Ч.БЯМБАХАЖИД
Энэ амралтын өдрүүдэд хүмүүс сошиал дээрээ биш, номын асруудын өмнө “scroll” хийж байна. Хүмүүс утасны цэнэг дуусахад бус цүнхээ хэр хүндэрч байгаад л анхаарч байлаа.
Гар утаснаасаа хэсэгхэн ч болов холдсон хүмүүс номын ертөнц рүү шимтэн ирцгээсэн нь энэ аж.
“Зууны мэдээ” сонин “Хэвлэлийн хуудаснаас 27 жил салаагүй сэдэв: “С.Зоригийн хэрэг” ном, сонины тусгай дугаар “Бөхийн мэдээ”-гээрээ оролцлоо

Ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх, ном унших соёлыг бүх насны иргэдэд төлөвшүүлэх чиглэлээр уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг Цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР-17) Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан цөлжилттэй тэмцэхэд иргэд олон нийтийн санал санаачилгыг өрнүүлж, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Илүү их уншъя-Эх дэлхийгээ хайрлая” уриатайгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор улс орон даяар нэг өнгө төрх, нэгдмэл агуулгатайгаар тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус баярын үйл ажиллагааг Нийслэлийн Соёл, урлагийн газар, 21 аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас нийслэл, орон нутгийн соёл, боловсролын төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор иргэд, олон нийтэд чиглэсэн соёл, урлаг, боловсролын олон талт хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ээр жил бүр давхардсан тоогоор 370 гаруй арга хэмжээг зохион байгуулж нийт 110 мянга гаруй иргэд хамрагддаг бөгөөд бүх нийтийн уншлагыг дэмжих, соёлын баримтат өв санг арвижуулах, үндэсний бичиг, өв соёлыг хүүхэд залуучууд, ард иргэдэд таниулан сурталчлах, ном хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, нийгмийг соён гэгээрүүлэх үндэсний хэмжээний уламжлалт баяр болон өргөжин тэлсэн нь номын баярыг хүсэн хүлээж, зорин ирэх хүмүүсийн цуваанаас харагдаж байна.
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн номын баярт “Хэвлэлийн хуудаснаас 27 жил салаагүй сэдэв: “С.Зоригийн хэрэг” ном, “Бөхийн мэдээ” сонины тусгай дугаар зэрэг шинэ ном, бүтээлүүдээрээ оролцож, үнэнч уншигчидтайгаа уулзлаа.
Эр бяр, эв дүй, ур ухаан нь тэнцүүхэн төрсөн эрдэм чадалт бөхчүүдийг “Зууны мэдээ” сонин “Бөхийн мэдээ” буландаа 14 хоног тутам онцолж, төрж өссөн төрөлх нутгаас төрийн наадмын торгон дэвжээнд түмэн олноо цэнгүүлсэн уран барилдаан хийгээд баялаг амьдралынх нь түүхээс уншигчдадаа хүргэдэг билээ. Харин энэ удаагийн “Бөхийн мэдээ” тусгай дугаартаа Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны Үндэсний спортын албаны дарга, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй, Улсын заан С.Сүхбат, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Улсын харцага Ш.Пүрэвгарьд нарын сонирхолтой ярилцлагыг уншигчдадаа нэг дор хүргэснээрээ онцлог байв.
“Хуучин номын асраас ЗХУ-ын үеийн зохиолуудаа хайж оллоо”
Номын баяраар зохиолчид гарын үсгээ зурж, уншигчид асрыг даган цуварсаар байх энэ зуур зохиолчдын асраар зочилж, тэдний сэтгэгдлийг сонссон юм.
Зохиолч Ж.Золбаяр “Сүүлийн арав гаруй жил номын баярт оролцож байна. Ингээд харахад шинэ зохиолчид их гарч, шинэлэг санаануудаа уралдуулан илүү өргөн мэдлэг олж авах боломжийг бий болгож байна. Нэг зүйл дээр анхаармаар байгаа нь УИХ дээр татварын бодлого дээр анхаарахгүй бол болохгүй байна. Жишээлбэл, би нэг ном хэвлэхэд 20-30 сая төгрөг болно. Энэ ном буцаад зардлаа нөхөхгүй. Ингээд татварын дарамтад орох асуудал бидэнд тулгарч байна. Тиймээс номын татварын бодлого дээр анхаарч хуулиа батламаар байна” гэж байлаа.
Бурхан урлаач Д.Ухаанзаяа “Энэ удаагийн номын баяраар хүмүүсийг муу зүйлсээс холдуулах, сэргийлэх, монгол язгуур, сургаал, соёлыг ном, лекц болгон эмхэтгэж залуучууд, хүмүүстээ өргөн барьж байна. Хүүхдийн хүмүүжлийг цэцэрлэг яслид нь даатгаад орхидог. Гэтэл ураг бүрэлдсэн цагаас хүмүүжүүлж эхлэх хэрэгтэй. Эхийн сонсож байгаа дуу, уншиж байгаа ном гээд л тэр бүхэн нь урагт нөлөөлж байдаг” гэв.
Харин номын баярыг хүсэн хүлээсэн уншигчдийн төлөөлөл “ЗХУ-ын уран зохиолын холбогдолтой номуудыг сонирхоод явж байна. Хамгийн сонирхолтой нь “Сурагчын өдрийн тэмдэглэлийн дэвтэр” гэдэг ном. Би ер нь Оросын дээр үеийн зохиолуудад их дуртай. Тиймээс сонирхож байгаа номуудаа хуучин номын хэсгээс хайж оллоо. Энэ удаагийн номын баярт хуучин ном худалдаалдаг газрууд маань асартай болсон байна. Ингэснээр бид номоо илүү тухтай хайх боломжтой болжээ” гэв.
Нартай, бороотой, салхитай жиндүүхэн өдрүүдэд үргэлжилсэн номын баяр хүн бүрийн сэтгэлд оч асааж, шинэхэн номын үнэр ханхалсаар төв талбай маань эрдмийн их өргөө болсон мэт дүр зурагтай гурван өдрийг үдлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 95 (7837)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn