудыг хийх ёстой. Бэлгийн дарамт гэдэг нь заавал бэлгийн харилцаанд орсон тохиолдлыг хэлэхгүй. Үг хэл, биеийн хэлэмж зэргээрээ тухайн хүнд таагүй сэтгэгдэл төрүүлж байгаа бэлгийн сэдэлтэй үйлдлийг хэлнэ. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг Зөрчлийн тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг тухай хуулиар зохицуулдаг. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг хөдөлмөрийн хяналтын усын байцаагч, цагдаагийн байгууллага, ХЭҮК, байгууллагын дотоод хяналт ёс зүйн дэд хороо зэрэг энэ төрлийн асуудлыг хянан, шийдвэрлэх чиг үүрэг бүхий олон байгууллага бий. Тиймээс манай дээр ирж байгаа гомдлын тоог энэ төрлийн зөрчлийн үзүүлэлт гэж харах нь өрөөсгөл юм” гэлээ.

Сүүлийн 3-4 жилд ХЭҮК-д ирсэн гомдол мэдээлэлд ихэвчлэн төрийн албан хаагчид ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байгаа гомдол ирж байгаа аж. Үүн дотроо  соёлын болон орон нутаг дахь төрийн захиргаа, үйлчилгээний байгууллагуудтай холбоотой энэ төрлийн гомдол түлхүү ирж байгаа юм. Тодруулбал, Соёлын салбар буюу театр урлагийн байгууллагуудад “Удирдах албан тушаалтнууд гүйцэтгэх албан тушаалтнууддаа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байна” гэх гомдол мэдээлэл ХЭҮК-д түлхүү ирдэг байна.  Энэ хүрээнд ХЭҮК-оос удирдамжийн дагуу театр, урлагийн байгууллагуудад хяналт шалгалт хийж, зөвлөмж шаардлагыг Соёлын сайдад хүргүүлжээ. 

Сүүлийн 10 жилд ХЭҮК-д ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой 74 гомдол ирсний ердөө нэг тохиолдол нь эрэгтэй, 73 нь эмэгтэй хүн бэлгийн дарамтад өртсөн тухай гомдол байжээ. Энэ нь дээрх асуудлын талаар хүн бүр ил тод мэдээлж чаддаггүйн дээр эмэгтэйчүүд гол хохирогч нь болдогтой холбоотой юм. Монголын эмэгтэйчүүдийн сангаас 2016 онд хийсэн цахим судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлжээ. Мөн ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэйчүүд, 87.4 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтнууд байна гэжээ.

 

Ажлын байрны бэлгийн дарамт гэж юуг хэлэх талаар мэддэггүй…

 

Кейс-2

 

“Манай хэлтсийн дарга нурууг минь илэх, “Чиний талд шүү, “Янз бүрийн асуудал гарвал хэлээрэй”, “Ажил хүнд байвал сольж өгөх” гэх мэтээр бэлгийн дарамтын сэдэлтэй үйлдлүүд үзүүлж эхэлсэн. Саналыг нь зөвшөөрөхгүй болохоор “Чам дээр ирээд гацна гэж байхгүй шүү” гэж утсаар ярьж, мессеж бичдэг. Нэг удаа даргыг дуудахад би хамт ажилладаг найз эмэгтэйдээ бүх үнэнийг хэлээд дагуулаад очсон бөгөөд дараа нь тэр эмэгтэйг ажлаас халсан. Түүнээс хойш дарга надад “Энэ галзуу солиотой эмэгтэй намайг гүтгэсэн” гэдэг нэр зүүж, ажлаа хийх нөхцөлгүй болгож, хамт олонд намайг буруугаар ойлгуулсан. Намайг манай ажлынхан сонин харцаар харж, буруутгасан тул даргаас ирсэн мессежийг үзүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн. ...дугаарын утаснаас "...даргатайгаа хэзээ уулзах юм, санаа зоволтгүй, бид нас биед хүрсэн эр, эм хүмүүс. Би чамаас хайр халамж хүсэж байна. Чи сэтгэл гаргавал би чадах бүхнээ хийнэ. Би чамайг маш их хүсдэг, ойлгооч муу даргыгаа. Чи даргатайгаа хэзээ уулзах юм. Чамайг дөрвөн жил хүлээж байна. Би чамд татагдаж байна. Ганц удаа тэгэх үү, ахиж чамайг зовоохгүй...Чи халагдсан, муу новш, ямар ч сэтгэл байхгүй чи муу баас би чамайг ажилд авдаг буруудсан байна. Ямар ч байсан ажлаа ол, чамайг ажиллуулахгүй..." гэх зэргээр 48 мессежийг дарга надад удаа дараа илгээж улмаар орон тоог цомхотгох үндэслэлээр ажлаас халсан” гэж хохирогч эмэгтэй ярьсан юм.

Дээрх тохиолдол дээр ажилтандаа  үг хэл, биеийн хэлэмжээр бэлгийн дарамт үзүүлсэн нь харагдаж байна. Гэтэл зарим хүмүүс дээрхтэй төстэй үйлдлийг бэлгийн дарамт гэж мэдэхгүй байгаа нь ажлын байрны бэлгийн дарамт үйлдэгдэх, цаашид даамжрах шалтгааныг бий болгож байна.

Хүмүүс ихэвчлэн хэт ноцтой, ил тод үйлдлийг бэлгийн дарамт гэж ойлгох нь бий. Гэтэл бодит байдал дээр  +21 онигоо, наргиа зэргээс эхэлдэг байна.  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.7-д бэлгийн дарамтын үйлдлүүдийн талаар тодорхой заасан байдаг.

 

“Ахимаг насны төрийн албан хаагчдын дунд бэлгийн дарамтын талаарх ойлголт тааруу хэвээр байна” 

ХЭҮК-ын 2021 оны судалгаанд оролцсон гурван төрийн захиргааны албан  хаагч тутмын нэг нь бэлгийн агуулгатай асуулт тавих, хошигнол, онигоо ярих, дуу авиа гаргахыг, дөрвөн хүний нэг нь өмссөн хувцас, биеийн хэлбэр, галбир, бэлгийн ажил эсвэл чадавхын тухай дүрслэн ярихыг, таван хүний нэг нь хүсээгүй байхад нь удаа дараа болзоонд урих, гэр, машин, өрөөнд урих, дуудах бэлэг өгөх, халамжлахыг, таван хүний нэг нь таагүй санагдуулахаар хэт удаанаар ширтэхийг бэлгийн дарамт биш гэж хариулжээ. Харин 2022 оны судалгааны дүнгээр бэлгийн дарамт бүхий үйлдлүүдийг биш гэж үзэх үзүүлэлт бага зэрэг буюу 0.2-1.1 хувиар буурсан хэдий ч бэлгийн дарамтын зарим үйлдэл, хэлбэрүүдийг таниулах цаашлаад эмэгтэй төрийн захиргааны албан хаагчид хувийн орон зайгаа хамгаалах зэргээр урьдчилан сэргийлэх мэдлэг хэрэгцээтэй байсаар байгааг харуулж байна. 

2021, 2022 оны судалгааны дүнг насны бүлгээр шинжлэхэд 50-иас дээш насны төрийн захиргааны албан хаагчдын хувьд бэлгийн агуулгатай асуулт тавих, хошигнол, онигоо ярих, дуу авиа гаргах (32.9 хувь, 35 хувь), өмссөн хувцас, биеийн хэлбэр, галбир, бэлгийн ажил, согог, эсвэл чадавхын тухай дүрслэн ярих (32.9 хувь, 28.2) хувь, бэлгийн санаархал бүхий эсвэл бэлгийн харилцаанд орох тухай захидал, мессеж илгээх (18.2 хувь, 13.2 хувь), бие махбодод нь хүрэх, ойртох, наалдах (29.3 хувь, 16.7 хувь), таагүй санагдахаар хэт удаанаар ширтэх (27.4 хувь, 26.7 хувь) зэрэг үйлдлүүдийг ажлын байрны бэлгийн дарамт гэж үзээгүй. Үүнээс харахад бэлгийн дарамтын зарим үйлдлүүдийг таних мэдлэг хандлага өмнөх онтой харьцуулахад харьцангуй дээшилсэн ч ахимаг насны төрийн захиргааны албан хаагчдын дунд бэлгийн дарамтыг таних, бэлгийн дарамтын талаарх ойлголт тааруу хэвээр байна гэж ХЭҮК-ийн тайланд дурджээ. 

Харин  30 хүртэлх насны төрийн захиргааны албан хаагчид өмссөн хувцас, биеийн хэлбэр, галбир, бэлгийн ажил, согог, эсвэл чадавхын тухай дүрслэн ярих (2021 онд 28.8 хувь, 2022 онд 26 хувь), бэлгийн дур сонирхлоо далдуур сануулсан зураг, шог зураг, хөдөлгөөн үзүүлэх (2021 онд 19.5 хувь, 2022 онд 17 хувь), бэлгийн агуулга бүхий эд зүйлс, зураг, бичлэг үзүүлэх (2021 онд 20.7 хувь, 2022 онд 17.1 хувь) зэрэг үйлдлийг ажлын байрны бэлгийн дарамт мөн хэмээн үзэхгүй байгаа юм.

Харамсалтай нь олон хүн энэ талаар дуугарч чаддаггүй. Учир нь тэднийг буруутгах вий, ажил нь эрсдэлд орох вий, хамт олон нь үл ойшоох вий гэсэн айдас байдаг. “Чи хэт эмзэг байна”, “Тэр угаасаа тийм хүн”, “Тоглосон юм биш үү” гэх мэт үгс асуудлыг улам гүнзгийрүүлэх шалтгаан болдог байна. Үнэндээ хохирогч дуугүй байх тусам дарамтлагч улам зоригждог.

 

2021 онд 92 эмэгтэй, 2022 онд 82 эмэгтэй “хүчиндүүлэх” үйлдлийн хохирогч болсноо илэрхийлжээ

 

Ажлын байрны бэлгийн дарамт нь эрхшээлдээ оруулах тактик, тэвчишгүй орчин, айдас бий болгох байдлаар илэрдэг байна. Энэ төрлийн гэмт хэргийн байгууллагад нөлөөлөх хор уршиг нь байнгын харилцагч, үйлчлүүлэгчээ алдах, байгууллагын хөдөлмөрийн бүтээмж буурах, ажилтнууд айдас түгшүүрт автаж чадварлаг ажилтнууд ажлаасаа гарах. Мөн хүний нөөцийн хувьд бэрхшээл тулгарч дахин боловсон хүчин сургах зардал гарна.  Байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, хамт олны харилцаа таагүй болдог талаар ХЭҮК-ийн илтгэлд дурджээ.

Харин албан хаагчид  учрах үр дагавар, хор уршгийн хувьд сэтгэл санааны дарамтад орж, айх, өөртөө итгэх итгэл буурдаг байна. Түүнчлэн ирээдүйн амьдралд нөхөж болзошгүй хохирол учруулах, БЗДХ авах эрсдэл үүсдэг аж. Хүсээгүй жирэмслэлт зэрэг нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг үр дагаврыг авчирдаг. Ажлын бүтээмж буурах, ажлаасаа гарах,  үндэслэлгүй ажлаас халагдах нөхцөл болдог. Хамт олны дунд нэр төр, байр суурьт сөргөөр нөлөөлах, хамт олны дунд нэр хүнд нь унах зэрэг олон сөрөг үр дагаварууд бий болдог байна. Судалгаанд оролцсон төрийн захиргааны албан хаагчид ажлын байрны бэлгийн дарамтад хэр зэрэг өртсөн талаар 2021 онд хийгдсэн судалгааны дүнгээр төрийн захиргааны албан хаагчдын  26.9 хувь буюу дөрөвний нэг (хэлэхийг хүсэхгүй байгааг нийлүүлж тооцвол гуравны нэг) нь бэлгийн дарамтын нэг болон түүнээс дээш төрлийн үйлдэлд өртжээ. Харин зургаан хувь нь энэ тухай хариулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. 2022 онд хийсэн панел судалгааны дүнгээр, 25.2 хувь ажлын байрны бэлгийн дарамтын 12 төрлийн илрэлийн аль нэгт өртсөн, 4.8 хувь хэлэхийг хүсэхгүй гэж хариулсныг өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад бага зэрэг (1.7 хувь) буурсан дүн харагдаж байна .

2021 онд төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн 7.9 хувь илэх, үнсэх таалах үйлдэлд өртсөн бол 2022 онд 6.5 хувь нь бэлгийн харилцаанд орохоор завдах, дайрах үйлдэлд өртсөн гэжээ. Мөн 2021 онд 92 эмэгтэй, 2022 онд 82 эмэгтэй “хүчиндүүлэх” үйлдлийн хохирогч болсноо шууд илэрхийлжээ.

 

“Байгууллагууд бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна”

 

Жендэрийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байгууллага бүр “Бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол явуулах ёстой” гэсэн үүрэгжүүлсэн заалт байдаг. Гэвч бэлгийн дарамттай холбоотой хүний эрхийн сургалтыг зохион байгуулах хүний нөөц хангалтгүй байдаг байна. Байгууллагууд дээрх чиглэлээр сургалтууд авдаг ч энэ нь бүрэн дүүрэн хүрч чадахгүй байгаа нөхцөл байдал байна. Мөн байгууллагууд дотроо хууль эрх зүйн мэргэжилтэнтэй байдаг тул холбогох хуульд заасны дагуу байгууллагуудын хууль эрх зүй хариуцсан мэргэжилтнүүд тодорхой мэдээллийг хүргэх боломжтой юм.

Мөн бэлгийн дарамтад өртсөн то­хиол­долд хэнд, хаана хандахыг байгуул­ла­гууд дотоод журамдаа тодорхой зааж өгөх ёстой байдаг. Гэвч энэ үүрэг нь за­рим байгууллагад төдийлөн сайн хэрэгж­дэггүй учраас хохирогчид хаана, хэнд хандахаа мэдэхгүй байх, энэ тухай мэ­дээ­лэхээсээ айж, ичих тохиолдол байсаар байна. 

Иймд ажлын байрны бэлгийн дарамтад өртөхгүй байх, даамжирхаас сэргийлэхийн тулд “хийж байгаа үйлдэл чинь тааламжгүй байна”. “Та болино уу” гэж тухайн хүнд ганцаарчлан мэдэгдэх. Хэрэв нэмэр болохгүй бол цаг хугацаа, нөхцөл байдал, яг ямар тааламжгүй зан үйл байсан, түүнд хэрхэн хариу үзүүлснээ, гэрчүүд байвал нэрсийг нь жагсаан, зураг мессеж, и-мэйл илгээсэн бол хуулбарлан нэгтгээд тэмдэглэх, аюулгүй газар хадгалах. Тухайн хүний дарга эсвэл ажил олгогчид мэдэгдэж, хариуцлага хүлээлгэж, хохирлыг арилгах арга хэмжээ авахыг шаардах. Хэрэв ажил олгогч арга хэмжээ аваагүй бол холбогдох байгууллагуудад хандах ёстойг ХЭҮК-оос зөвлөлөө.

Харин байгууллагууд дотоод журамдаа “Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг” тодорхой тусгах. Ажлын байран дахь бэлгийн дарамтыг танин мэдэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх сургалтыг ажил олгогч, удирдах албан тушаалтан, ажилтнуудад тогтмол зохион байгуулж, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх. Ажлын байранд бэлгийн дарамт гарсан тохиолдолд үйлдсэн этгээд хэн байхаас үл шалтгаалан хариуцлага хүлээлгэх, хуулийн байгууллагад мэдээлэх. Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн ажилтанд дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн болон эрүүл мэндийн тусламж авах боломжоор хангах, гомдлыг хянан шийдвэрлэх явцад илэрсэн хувь хүнтэй холбоотой мэдээллийг нууцлах. Мэдээллийн самбарт тухайн чиглэлийн мэдээллийг тогтмол байршуулж, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах. Байгууллагын хаалга, ханыг шилэн болгох. Холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх олон улсын болон үндэсний компанит аянд оролцох, хамтран ажиллах хэрэгтэй байна.

Ажлын байрны бэлгийн дарамт зөвхөн нэг хүний асуудал биш. Энэ нь байгууллагын соёлыг харуулж буй толь юм. Хэрэв хэн нэгэн айдастай ажиллаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байвал тухайн хамт олон эрүүл орчныг бүрдүүлээгүйн илэрхийлэл гэдгийг судалгаагаар харуулж байна. Иймд хүн бүр, байгууллага болгон ёс зүйтэй, эрүүл харилцаатай байх нь ажлын байрны бэлгийн дарамт гэх “хар толбо”-ноос ангид байх хамгийн чухал алхам юм.  Түүнчлэн холбогдох байгууллагууд болон гэрчүүд хүний эрхийн төлөө тэмцдэг байх нь энэ төрлийн зөрчил даамжрах, хохирогчийг хамгаалах гол хүч болдог гэдгийг кейсүүд харуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 95 (7837)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn