П.ЛХАГВА

Өнгөрсөн амралтын өдрөөр монголчууд “Монголоо дуулж, монголоороо түрсээр” нэгэн үдшийг дуутай хууртай өнгөрөөсөн нь Гавьяат жүжигчин Л.Болдбаатарын “Монголоо дуулна” тоглолт байлаа. Ард түмний сэтгэлд хоногшиж, аманд аялагдсан олон ч хит дуутай уран бүтээлч юм. Тиймдээ ч үзсэн нь уярч, үзээгүй нь битүүхэн харамсал тээж, одоо хэр нь тоглолтын уур амьсгал намжаагүй л байна. 
Хамтдаа дуулж, уухайлж, сэтгэлийн утсаа нэг хөвчинд хөглөсөөр мэлмэрэхийн наагуур уран бүтээлчийн 25 жилийн хөдөлмөр, хайр хүндлэл, цугласан олны дурсамжтай хөвөрлөө. Сайхан ч тоглолт боллоо. Төв цэнгэлдэхийг дүүргэж, өмнөх тоглолтуудын рекордыг эвдлээ ч гэх мэдээ дуулдана. Арга ч үгүй биз. “GenZ” тодотголтой залуу үеийнхэн жил тойрны өмнөөс уриалан түрсээр тоглолтын товыг гаргуулсан. Өөрөөр хэлбэл, үзэгчдийн хүсэлтээр гэхэд хилсдэхгүй байх. 
Ямартай ч зохиолын дуу сонсдог гэж хэлэхээсээ ичдэг, эмээдэг үе ард хоцорсон нь сайшаалтай. Хот хөдөө, хөгшин залуу, эр эм гэж биесээ ялгаварлалгүй хэн хэндээ хүндэтгэлтэй байх нь соёлын нэг илэрхийлэл юм даа. 
Өмнө нь Төв цэнгэлдэхийг үе үеийн үнэнч сонсогчдоороо дүүргэж байсан зохиолын дуучин гэвэл Ардын жүжигчин С.Жавхлан. “Нийтийн дууны ханхүү” хэмээгддэг байсан тэрээр одоогоос гурван жилийн өмнө “Дулаахан намар” тоглолтоороо мөн л монголчуудыг нэгэн уухайн дор нэгтгэж чадсан юм. 
Сонирхолтой нь тэд хоёул “Увс”-ынх. Увсын цэнхэр хязгаарын уул усандаа байна уу. Удам дамжсан авьяас, уйгагүй их хөдөлмөр, урд хойчийн заяанд байна уу. Монгол түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн сайхан дуучид тэр нутгаас олон төржээ. Тиймдээ ч цэнгэлдэхийг дүүргэх дараагийн зохиолын дуучин хэн байх вэ гэх таамгийн эзэн битүү морь шиг одоохондоо чимээ алга. Урлагийн алтан тайзнаас адис хүртсэн хэн бүхний л хүсэл энэ байх. Гэхдээ Л.Болдбаатарын тоглолт дээр “Хүмүүний нэгэн урсгал” дуугаараа дугараа өргөсөн Увсын Тэсийн хүү, Гавьяат жүжигчин Л.Банзрагч л арал чансаагаараа байх болов уу гэсэн мэр сэр яриа сошиал орчинд харагдана. 
Намар намартаа найрын дуу эгшиглэсэн жил жилийн намар өөр өөр өнгө аяс, өнгө төрхтэйгөөр ээлжлэн, эргэсээр ... 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn