Ч.БЯМБАА
Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвөөс "Бизнес дэх Хүний эрх ба Байгаль орчны асуудал сэтгүүлчдийн нүдээр” уулзалтыг зохион байгууллаа.
Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын хувьд Бизнес дэх хүний эрх болон байгаль орчны асуудлаар сурвалжилж, хэвлэн нийтлэх нь хөгжиж буй асуудал бөгөөд Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид” төслийн хүрээнд Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвтэй энэ чиглэлээр хамтран ажиллаж байна. Уг уулзалтаар бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн хүний эрх болон байгаль орчинд үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөллийн талаар хэлэлцэж, хариуцлагатай бизнесийг дэмжихэд хэвлэл мэдээллийн оролцоо, хувь нэмэр ямар байхыг хэлэлцлээ.
Европын Холбооны Tайланд улс дахь Tөлөөлөгчийн газрын атташе Mатиеэ Дорник, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бүсийн менежер Белинда Хлатшваёо нар хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Харин Залуус, хэвлэл мэдээллийг чадавхжуулах сургалт, үйл ажиллагааны үр дүн, үйл явцын талаар Монголын Баримт шалгах төвийн гүйцэтгэх захирал Э.Батцэцэг танилцуулсан юм.
Энэ үеэр “Бизнес дэх Хүний эрх ба Байгаль орчны асуудлаар сурвалжлах нь” танхимын сургалтын оролцогчдоос “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ч.Бямбахажид, ОТИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн оюутан Г.Мишээл, С.Оюун-Эрдэнэ, Завхан сонин, Монцамэ агентлагийн Завхан аймаг дахь сэтгүүлч Б.Мягмарсүрэн нар хэвлэн, нийтэлсэн бүтээлүүдээсээ танилцууллаа.
“Зууны мэдээ” сонин иргэдийн мэдэх эрхийг хангах үүргийнхээ дагуу Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлээ 14 хоногт нэг удаа тогтмол давтамжтай нийтэлж ирсээр гурав дахь жилтэйгээ золгож байгаа юм. Тэгвэл 2025 оны сүүлийн хагас жилийн Нийтийн эрх ашгийн төлөөх шилдэг бүтээлээр “Судалгаагүйгээс бодлогогүй, бодлогогүйгээс шийдэлгүй орхигдсон сургуулийн орчин дахь хяналтгүй хүнс” нийтлэл шалгарсан.

Энэ талаар "Зууны мэдээ" сонины сэтгүүлч Ч.Бямбахажид “Бизнес дэх хүний эрх ба байгаль орчны асуудлаар сурвалжлах нь” сургалтад хамрагдаж, энэ хөтөлбөрийн хүрээнд “Судалгаагүйгээс бодлогогүй, бодлогогүйгээс шийдэлгүй орхигдсон сургуулийн орчин дахь хяналтгүй хүнс” нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлээ хүргэсэн.
Энэ нийтлэлээрээ сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй өсөлт хөгжилт, цаашлаад сурч боловсрох эрхэнд нь халдаж буйг бодит кейс, судалгаа, баримтууд болон эх сурвалжийн мэдээллүүдээр гаргасан. Судалгаагүйгээс бодлогогүй, бодлогогүйгээс шийдэлгүй орхигдсон сэдэв бол сурагчдын сургуулийн орчин дахь хооллолт гэдгийг энэ нийтлэлээрээ олон нийтийн анхааралд хүргэж чадсан” гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд бизнес дэх хүний эрх ба байгаль орчны түгээмэл асуудал, тэдгээрийг сэтгүүлчид хэрхэн сурвалжилж, олон нийтэд таниулах, хариуцлагатай бизнесийг хөхиүлэн дэмжихэд хувь нэмэр оруулж байгаа талаар гаднын зочид, төлөөлөгчид танилцаж, тодорхой ойлголттой болсныг зохион байгуулагчид дүгнэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 92 (7834)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn