Х.ХАТАН
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Би номынхоо тухай” буландаа “Сэдрэмж” номын зохиолч Ядамсүрэнгийн Одгэрэлийг онцолж байна.
Я.Одгэрэл Говь-Алтай аймагт төрж, 10 жилийн 1-р дунд сургуулиа дүүргэж, КУДС-ийг сэтгүүлч мэргэжлээр, Глобал удирдагч их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн магистрант. Одоо Говь-Алтай аймгийн Номын сангийн захирлаар ажиллаж байна.
МЗЭ-ийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Я.Одгэрэл анхны яруу найргийн номоо 2008 онд “Өөр ертөнцийн залууд” нэртэй хэвлүүлсэн бол 2009 онд “Цэнхэр уруул” богино өгүүллэгийн ном, 2011 онд “Сэтгэл чи номхрооч” яруу найргийн ном гаргажээ. Энэ удаад тэрээр “Сэдрэмж” яруу найргийн түүврээ өргөн барьж байна.
Яруу найрагч Я.Одгэрэлийн дөрөв дэх ном “Сэдрэмж”-ийнхээ тухайд “Сэтгэлийг удирдаж чаддаг хэмээлцэх хайр догдлол гэгчээс илүү хүчтэй нэгэн зүйлийг би олж мэдэрч хүртэж сэтгэл гэгч эрхтэнээ цочроож сэдрээв.
Шуурга. Шуурганд би дуртай. Амьдралын шуурга. Анхны номоо гаргаснаас хойш арван найман жилийн дараа ийм нэг жижигхээн шүлгийн түүвэр хэвлүүлж байна. Нартай өдөр мартагдаж, бүрхэг өдөр тодордог миний өнөөх сэтгэлийн хэм хэмжил минь шуурга дагасаар шуурганд дуртай болсон болохоор байнга шуурдаг энэ сууринд шуурган дор амьдрахаар ирсэн ч байж мэднэ. Амьд гэдгээ мэдэрч шуурга сөрөн алхаж, шуурганд туугдан гүйж, шуурганы чимээнд автсаар хүн аяндаа өөрийнхөөрөө өөрийнхөө өмнө ирдэг юм билээ.
Хойноосоо даялаад л шуурах нь дээ гэх бодолтой зэрэгцээд миний сэдрэмж сэдэрнэ. Шуурга. Тийм ээ, хамгийн үнэн, хамгийн аюултай, хамгийн их зүдгүүртэй, бас хамгийн их нуувчтай, хамаг сэтгэлийг онгичоод хаячихдаг шуурга гэгчид би дуртай. Хөлдөж мөстсөн сэтгэлээ өндрийн хөх салхиар үргээлгэн гэсгээчхээд амьдралын дараагийн тойрогтоо сэдрэмж эрэлхийлэн шуурга өдөж зогсном.
Шуурганы дараа үйрсэн олныг эвлүүлэх гээд суух нь амьдрал юм. Тийм ээ, шуургатай амьдрал дундуурх нартай өдрүүдийг илүү тунгалгаар мэдрэх гэж шуурган дунд зогсном би.
Эмзэглэл гунигийн дунд хүн болно. Салхи шуурган дунд сэдрэмж амилна. Бусдынхаас өөр, зөвхөн миний л эмзэглэл, шаналал, гуниг, сэдрэмж...” гэсэн юм.
Номын редактор зохиолч, сэтгүүлч, судлаач СГЗ Урианхан Б.Галаарид багш нь өмнөх үгэндээ “Цаг хугацаа л урсан өнгөрсөн болохоос түүний өвөрмөц сэтгэлгээ нь өөрчлөгдөөгүй хэвээр аж. “Түүний шүлэг, богино өгүүллэгүүдийн аль нь ч гэсэн өвөрмөц хурц санаагаараа анхаарал татдаг. Хэлбэр нь ч этгээд, стандарт бус... Хүний сэтгэлгээ гэдэг алганы хээ шиг өөр өөр байдаг хойно түүний өөр өнцгөөс орчлон, оршихуй, амьдралыг харж бичсэн шүлгүүдийг нь таашаах уншигч олон буй гэж бичсэнээ одоо ч давтан хэлмээр байна. Гэхдээ өөрчлөлт бас байна аа. Хайр анхны түүвэрт нь, Сэтгэл дараагийн шүлгийн түүвэрт нь гол сэдэв байсан бол энэ удаад Сэдрэмж үндсэн сэдэв болсон байна.
Сэдрэмж... Энэ үгийн утгыг тайлбар толиос хайгаад нэмэргүй. Яагаад гэвэл тийм үг монгол хэлний үгийн санд байхгүй. Гэхдээ мэдрэхийг Мэдрэмж гэж нэрлэж болоод байхад сэдрэхийг яагаад Сэдрэмж гэж хэлж болохгүй гэж?
Ийн бодоод, бодсоноо хэрэгжүүлж чадах цөөхөн хүний нэг бол Я.Одгэрэл мөн.
Харин ингэж бодох сэдлийг түүний төрж өссөн, өдгөө ажиллаж амьдарч буй Алтай нутаг нь, бүр нарийвчилбал тэнд он удаан амьдарсан хүн л гүйцэд мэдэрч чадах Алтайн омголон хөх (заримдаа шар, улаан, өнгө бүрийн) шуурга өгсөн нь энэ номноос тод мэдрэгдэнэ.
Алтайн шуурга амьдралын шуургыг тэсч давах хат суулгадаг. Салхи биш, шуурга шүү!!! Шуурга сөрж, шуургыг өдөж, бас тэсэн давж, шуурганаар сэдэрч, мэдэрч чаддаг шүлэгчийн бүтээлтэй танилцагтун!” хэмээн онцолсон юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 92 (7834)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn