Дилав хутагт хэмээх ховорхон тавилантай эгэлгүй эрхэм хүмүүн Латтимор гэх монголч эрдэмтэнтэй уулзаж тэрхүү учрал цаашлаад Монгол Улсын их хувь заяанд ихээхэн том хувь нэмэр оруулах учиртай байсныг түүхийн олон нугачаанд тийм ч олон хүн мэдээгүй байх. Тэгвэл Америк, Монгол хоёр улсын эгэл биш хоёр эрхмийн Монголын тусгаар тогтнолд хийгээд Монгол Улсад үлдээсэн их өвийн талаар улс даяараа бахархан магтаж Тив дамнасан өв нэртэй үзэсгэлэнг дэлгэн, Дилав хутагтын атгаж байсан хөөрөг 95 жилийн дараа эх орондоо эргэн ирсэн ховор тохиох үйл явдал болсон юм. Энэхүү гэгээн үйлийг “Khutughtu and Lattimore: Legacy Beyond Borders” төслийн хүрээнд санаачлан зохион байгуулсан бөгөөд хамгийн эрхэм хүнтэй зочин бол алс холоос манай лсыг зорин ирсэн Оуэн Латтиморын зээ охин Анн Латтимор байлаа. Тиймээс ч “Удмын бахархал” булангийн энэ удаагийн дугаарт Оун Латтимор болон оүүний хүү Дэвид буюу Батбилэг нарын үүх түүх дурсамжийг уудлахаар зээ охин Анн Латтиморыг хүндэтгэн урьсан юм.  

“Монгол бол манай гэр бүлийн хувьд хол атлаа хамгийн ойр орон минь байсан” хэмээн ярихдаа Анн Латтимор хэсэг чимээгүй болов. Тэрээр Монголын сайхан нутагт анх удаа хөл тавьж байгаа ч түүний яриа олон арван жилийн өмнөх Монгол руу, гэр бүлийнх нь дурсамж руу хөтөлж байлаа.

 

Монголын тусгаар тогтнолд гавьяа байгуулсан монголч эрдэмтэн

Монголч Эрдэмтэн Оуэн Латтимор хүү Дэвид (Батбилэг)-ийн хамт.

Оуэн Латтимор бол дээр хэлсэнчлэн, Монголын түүхтэй, тусгаар тогтнолтой салшгүй холбоотой нэгэн. Өнгөрсөн зууны эхэн үед тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж явсан монголчуудыг гадаад орчинд ойлгуулах, ялангуяа Монголын улс төр, шашин, нийгмийн өөрчлөлтийн тухай дэлхийд таниулсан барууны цөөхөн судлаачдын нэг юм. Тэрээр 1920-иод оноос эхлэн Өвөр Монгол, Төв Азийн нутгаар олон удаа аялахдаа Монголтой илүү их танилцаж, Монголын талаар илүү их судалж монголч эрдэмтэн болох эхлэл тавигджээ. Гэвч Латтиморын түүх зөвхөн судалгааны бүтээлээр хэмжигдэхгүй. Түүний амьдралд Монголыг ойртуулсан хамгийн чухал хүн бол Дилав хутагт Жамсранжав байлаа.

Дилав хутагт, Оуэн Латтимор хоёрын нөхөрлөл 1930-аад оноос эхэлжээ. Тэд зөвхөн судлаач, ярилцагч хоёр байгаагүй. Харин хоорондоо итгэлцэж, бусдад хэлж чаддаггүй зүйлээ ярилцдаг дотно хүмүүс болсон тухай Анн Латтимор ярьсан юм. Тэдэнд хоёуланд нь улс төрийн ээдрээтэй нугачаатай олон зүйл тохиолдсон. Тиймээс ч “Тэд бусдад ярьж чаддаггүй зүйлээ хоорондоо ярьдаг байсан. Дэлхий дээр юу болж байгааг олон хүнээс илүү ойлгодог хүмүүс байсан” гэж тэр өгүүлэв.

Оуэн Латтиморын амьдралын тухай ярихад түүний эхнэр Элеанорын нэр заавал хамт дурдагдана. Анн Латтимороорс өвөөгийнх нь тухай асуухад тэр шууд л эмээгийнхээ талаар ярьж эхэлсэн. Яагаад гэвэл Элеанор гэж эмэгтэйгээр Латтимор гэх хүнийг дурсах боломж мэт. Яагаад гэвэл тэр эхнэр, хань байхаас гадна Латтиморын судалгааны хамгийн том хамтрагч, амьдралынх нь хамгийн том түшиг байжээ.

Дилав хутагт бээр Оуэн Латтиморын Бээжин дэх гэрт түүний гэргий Элеанор Латтимор, хүү Дэвид Латтимор, АНУ-ын Элчин Нэлсон Т.Жонсон, Гэндэн сойвон болон бусад хүмүүсийн хамт. (Бээжин, 1930-аад он)

Монголд элэгтэй, Монгол нэртэй Дэвид-Батбилэг

Дилав хутагт Жамсранжав нэр өгч адисласан хүү Дэвид Латтиморын хамт (Бээжин 1933 он)

Оуэн болон Элеанор нар Монголд хэд хэдэн удаа ирсний хамгийн алдартай нь 1964 онд Монголын тал нутгаар олон газраар 40 гаруй хоног хүү Дэвидийн хамт аялсан аялал гэдгийг эрдэм шинжилгээний хурлын үеэр судлаачид онцлон ярьж байв. Энэ аяллаар тэд Монголыг хамгийн их таньж мэдсэн гэдэг. Нөгөө талаар энэ аялалд тэдний хүү Дэвид хамт явж тэр үеийн Монголын ахуй амьдралыг гэрэл зургийн хальснаа үлдээж чадсан нь дэлхийн монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан судлагдахуун болсон юм. Дэвид жирийн америк хүү байгаагүй учир нь тэр монгол нэртэй монгол элэгтэй судлаач болон төрсөн юм. Дилав хутагт түүнд монгол нэр хайрласан нь “Батбилэг”. Тэр нэр Латтиморын гэр бүлд өнөөдрийг хүртэл онцгой утгатай хэвээр үлджээ.

Дэвид бага насаа Хятадад өнгөрүүлсэн учир хятад хэлтэй өссөн бол монгол хэлийг ааваасаа сурсан байна. 1964 онд тэр аавтайгаа хамт 1600 гаруй км замыг туулсан аялал Латтиморын гэр бүлийн дурсамжийн салшгүй хэсэг болсон аж.

Дэвид Латтимор аавынхаа адил Дилав хутагттай их ойр өсчээ. Тиймээс ч амьдралынхаа сүүлийн жилүүдэд Дилав хутагт Дэвидийн гэрт амьдрах болсон байна.

“Аав маань Монголын маш олон зураг авсан. Морьд, уулс, ногоон тал… Бид тэр зургуудтай хамт өссөн” гэж Анн дурсав. Дэвидийнх зургаан хүүхэдтэй өнөр бүл болжээ. Тэдний дөрөв дэх хүүхэд Анн Монгол Улсад гэр бүлээ төлөөлөн хүрэлцэн ирсэн юм.

 

Анн Латтимор: Хутагтын дэргэд байхад бүх зүйл зөв байх шиг санагддаг байсан

Аннын нэг ах нь аавынхаа авсан Монголын гэрэл зургууд дээр үндэслэн silk screen хэвлэлийн бүтээл хийдэг болсныг Анн бидэнд хуучилсан. Тиймээс Монгол бол Латтиморын гэр бүлийн хувьд газрын зураг дээрх алс холын орон биш, харин гэр бүлийнх нь нэг хэсэг болсон байв.

Анн Латтиморын ярианд хамгийн их давтагдсан үг бол “presence” буюу “оршихуй” байлаа. Тэр Дилав хутагтыг багадаа харж байсан ч хамт юу хийснээ тод санадаггүй аж. Харин дэргэд нь байхад төрдөг мэдрэмжээ огт мартдаггүй гэнэ. Түүнтэй хөөрөлдсөнөө товч сийрүүлье.

-Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Та манай улсыг хэрхэн төсөөлж байв?

-Монгол үнэхээр онцгой газар юм. Би сэтгэл хөдөлснөө үгээр хэлж чадахгүй байна. Улаанбаатар маш эрч хүчтэй хот санагдсан.

-Монголчууд таны өвөө болон Дилова хутагтыг их хүндэлдэг. Энэхүү эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн олон хүнд хүрч, маш том арга хэмжээ болж байна. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Энэ гайхамшигтай музей, үзэсгэлэнг үзэж судлаач, хүмүүс өвөө болон Дилав хутагт нарын түүхийг ярьж байхыг сонсоод үнэхээр их бахархаж сууна. Би Дилав хутагтыг  болон өвөөгөө ихэд хүндэлж биширдэг байсан. Гэхдээ өмнө нь ингэж ойлгож байгаагүй байх. Энэ бүх арга хэмжээг зохион байгуулсан хүмүүст маш их талархлаа. Миний өвөө болон Дилова хутагт хоёр дэлхийд маш том нөлөө үзүүлсэн хүмүүс юм байна гэдгийг мэдэрч байна. Тэд хоорондоо их ойр, бусдад хэлж чаддаггүй зүйлээ хоорондоо ярьдаг байсан. Бусдын ойлгохгүй зүйлсийг хоорондоо ярьж ойлголцдог хүмүүс байжээ.

