П.АМГАЛАН


Сэргээгдэх эрчим хүчний Жүнжинь датагийн Улаанцав дахь бааз нь БНХАУ-ын томоохон хот, муж, төр, хувийн хэвшлийн дата мэдээллийг хадгалж, дахин ашиглуулах нөөц бааз суурь бөгөөд мэдээллийг аюулгүй, стандартын дагуу хөргүүртэй байгууламжид хадгалахдаа сэргээгдэх эрчим хүчээр дата серверийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах цогцолбор юм. Улаанцав дахь энэхүү дата бааз нь 2021 оноос эхлэн төлөвлөж, 2025 онд ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлжээ. Тус төсөл нь нийт 30 гаруй га талбайг хамарч, нийт 91 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийгдээд байна. Үүний үр дүнд  450 мянган м.кв бүхий барилга байгууламж барьж ашиглалтад оруулсан. Мөн тус төв нь өнөөдрийн байдлаар 338 мянган кВт эрчим хүчийг хэрэглэж байна. Цаашид 720 мянган кВт хүртэл эрчим хүчний хэрэглээтэй бааз болохоор төлөвлөж, барилга байгууламж, серверийн төвөө өргөтгөн барьж байгаа юм байна. 
Тус дата төвийн жилийн хэрэглээ 2.19 тэрбум кВт·ц-т хүрэх бөгөөд 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээгээ хангах юм байна. Энэхүү дата төв нь БНХАУ-ын төр болон бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн дата мэдээлэл хадгалах 12 серверийн танхим байгуулж, 25 мянган компьютерийн  тавиур байршуулжээ.
Энэхүү дата төвийн эрчим хүчний хэрэглээг хангах сэргээгдэх эрчим хүчний төсөл нь 2024 оны аравдугаар сараас 2025 оны есдүгээр сарын хооронд хийгджээ. 
Жүнжинь датагийн Улаанцав дахь баазийн сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтад  1.63 тэрбум юанийг өнөөдрийн байдлаар зарцуулаад байна. 200 мянган кВт, цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий салхин сэнсний   26 ширхэг турбин байгууламж, Нарны эрчим хүчний 100 мянган кВт эрчим хүч үйлдвэрлэх станц зэргийг 30 орчим га талбайд байрлуулж, ашиглалтад оруулжээ. Нарны эрчим хүчний станц дээр нэг талын давхар бүрхүүлтэй N төрлийн 710Wp нарны хавтанг ашигладаг байна. Жүнжинь дата төв н  220 кВ-ын дэд станцыг 2025 оны зургаадугаар сарын 19-нд ашиглалтад оруулжээ. 
Үйл ажиллагааны үр дүнгийн хувьд төсөл бүрэн хүчин чадлаараа сүлжээнд холбогдсоны дараа жил бүр 854 сая кВт цахилгаан үйлдвэрлэх бөгөөд шинэ эрчим хүчний суурилуулалтын ашиглалтын түвшин нь 96.8 хувиас дээш байхаар төлөвлөсөн гэнэ. Төслийн ногоон цахилгаан хэрэглээний орлого 40 хувьд хүрч, нийт нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 480 мянган тонн бууруулах боломжтой гэж компанийн удирдлага танилцууллаа.
Эх сурвалж:www. zms.mn