П.ЛХАГВАЖАРГАЛ

39 дэх удаагийн “Үндэсний номын баяр” энэ амралтын өдрөөр болох гэж байна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Залуус” буландаа “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн титмийн эзэн Б.Энхтуулыг онцолж ярилцлаа. Тэрээр манай уншигчдад ямар ном зөвлөснийг хүргэе. 

 

Хамгийн сүүлд уншсан ном 

Монголын уран зохиолд гүн ухааны өнгө аясаараа онцгой байр суурь эзэлдэг Л.Түдэвийн “Оройгүй сүм” романыг уншсан. Энэхүү романыг хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэл, түүний цаана орших үнэн, худлын тухай маш нарийн, байдлаар хөндсөн бүтээл гэж боддог. Ер нь уран зохиолын хамгийн гайхамшигтай чанар нь үйл явдлаар дамжуулан уншигчдад ухаарал өгдөгт байдаг болов уу. “Оройгүй сүм” романы хувьд ч мөн адил уншаад өнгөрөх бус, өөрийн амьдрал, сонголт, итгэл үнэмшлээ эргэн харахад хүргэсэн онцгой бүтээл байна лээ.  Тиймээс ийм төрлийн уран зохиол унших бүрд хүний дотоод ертөнц тэлж, амьдралд хандах хандлага илүү төлөвшдөг нь уран зохиолын хамгийн том үнэ цэнэ юм болов уу.

 

Зохиолын юуг чухалчилдаг вэ 

 

Хүүхэд байхдаа тухайн номын өнгө дүрс, bestseller мөн үү эсэхийг нь дүгнэж, сонгодог байжээ. Харин  одоо тухайн бүтээлийн утга агуулга, өгүүлэх гэж буй гол санаанд анхаардаг болсон байна. Нэг ёсондоо зүгээр нэг сонирхолтой үйл явдалтай байхаас илүү, уншсаны дараа бодолд ямар нэг зүйл үлдээж чадах эсэх нь илүү чухал юм шиг санагдах болсон. 
Тэгэхээр уншсан ном маань хүнд ямар мэдрэмж төрүүлэх вэ, юу бодогдох вэ гэдэгт анхаарснаар дараа нь бодолд үлдэж, амьдралд өгөөжөө өгдөг юм болов уу. 

 

Унших цаг хэрхэн гаргадаг вэ

 

Өдөр тутмын завгүй амьдралын урсгалаас шалтгаалж ном уншихад тусгайлан цаг гаргах боломж тэр бүр байдаггүй. Гэхдээ өдөр тутмын хуваарь дундаасаа багахан ч гэсэн цаг гаргахыг хичээдэг. Жишээ нь оройн цагаар, эсхүл ажлын дараа тайван үедээ унших нь илүү тохиромжтой санагддаг. Тэр үед анхаарал сарних зүйл багасаж, номдоо төвлөрөх боломж илүү байдаг юм уу даа.
Мөн амралтын өдрүүдэд илүү тайван унших боломж гардаг. Нөгөө талаасаа заавал урт хугацаа гаргахгүй байсан ч богино хугацааг зөв ашиглах нь чухал гэж боддог.

 

Залуус уншсан номынхоо тухай ярилцдаг уу

Сүүлийн үед хүмүүсийн ном унших сонирхол нэмэгдэж байгаа ч уншсан номоо бусадтай гүнзгий ярилцах, санал бодлоо солилцох соёл харьцангуй буурсан гэж ажиглагдаж байгаа. Ихэвчлэн номоо өөрөө уншаад өнгөрөх хандлагатай байдаг. Харин зарим залуус номын клуб, онлайн групп, эсхүл сошиал орчинд уншсан номынхоо тухай сэтгэгдэл, гол санаа, авсан сургамжаа хуваалцаж, харилцан ярилцдаг.
Ер нь номын талаар ярилцах нь зөвхөн ойлголтоо гүнзгийрүүлэхээс гадна бусдын санаа бодлыг сонсож, нэг номоос олон утга санаа гаргах боломж олгодог. Тиймээс энэ соёлыг цаашид илүү түгээх хэрэгцээ байгаа гэж хэлж болно.

 

Орчуулгын болон эх хэл дээр бичигдсэн номын тухайд

Ном бүр өөрийн онцлогтой шиг уншигч бүрийн сонирхол ч өөр өөр байдаг болов уу. Би зарим үед өөрийгөө хөгжүүлэх, сэтгэл зүйн ном уншдаг бол заримдаа бодит түүх, намтар уншиж урам зориг авдаг. Мөн сэтгэлээ амрааж, өөр ертөнцөд орж байгаа мэт мэдрэмж авахыг хүссэн үедээ уран зохиолын номыг илүү сонгон уншдаг.
Орчуулгын номын хувьд дэлхийн шилдэг бүтээлүүдтэй танилцах боломж олгодог ч утга, өнгө аяс нь заримдаа орчуулгын чанараас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөх талтай байдаг. 
Харин эх хэл дээр бичигдсэн ном нь тухайн санаа, мэдрэмжийг илүү шууд, ойлгомжтой байдлаар хүлээн авах боломжийг олгодог бөгөөд уншигчидтай илүү ойр, илүү гүн мэдрэмж төрүүлдэг. Ерөнхийдөө аль аль нь үнэ цэнтэй бөгөөд хамгийн чухал нь номын агуулга, өгч буй санааг зөв ойлгож, өөртөө хэрэгжүүлэх нь зөв гэж хардаг.

 

Манай уншигчдад ямар ном зөвлөх вэ 

Би энэ удаагийн номын баяраар өмнө нь уншиж амжаагүй, эсвэл шинээр хэвлэгдэж гарч буй сонирхолтой бүтээлүүдтэй танилцахыг сэтгэл догдлон хүлээж байна. Энэхүү сониныг уншиж буй уншигчдад өмнө дурдсан “Оройгүй сүм” романаас гадна “Atomic Habits” номыг санал болгож байна. Энэ ном нь жижиг өөрчлөлтүүд  ч гэсэн урт хугацаанд хэрхэн том үр дүн авчирдгийг маш ойлгомжтой тайлбарладаг тул өөрийгөө хөгжүүлж, сайжруулахыг хүсдэг хүн бүрд таалагдах болох болов уу гэж бодож байна. Гэхдээ ном сонгохдоо “Ямар зүйл мэдэхийг хүсэж байна, эсвэл ямар мэдрэмж авахыг хүсэж байна” гэдгээс эхэлбэл хамгийн мэргэн сонголт болох болов уу. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 91 (7833)