-Та Дилав хутагтыг ямар хүн байсныг санадаг уу?

-Би яг тодорхой сайн хэлж чадахгүй ч түүний дэргэд байхад бүх зүйл зөв юм шиг санагддаг байлаа. Түүнд зургаа дахь мэдрэхүй байсныг би яагаад ч юм мэдэрдэг байсан. Нэг удаа Дилав хутагт өндөр настай, өвчтэй байх үед аав түүнд хүүхдүүдийнхээ зургийг үзүүлсэн юм. Эмч нар Дилав хутагтыг бараг харахгүй байгаа гэж хэлж байсан ч Хутагт зураг бүрийг гартаа бариад хэн хэн болохыг нь шууд хэлж, хүүхэд бүрийн талаар тодорхой ярьж байсныг би санаж байна.

Бас нэг сонирхолтой зүйл гэвэл, манай гэр бүлийнхэнд бяцхан уламжлал бий. Тэр юу вэ гэвэл, бид аалз алдаггүй. Манай ээж бидэнд аалз алж болохгүй, Дилав хутагт амьтан алах дургүй, болохгүй гэж хэлдэг байсан гэдэг байсан юм. Тиймээс би одоо ч аалз алж чаддаггүй.

-Та Монголын ард түмэнд том бэлэгтэй иржээ. Дилав хутагтын эх орноосоо гарахдаа авч явсан хөөргийг энэ олон жилийн дараа Монголд авчирсанд бид их баяртай байгаа?

-Тиймээ, энэ хөөрөг бол Монголын ард түмэнд байх ёстой гэдгийг бид сайн мэддэг байсан. Тиймээс ч Эван ах маань хөөргийг нандигнан хадгалж байсан. Харин намайг Монгол явах болоход заавал монголчуудад өгөөрэй гээд захиж явуулсан. Хөөрөг бол хувь хүний хамгийн чухал бөгөөд нандин эд зүйл гэдгийг ч бид зөнгөөрөө мэднэ л дээ. Дилав хутагтад тийм ч их өв хөрөнгө байгаагүй ч гэсэн түүний энэ хөөрөг Монголд заавал байх ёстой гэж бодож ирсэн.

-Таны мэргэжил юу вэ?

-Би хэл шинжлэлийн мэргэжилтэй. Одоо тэтгэвэртээ гарсан. Их сургуульд байхдаа англи хэл, Америкийн утга зохиолын чиглэлээр сурч байсан. Амьдралынхаа туршид хэлтэй холбоотой ажил хийсэн дээ.

-Магадгүй дараагийн бага хурал хоёр жилийн дараа болох байх. Тэр үед таны ах, эгч нар ирэх болов уу?

-Ирнэ гэж найдаж байна.

-Та тэдний талаар товч танилцуулахгүй юу. Ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

-Бид эцэг эхээс зургуулаа. Миний хамгийн том ах 74 настай. Харин бага дүү маань удахгүй 67 хүрнэ. Манай гэр бүлийнхэн ер нь бүгд л ямар нэг байдлаар багшлах, бусдад зааж сургах ажил хийдэг. Том эгч Клэйр маань сувилахуйн мэргэжилтэн. Дүү нар маань хөгжмийн чиглэлээр ажилладаг. Миний бага дүү цохивор хөгжимчин. Тэр өмнө нь Монголд ирж байсан.

-Тантай уулзаж, танай түүхэн гэр бүлийн талаар ярилцсандаа баяртай байна. Монгол уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Монголчууд та бүхэн гайхамшигтай, тусгаар тогтнолоо дээдлэсэн бүхнийг бахархаж ярьдаг сайхан ард түмэн юм. Манай гэр бүл тэр тусгаар тогтнолд болон Монголыг дэлхийд ойлгуулж, таниулахад тус нэмэр болж чадсанд би баяртай байдаг. Монголд ирсэн минь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Миний өвөө Оуэн Латтимор, Дилав хутагт хоёрын нөхөрлөлийн хамгийн том утга Монголын тусгаар тогтнол байсан байх гэж бодогдож байна гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.

Үнэхээр ч түүний хэлснээр нэг нь Монголыг дэлхийд ойлгуулсан эрдэмтэн, нөгөө эх орныхоо хувь заяаг тээж явсан хутагт хоёрын нөхөрлөл Монголын тусгаар тогтнолд их хувь нэмэр оруулжээ хэмээн бахархахын зэрэгцээ гурван үеэрээ Монголыг зүрхэндээ тээж ирсэн Латтиморынхон хэмээх энэхүү гэр бүлийн түүхийг уншигч танаа товч атугай хуваалцсан нь энэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 94 (7836)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn