Д.АРИУН

Уулын спортынхны дунд өнгөрсөн ням гариг /2026.05.17/ нь хоёр чухал мэдээтэй байлаа. Тодруулбал, Балбын хоёр уулчин Ками Рита  болон Лхакпа нар нэг өдөр Эверестийн оргилд гарсан амжилтуудаараа түүхэнд нэрээ үлдээлээ. Тодруулбал, албын ахмад уулчин Лхакпа энэ тавдугаар сарын 17-нд  Эверестийн оргилд 11 дэх удаагаа амжилттай гарч, дэлхийн хамгийн өндөр оргилд хамгийн олон авирсан эмэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг ахиулснаар дахин түүхэнд бичигдлээ.

“Уулын хатан хаан” Лхакпа Шерпа

 

“Уулын хатан хаан” хэмээн алдаршсан Лхакпа Шерпа Эверестийн оргилд амжилттай гарч, бууж ирсэн анхны Балбын эмэгтэй болж, дэлхийн үе үеийн уулчдад урам зориг өгсөн нэгэн билээ.

2026 оны хаврын авиралтын улиралд түүний хамгийн сүүлийн амжилт нь түүхэн дэх хамгийн агуу эмэгтэй уулчдын нэг болохыг нь улам баталгаажуулж өгөв.

Мөн энэ өдөр домогт уулчин Ками Рита Эверестийн оргилд 32 дахь удаагаа амжилттай гарч, дэлхийн дээд амжилтаа дахин эвдэж, уулын спортын түүхэн дэх байр сууриа бататгасан гэж экспедицийн компанийн эх сурвалжийг иш татан The Himalayan Times онлайн сонинд мэдээлсэн байна.

Лхакпа анх 2000 онд Эверестийн оргилд ямар ч албан ёсны уулын бэлтгэлгүйгээр авирсан эмэгтэй. Арван нэгэн удаа оргилд хүрэхдээ тэрээр Балбын талаас гурван удаа, Төвдийн талаас найман нь гарсан байна.  Тэрээр мөн 2023 онд дэлхийн хоёр дахь хамгийн өндөр оргил болох К2-т гарч чадсан эмэгтэй.  Хатагтай Лхакпа эмэгтэйчүүдийг чадавхжуулж, залуучуудад урам зориг өгөхийн тулд авирдаг гэж ярьсан талаар мөн "Тэд хүссэн зүйлээ хийж чадна" гэж тэр Балбын эмэгтэйчүүдийн талаар хэлсэн гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.

Домогт Ками Рита

 

“Домогт уулчин Ками Рита Шерпа Эверестийн оргилд 32 дахь удаагаа амжилттай гарч, дэлхийн дээд амжилтаа дахин эвдэж, уулын спортын түүхэн дэх байр сууриа бататгасан” гэж 14 Peaks Expedition уулын экспедицийн компаниас ням гаригт эхэлж мэдээлж, түүнийг бааз руугаа аюулгүй буухыг хүсэн ерөөсөн зурвасыг нийгмийн сүлжээнд нийтэлсэн байсан.

Ками Рита нь 1970 оны нэгдүгээр сарын 17-нд Балбын Солу Хумбу хотын Таме тосгонд төрсөн. Энэхүү Таме тосгон бол домогт Тензинг Норгайн төрсөн газар гэдгээр нь уулын спортынхон сайн мэддэг. Ками Ритагийн аав 1950 онд Эверестийг гадаадын уулчдад нээсний дараа анхны мэргэжлийн шерпа-хөтчөөр ажилласан хүмүүсийн нэг бол ах Лакпа Рита Эверестийн оргилд 17 удаа гарсан нэгэн. Тиймээс Ками Рита бол Гималайн ууланд авиралтад гүн гүнзгий холбоотой нэгэн гэж хэвлэлүүдийн мэдээнд тэмдэглэжээ. Бусад уулчид оргил руу гарах эцсийн алхамын өмнө зургаа авхуулахаар яардаг бол харин Шерпа нарын хувьд Эверест буюу Чомолунгма бол ариун бурхан юм. Тиймээс хөлөө түүний ариун бие дээр тавих гэж байгаа учраас авиралт эхлэхээс хэдэн сарын өмнө мөргөж, уучлал гуйж эхэлдэг гэж Ками Рита BBC-д ярьсан байдаг аж.

Мөн "Оргил руу гарах эцсийн алхмуудын өмнө бусад хүмүүс зураг авахуулахаар яардаг ч би дахин толгойгоо бөхийлгөж, түүнээс уучлал гуйдаг. Та хэчнээн хүчтэй эсвэл бэлтгэлтэй байсан ч оргилд хүрэхийн тулд Бурханаас ивээл хүртэх ёстой" гээ домогт уулчин ярьсан байдаг. Өөр нэгэн ярилцлагадаа Ками Рита “Би дээд амжилт тогтоох талаар хэзээ ч бодож байгаагүй. Дээд амжилт боломжтой гэдгийг ч мэдээгүй. Хэрэв би мэдэж байсан бол өмнө нь олон оргилд гарах байсан” гэж ярьжээ.

Ками Рита анх 1994 онд арилжааны экспедицийн үеэр Эверестийн оргилд гарч, хорин гаруй жилийн турш оргилд тэмүүлсэн уулчдыг удирдаж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд тэрээр 8000 метрийн таван оргилд нийт 44 удаа гарчээ.

Ками Рита "Би 55 настай. 2026 онд Эверестийн авиралтаас зодог тайлсны дараа би явган аялал болон бусад адал явдлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна" гэж өмнө нь хэлж байсныг хэвлэлүүд иш татсан байна.

The Himalayan Times онлайн сонин мэдээлэхдээ “Ням гарагийн хоёр амжилт нь Балбын уулын өв уламжлалын түүхэн мөчийг тэмдэглэж байгаа бөгөөд хоёр дээд амжилтын эзэн хоёулаа өндөр уулын авиралтад улс орныхоо байр суурийг дахин бататгаж байна” гэж бичжээ.

Эх сурвалж: zms.mn